
Коронавирусийн халдварын шинэ тохиолдол буурсан үзүүлэлттэй байгаа ч нас баралт тогтмол бүртгэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногийн ажлын тайлангаа дүгнэсэн. Мөн Ардчилсан нам өлсгөлөнгөө зогсоож, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан билээ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлын тоймыг хүргэе.
Л.Оюун-Эрдэнэ: ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХЭД СААД БОЛСОН ХҮН БОЛ УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногийн ажлын тайлангаа дүгнэж, үндсэн чиглэлд тавьсан зорилтын биелэлтийг товч танилцуулсан. Энэ үеэр иргэд Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан, сэтгүүлчид шууд асуулт асууж, хариулт авсан юм.
Үүний нэг нь "Спутник-V" вакцинтай холбоотой бөгөөд "Спутник-V" вакциныг авчирч чадах уу, үгүй юу? Мөн УИХ-ын гишүүд вакцин оруулж ирэхэд саад болсон дараа нэрийг нь тодорхой хэлнэ гэж байсан. Одоо нэрийг нь хэлээч... гэсэн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Спутник вацинтай холбоотой татан авалт хийх гэж ОХУ-ын элчин сайдтай, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд н.Даваатай миний бие биечилж аль алинтай нь гуран удаагийн уулзалтыг хийсэн. н.Даваа элчин сайдтай утсаар ярьсан. Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй бас утсаар ярьсан. Дэмжлэг хүссэн. Энэ биднээс хамаарах зүйл биш. Шаарлагатай бүх л чиглэлээр хөөцөлдөж байгаа. Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Мэдээж үүн дээр асуудлыг хурцатгаад яах вэ гэж бодож тухайн үед дуугай л явсан. Үүн дээр нилээд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан гэв.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ц.АНАНДБАЗАР ҮНЭХЭЭР ГЭМ БУРУУГҮЙ БОЛ ТҮДГЭЛЗЭЭД ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: "Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нилээд газар авч байна. Парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Нийгэмд гарч ирсэн бүхэнд парламентын гишүүн огцорно гэдэг өөрөө амаргүй асуудал. Гэхдээ миний хувьд Ерөнхий сайдын байр суурь гэж асуусан учраас энэ хүн үнэхээр гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Тэгээд тэрийгээ нотолчихоод буцаад ороод ирэх нь ёс зүйд хамгийн зөв нийцнэ. Энийг би хариуцлага тооцох боломжтой субъектүүдэд нь өөрийн саналаа хэлсэн байгаа.
Би Ерөнхий сайдын хувьд Жендерийн үндэсний хорооны дарга. Ер нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал дээр нэлээдгүй анхаарал хандуулна. Энэ асуудлыг би гуравдугаар сарын 8-нд УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзахдаа ч, эмэгтэй сайд нартай уулзахдаа ч илэрхийлсэн. Энэ асуудал хэт хавтгай болчихсон байгаа мэдээллийг би авсан. Ёс зүйг хуульчилж болдоггүй гэдэг ч хуульчилсан орон байна. Жишээ нь Сингапур. Тийм болохоор тодорхой хэмжээний журмуудтай холбоотой асуудлыг цаашид хуульчлах тал дээр санал тавина" гэв.
АРДЧИЛСАН НАМЫН ТАМГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЭНЭ САРЫН 17-НЫ ӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ
Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талуудын гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан шүүх хурал давхацсан тул уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт товлож шийдвэрлэв.
МАН, АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАЖ АЖИЛДАА ОРЛОО
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа. Ингэснээр АН өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.ОЮУНГЭРЭЛ АРДЧИЛСАН НАМААС ГАРЧ, ШИНЭ НАМ БАЙГУУЛЛАА
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Миний бие Ц.Оюунгэрэл нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна. Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна" гэж бичжээ.
Үүний дараа тэрбээр "Иргэний оролцооны нэгдэл" намыг байгуулж байгаагаа зарласан.
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН 93.9 ХУВЬ НЬ I ТУНДАА ХАМРАГДЛАА
2021.05.12-нд нийслэлийн хэмжээнд I тунд 3709, II тунд 1868, нийт 5577 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.9 хувь буюу 895.137 нь I тунд, 51.6 хувь буюу 491.877 нь II тунд хамрагдаад байна.
Ц.АНАНДБАЗАРЫГ МАН-ЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Иргэн Б.Сүндэръяа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарыг халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн уг хэргийг шалгуулах хүсэлтээ дөрөдүгээр сарын 14-ний өдөр ЦЕГ-т гаргасан. Улмаар цахим орчинд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, заналхийлэлд өртдөг байсан мэдээллүүд цацагдаж эхэлсэн.
Тэгвэл олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй холбогдуулан МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэн, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ 08:00 ЦАГТ ЭХЭЛЖ, 17:00 ЦАГТ ТАРНА
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.
Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.
Х.НЯМБААТАР: Б.БААСАНЦОГТИЙН ЛИФТНИЙ БИЧЛЭГИЙГ ХУВИЙН ХАРИЛЦААТАЙ БАЙСАН ТЭР ХҮҮХЭН НЬ ӨӨРӨӨ Л ЦАЦСАН
Тавдугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдаж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Н.Алтанхуяг: Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй
Хоёр хоногийн өмнө өргөн барьсан хуулийг өнөөдөр шууд хэлэлцэж байна. Гишүүдэд хуулиа судлах боломж олгооч. Камерын асуудлыг дэмжиж байна. Одоо байгаа 6000 гаруй камерын тал нь ажиллахгүй байна. Хамгийн шаардлагатай газартаа түрүүлж тавих нь хэрэгтэй.
Х.Нямбаатар сайдын үед олон юм үзэж байна. Орцны бичлэг тараахыг харлаа. Цагдаа энгэртээ аппарат зүүж бичлэг хийдэг. Энэ хэдэн он бэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хуулийн төслийг Засгийн газар өргөн барих гэж байгаа гэнэ. Тэр хуулиа эхлээд хэлэлцэх хэрэгтэй.
Х.Нямбаатар: Б.Баасанцогтийн лифтний бичлэгийг хувийн харилцаатай байсан тэр хүүхэн нь өөрөө л цацсан
- Цахимын 4 хууль удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ нь хувь хүний мэдээллийг хамгаалах, нийтийн мэдээллийн тухай, кибер аюулгүй байдлын тухай, тоон гарын үсгийн тухай хуулиудыг ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барина. Б.Баасанцогтийн лифтний бичлэгийг хувийн харилцаатай байсан тэр хүүхэн нь өөрөө л гар утсан дээрээ хуулж аваад олон нийтэд цацсан юм билээ. Цагдаатай хамаагүй. Энэ асуудлыг харин хуулиар хязгаарлаж хаана камер байрлуулах,хаана камер байрлуулах ёсгүй вэ, бичлэгийг ил болговол эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг маш тодорхой болгож өгье гэж байна.
Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОДАРЖАА НАР БАТЛАН ДААЛТАД ГАРЛАА
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, Ц.Амгаланбаатар нь өөр хэрэгт хорих ял шийтгүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгааг дурдлаа.
С.Тайшир
Оллоо.мн