
Э.Бат-Үүл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдэгдэлд тайлбар хийлээ.
Э.Бат-Үүл: Би тайлбар хийх гэж ирээгүй, мэдэгдэл хийх гэж ирсэн. 2019 оны дөрөвдүгээр сард миний бие Хууль зүйн сайдын нэр дээр "олон жил намайг С.Зоригийн хэрэгт холбогдуулан зохион байгуулалттайгаар гүтгэж ирсэн, санаатайгаар холбогдуулж байгаа цаад эздийг олж үнэн мөнийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлтийг тавьсан.
Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авируудыг хараад байх тусам хүсэлтээ буруу хүнд хаягласан байна гэсэн сэтгэл төрөх боллоо. Тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. Нэн ялангуяа Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй маягтай санаа бүхий зүйлүүдийг энэ хэргийг хянан шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьж байсныг үндэслэлтэй юм болов уу гэж бодож байна.Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой юм биш үү гэсэн бодол төрж байна. Надад ингэж үзэх гурван үндэслэл байна.
- Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Өнөөдөр энэ хүн хуулийг уландаа гишгэж байна.
- Ц.Нямдоржийн ярьж хэлж байгаа нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг, ямар ч логикгүй зүйл ярьж байна. Айл гэр шатааж хүний амь насанд хүрсэн алуурчны үгийг өлгөж авчраад үг хийж байна.
- Энэ үйл ажиллагаагаа би хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ш**ж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байгаагүй. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн, эрүүдэн шүүх аргыг хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд ашиглахыг санаачилж байсан. Ц.Нямдорж үнэхээр хэргийн захиалагч байж магадгүй гэсэн миний хардлага үнэн байвал энэ хэрэг гадны захиалгатай. Ц.Нямдорж гадны тусгай албатай холбоотой байсан тухай манай тагнуулын байгууллагын тухайн үеийн хариуцлагатай хүмүүс мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр яллагдсан. Энэ хэргийг нууцын зэргээс гаргавал би олон зүйл хэлмээр байна.
Оллоо.мн