С.Ганбаатар намаа сольж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Коронавирусийн халдварын тоо 1000-аас буухгүй, нас баралт өдөр бүр бүртгэгдэж нийт нас баралтын тоо 100 давлаа. Нийслэл Улаанбаатарт бүх л газар халдварын эх уурхай болж нийтэд тархсан учир халдвар хамгааллын дэглэмээ  сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг хүсье. Мөн та вакцины бүтэн тунд хамрагдсан ч хөнгөн өвчилж, халдварыг ойр дотныхоо хүмүүст тараах магалалтай учир амны хаалтыг тогтмол хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмээ сахина уу.

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦААГ СУНГАЛАА


Эрүүл мэндийн яам, УОК-ын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 105 тоот тогтоол гаргаж 2021 оны 04 дүгээр 25-ны өдрөөс дуусах байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дуусах хугацааг үргэлжлүүлэн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоногоор сунгасан. Хөл хориог үргэлжлүүлэн 12 хоногоор сунгах болсон шалтгаан нь Цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа, иргэдийн дунд Ковид19/коронавирус/-ын халдвараар өвчлөгчдийн нас баралт огцом нэмэгдсэн, вирусын мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна.

Энэ удаагийн 12 хоногийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалтыг хэрэгжүүлэхээр УОК-оос төлөвлөжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ УУЧЛАЛ ГУЙГААД Л ӨНГӨРӨХ ҮҮ?


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 18-нд  зам тээврийн ноцтой осол гаргаж, ГССҮТ-д хүргэгдсэн. Тодруулбал ХУД-ийн хоёрдугаар хороонд байрлах АПУ компанийн зүүн хойд уулзварт  6.-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан тина маркийн автомашин приус маркийн автомашиныг шүргэн замын хашлага давж явган хүний зам руу орон хашаа мөргөөд зогссон байна. Ослын улмаас автомашин шатаж Онцгой байдлын албан хаагчид ирж галыг унтраажээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өндөр хэмжээний согтолттой байсан бөгөөд хэрэг гарах үеийн камерын билэг нь олон нийтийн сүлжээнд тавигдаж байсан юм. 

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ. 

МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 77 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЛОО


БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан.  Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 77 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бригадийн генерал цолыг 10 хүнд, Хошууч генерал цолыг гурван хүнд хүртээлээ.

ТАВДУГААР САРЫН 1-НИЙ ДОТОР НДШ-ИЙГ НЭМСЭН ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХЫГ ШААРДЛАА


Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг МҮЭ-ийн холбоо шаардлаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: "Цар тахалтай холбоотой хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭ-ийн холбоо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийнхээ эрх ашгийг байнга хангах ёстой. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажилладаг. Эл жишгийн дагуу цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу хүргэж өгөөд ирлээ.

50-60%-ийн цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүд өнөөдөр их байгаа. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нөлөөлж байгааг хэлмээр байна" гэв.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУГАЦАА ЗААХГҮЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХ ТУХАЙ ЗАРЛИГИЙН ТӨСЛИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН УИХ-ЫН ТОГТООЛД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ ХЭМЭЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ


Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.29) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэж санал хураалт явуулахад чуулганы  нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 53 гишүүн буюу 74.6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Иймд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА


2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 53.6 хувь нь горимын саналыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно”, 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдгийг танилцууллаа. Ингээд энэ хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР МАХН-ААС ГАРЧ, АН-Д ЭЛСЛЭЭ


МАХН, МАН-тай нэгдэж буйгаа зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцохоор болсон. Уг мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар  “Би МАХН-д 2017.05.16-нд элссэн. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Тавантолгой, Оюутолгойг сандайлаад суусан МАН-тай нийлэх боломжгүй учраас аргагүй ийм шийдвэр гаргалаа" хэмээгээд МАХН-аас гарсан. Тэгвэл тун удалгүй АН-д элсэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өгсөн юм. 

С.АМАРСАЙХАН: ДАРХЛААЖУУЛАЛТАД БҮРЭН ХАМРАГДСАН БОЛОН ХАЛДВАР АВААД ЭДГЭСЭН ИРГЭД ХОТ ХООРОНД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИНО


Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УОК цахимаар хуралдаж коронавирусын халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ.

Г.ЗАНДАНШАТАР: УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН НЭР ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА


Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарыг халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн иргэн Б.Сүндэръяа  ЦЕГ-т шалгуулах хүсэлт гаргасан. Уг мэдээллийн дараа цахим орчинд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, заналхийлэлд өртдөг байсан мэдээллүүд цацагдаж эхэлсэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэх үүргийг тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өглөө. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзжээ.

С.Тайшир
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-05-01 07:40:43
    Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
  • зочин 2021-05-01 06:47:40
    генерал шиг хэрэггүй хог алга