''Нийтийн эзэмшлийн зам, талбайг тэлэх бодлого барьж байна''

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай хэлтэс сүүлийн үед ямар ажил хийж байна вэ. Энэ талаар товч танилцуулахгүй юу?

-Бид Их, бага тойруу дотор иргэдийг чөлөөтэй явах орон зайг нэмэх зорилготой ажиллаж байна. Учир нь хүмүүс чөлөөтэй нэвт гарах боломжгүй, хашаанд тулдаг асуудлыг цэгцлэх үүднээс эхний ээлжинд ИТХ-ын 24/17 гэсэн 2019 оны тогтоолын хашаа, хайс барих, буулгах, ашиглах журмыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн А/251 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжаар төвийн хэсгийн 10 блокийн 1730 хашаа, хайс байгааг бид газар дээр нь очоод судалгаагаар тогтоосон. 1730 хашаа, хайсыг ангилж авсан байгаа. Энэ удаагийн ажлын гол зорилго нь Улаанбаатар хотын төвийн хэсгийг хашаа, хайсгүй сул чөлөөтэй орон зайг нэмэгдүүлье. Ер нь нийтийн эзэмшлийн зам, талбайг тэлэх бодлого барьж байна. Газрын хувьд тухайн байгууллага, иргэний газар дээр хашаа, хайс барихгүй. Гэхдээ хашаа, хайс барихыг зөвшөөрсөн газрууд гэж бий.

-Тэгэхээр ямар газарт зөвшөөрнө гэсэн үг вэ?

-16 байгууллагын хашаа, хайсыг зөвшөөрсөн байгаа. Үүнд улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалттай, тусгай обьект. Гадаад улсын дипломат төлөөлөгч, консулын газрууд, сургууль, цэцэрлэг, ЕБС-ууд, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд, инженерийн дэд бүтцийн байгууллагууд, цэнгэлдэх хүрээлэн, амьтны хүрээлэн. Гадна авто цогцолбор болон техникийн зах, ил задгай захууд, бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламж, хамгаалалтын зурвас байна. Мөн цацраг идэвхт, химийн бодис гээд тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэлд ашиглах зориулалттай барилга байгууламж, энгийн болон аюултай хог хаягдлын цэгүүд, үйлдвэрлэлийн агуулахын зориулалттай эдэлбэр газар, цогцолборт барилга байгууламжууд, түүх соёлын өв, дурсгалт газар, хийд тэдгээрийн барилга байгууламжууд, амины орон сууцны гэр бүлийн хэрэгцээгээр өмчилж байгаа хашаанууд, төрөл бүрийн зориулалттай спортын талбайнууд, амралт, сувилал, хүүхдийн зуслангийн зориулалттай барилга байгууламжууд гэсэн 370 нэгж талбар хашаатай байхыг зөвшөөрсөн. Гэхдээ яг одоо байгаа хашаагаараа биш. Үүнд ИТХ, нийслэлийн Стандарт, хэмжилзүйн газраас хашаа, хайсны стандарт гэж баталсан байгаа.

-Хашаа, хайс ашиглах, буулгах журмын хэрэгжилт ямар байна вэ?

-Дүүрэг тус бүрээр зөрчил бүхий хашаа, хайсыг харвал таван дүүрэг хамрагдаж байгаа. Үүнд Баянгол дүүргийн 27 байршлын 1940 метр, Баянзүрх 431 байршлын 35910 метр, Сүхбаатар 627 байршлын 43602 метр, Хан-Уул 200 байршлын 18887 метр, Чингэлтэй 445 байршлын 15414 метр урт хашаа байх жишээтэй. Манайхаас гурван ээлжээр буулгая гэдэг төлөвлөгөө гаргасан. Нэгдүгээр ээлжинд Баянгол дүүргээс 11, хоёрдугаар ээлжинд дөрөв, гуравдугаар ээлжинд 12 гэх байдлаар гурван ээлж болгож хуваасан байгаа. Хуваасны дагуу нэгдүгээр ээлжин дэх буулгах газруудаас 346 байршил буюу 20 мянган метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт 10 байршлын 322 метр замыг чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор жолооч нараасаа нэг зүйлийг хүсэж уриалмаар байна. Жолооч та явганаар хөдөлгөөнд оролцож буй хүмүүстээ саад учруулахгүй, нийтийн эзэмшлийн явган зам дээр машин тавихгүй байж, хайртай бүхнээ хамгаалж цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе. Нийслэлийн зүгээс иргэдийн аюулгүй орчин, тав тухтай байх орчныг нэмэх үүднээс чөлөөтэй орон зайг бий болгохын төлөө ажиллаж байна.     

-Нийслэлд барилга нэмэгдэхийн хэрээр хүүхдийн тоглоомын талбай барих зай байдаггүй. Энэ асуудалд танайх ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Ер нь нийтийн эзэмшлийн зам, талбайг ИТХ-аар авч байгаа. Цаашид бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон нийтийн эзэмшлийн зам, талбайгаа байнгын байлгахаар авч байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн“Marta Green”-ий газрыг хүчингүй болгохоос гадна 22 байршлыг бусдын эзэмшилд олгохгүй, нийтийн эзэмшлийн зам, талбай гэдэг ангилалд авч байгаа.

-Шинээр барьж байгаа барилгын газрыг яаж олгож байгаа вэ?

-Нийслэлийн төвийн хэсэг ч юм уу, шинээр газар олголт хийгээгүй. Тухайлбал, “Marta Green” гэхэд 2019 онд олгосон байна. Үнэндээ ярьж байгаа хүмүүс маань мэдээллээ дутуу өгсөн. Дээр нь 2007 онд анхны захирамж нь, дээр үеийн обьектууд байдаг байсан. Өмч хувьчлалаар авсан байдаг. Тэр обьектуудаа буулгаад шинэ барилга барих гэтэл иргэдийн хэл амтай тулснаас болоод нэг талаараа энэ хүмүүс маань барилгаа барих боломжгүй, хүчингүй болох асуудал үүссэн.

-Богд уулыг дархан цаазтай газар гэдэг ч ар, өвөргүй барилга барьсан. Энэ газар олголтыг яагаад зөвшөөрсөн юм бэ?

-Энэ манайхаас зөвшөөрөлтэй биш. Одоо хүртэл зөвшөөрөлгүй байгаа. Яагаад гэвэл Богд уулын газрын зөвшөөрөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гардаг. Бид зөвхөн төлбөрийн асуудалд ажиллахаас бус тухайн эрх зүйн харилцаа яах, шилжих юм уу, үгүй юм уу эсвэл цуцлах уу гэдгийг бид мэдэхгүй. Ер нь Яармагийн замын урагшаа Нүхт рүү эргэдэг уулзвар тэр чигтээ мөн тус яаманд харьяалагддаг л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.