Хосе Луис Гарайоа: Эболатай адилтгах аймшигтай өвчин энд байхгүй

Испанийн 62 настай иргэн Хосе Луис Гарайоа Сьерра-Леонд арав гаруй жилийн турш сүмд номлогч хийж, бусдад үйлчилж байгаа нэгэн. Түүний хамтран зүтгэгч, нутаг нэгтэн Мигель Пахарес, Мануэль Гарсия Виехо нар дэлхий нийтийг түгшээгээд байгаа аймшигт Эбола тахал тусч, нутагтаа хүргэгдэж ирээд нас барсан билээ. Тэднийг эмчилж байсан нэгэн сувилагч бүсгүй хэдхэн хоногийн өмнө Эболагийн халдвар авсан нь илэрч, энэ тахал Испани орныг сандралд оруулж байна. Үүний дараа Сьерра-Леонд Пахарес, Виехо нартай хамтран ажиллаж байсан испани иргэдийг эх оронд нь буцааж авчирч болохгүй гэсэн санаа бодол давамгайлж, улмаар томоохон маргаан дэгдээд байгаа юм. Сьерра-Леон дахь номлогч Хосе Луис Гарайоа “АВС”-д санаа бодлоо хуваалцаж байна. Тэрээр Африк тивд гурван мянга гаруй хүний аминд хүрээд байгаа аймшигт тахлын гэрч болсон хүн.

-Эбола тахал таны Сьерра-Леон дахь амьд­ралыг өөрчилсөн биз?

-Эбола нь төрсөн өдрийн баярт ирсэн гэнэтийн зочин. Түүнтэй адилтгах өөр өвчин энд байхгүй. Хумхаа, холер, хоол тэжээлийн дутагдал, сүрьеэгээс ч аймшигтай. Би хумхаа өвчний 21 дэгдэлтийг үзэж өнгөрүүлсэн. Энд арван хүүхдийн дөрөв нь таван нас хүрэлгүй хорвоог орхидог. Одоо Эбола Испанид ирчихээд байна. Ганц ялгаа нь гэвэл энэ л байна.

-Та халдвараас сэргийлэхийн тулд ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?

-Авалгүй яахав. Гэхдээ би хүмүүст надад битгий ойртоорой гэж хэлж чадахгүй. Ганцаараа тусгаарлагдаж байх юм бол төрөлх Памплонадаа очмоор байна. Би камиказе биш, амьдралд хайртай. Нөхцөл байдлыг зөвшөөрөхөөс өөр арга алга. Бүхий л амьдрал минь хүмүүсийг өөртөө ойртуулж, өөрийгөө тойруулж өнгөрлөө. Одоо үүнийгээ өөрчилж чадахгүй. Зүгээр л хүрч болохгүй зүйлдээ хүрэхгүй байхыг эрмэлзэж байна.

-Та Эболагаар халдварласан хүмүүст үйлчилж байна уу?

-Бид 21 өвчтөнд үйлчилсэн. Одоо бидэнд бусдаас тусгаарлагдсан хоёр гэр бүл байна. Бид тэдэнд хоол хүргэж, эмнэлэгт шалан дээр бөөлжүүлэхгүй байх арга хэмжээ авч, байр, өрөө олж өгч байна. Тэдний нэг нь их муу байсан. Түргэн тусламж дуудсан ч ирэхээс нь нэг өдрийн өмнө өнгөрчихсөн. Гэр бүл нь тэр шөнө цогцостой хамт хоносон байсан. Ийм нөхцөл байдлыг засч сайжруулахын тулд дэлхий нийт шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.

-Номлогч Пахарес, Виехо нарыг эх оронд нь авчрах хэрэггүй байсан, учир нь олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулсан гэж зарим хүмүүс ярьж байна. Та ямар бодолтой байна вэ?

-Харамсалтай. Мигель Пахаресийг эх оронд нь буцаахаас өмнө нь ч бэрхшээл байсан. Түүний хамтран зүтгэгчдийг тэнд орхиод, тэд нас барсан юм. Номлогч Кэтрин, Пасиенсиа нар цусаа өгөх гэж тэнд очсон. Үүний дараа Испани улс Пасиенсиаг эх орондоо буцаж ирэхийг хүсээгүй. Номлогчид бид улс оронд маргаан, шуугиан дэгдээхийг хүсэхгүй байна. Эбола биднийг аймшигтай хувиа хичээсэн амьтад болгож байна, энэ бол хамгийн аймаар. Тус тусдаа арал мэт амьдрах нь биднийг алж хөнөөнө. Хэн нэгэн рүүгээ тамын амьтан мэт бус, ах дүү мэт харах ёстой.

-Та Эбола тусахаас айж байна уу?

-Айж байна гэж үү? Айж байна, гэхдээ айдсаасаа болоод нэг өрөөнд түгжигдэж амьдармааргүй байна. “Таныг Испанид ирэхэд тантай гар барихыг хүсэхгүй хүн олон байх шүү” гэж үеэл минь хэлсэн. Гэхдээ миний хувьд намайг хайрлаж, хэзээ ч аюул түгшүүр гэж хардаггүй хүмүүс миний эрдэнэс юм.

-Та Эболагийн халдвар авчихвал Испанид аваачаасай гэж хүсч байна уу?

-Тийм ээ. Бух тулааны талбар дээрээ л төгсдөг. Би Осасуна (Испанийн Памплона хотын хөлбөмбөгийн баг), пачаран дарсанд хайртай. Хаана ч явсан Испаниараа бахархдаг. Тиймээс өөрийн хүмүүсийн хажууд үхэхийг хүснэ. Гэхдээ энэ нь улс оронд шуугиан дэгдээвэл намайг энд оршуулсан ч хамаа алга. Төрсөн газраа үхэхийг хэн хүсэхгүй байх билээ дээ. Пахарес, Виехо нарыг эх оронд нь буцаасанд буруу байхгүй. Харин энэ туршлагаасаа суралцах хэрэгтэй. Өрөвдөж, хайрлаж амьдрах хэрэгтэй.


Зууны мэдээ
Н.Мөнхжин



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.