''QR'', ''Е-barimt'', ''COVID-19 ERSDEL''-д цугларсан хувийн мэдээллийг хэзээ устгах вэ

Монголчууд биометрик өгөгдлөө хэнд, ямар шаардлагаар өгч буйгаа мэдэж байх үүрэгтэй. Ядаж л хурууны хээгээ хувилуулахдаа хариуцлагатай хандаж байх ёстойг технологийн эрин үе алхам тутамд бидэнд сануулж байна. Иргэн л сэрэмжтэй байхгүй бол төр иргэний хувийг мэдээллийг хамгаалах хуулийн зохицуулалт хэтэрхий сул. Хувь хүн мэдээллээ өөрөө хамгаалах ёстой гэсэн 16 жилийн өмнөх хуулиас өөр хамгаалалт алга. Мэргэжлийн байгууллага, хуульчид Хувийн мэдээллийг хамгаалах хуулийг боловсруулж парламентад өргөн барьсан ч таван жил хойшилж байгаа. Төр иргэнийнхээ мэдээллийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй, хойшлуулсаар байх зуур бүхий л үйлчилгээ цахимжиж дууслаа. Технологи нэг талаасаа боломж дэвшил авчирч байгаа ч хувийн орон зайг эрсдэлд оруулж байгаа төдийгүй эрхзүйн зохицуулалтгүй, олон нийтийн мэдлэг ойлголт сул байгаа нь эргээд эмзэг цэг болж буй юм.

Манай улсад хувийн мэдээллийн хууль эрхзүйн орчин бүрхэг явж ирсний горыг цар тахалтай тэмцсэн нэг жилийн хугацаа хангалттай харууллаа. Халдварын тархалтыг хумихын тулд бусад улс оронтой адил технологийн шийдлийг ашиглахаас аргагүй. Гэвч иргэдийн бүхий л хувийн датаг цуглуулчихаад ямар ч хяналт, хамгаалалтгүй ашигласнаар нийгэмд ялгаварлан гадуурхалт бий болгож, хүний эрхийг давхар зөрчсөн үйлдлийг олон удаа гаргасан. Мөн халдвар авсан иргэний ойрын хавьтлыг илрүүлэх нэрийдлээр хагас жил шахам мөрдөн, мөшгих программ ашигласан ч эргээд зорилгоо биелүүлж, үр дүнтэй болсон эсэх нь эргэлзээтэй болж хувирав. Улс даяар иргэний хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас нэвтрүүлсэн ч QR кодны тусламжтайгаар халдварын хавьтлыг тодорхойлж тархалтыг хумьсан тохиолдол байхгүй гэдгийг саяхан ХӨСҮТ-ийн албаны хүн хэлсэн. Мөн ХӨСҮТ-өөс хавьтал болсон  буюу QR код уншуулсан иргэнд хавьтал болсныг мэдэгдэх функц ажиллаж чадаагүй. Судалгааг механик аргаар хийхэд болоод байсан ч тандалт хийх зорилгоор ашиглагдаагүй гэдгийг Мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн хэлж байгаа юм.

Цар тахалтай тэмцэх нэг арга зам нь технологийн шийдэл байж болох ч энэ нь эргээд төр хянаж, цагдах арга хэрэгсэл болчих вий. Цар тахлын үед хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд төр хүний эрхийг хангах номер нэг зорилт нь хувийн мэдээллийг хамгаалах юм. Гэтэл төрөөс иргэн хувийн мэдээллээ хамгаалах шаардлагатай байгааг олон улсын хүний эрхийн байгууллага, экспертүүд анхааруулсаар ирсэн. Үүний тод жишээ нь  2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын ашиглаж байгаа мэйл хаяг, нууц үгийг ЭМЯ-наас фэйсбүүкт нийтэлсэн. Энэ мэйл хаягт олон мянган иргэний хувийн мэдээллийг илгээж, солилцож байгаа гэж хэлж болно. Гэтэл төр ийм л хайхрамжгүй хандаж байгаа нь харамсалтай.

2021 оны хоёрдугаар сарын 5-ны мэдээллийн үеэр хоёр өдрийн дотор Батцоож гэдэг хүний мэйл хаягаар 7371 иргэний хувийн мэдээллийг олж авахыг НОК-оос зөвшөөрсөн албан бичиг ил болсон. Энэ нь аймгийн онцгой комиссууд иргэдийнхээ хувийн мэдээллийг хувь хүний мэйл хаяг руу явуулахыг зөвшөөрсөн хэрэг юм. Гэтэл тэр олон мянган хүний хувийн мэдээлэл эрсдэлд орох аюултай. 

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэний үнэмлэх дээр байгаа QR кодыг ашиглаад хөдөлгөөнийг хянаж бүртгэж байна. Мөн "Е-barimt" аппликэйшнаар ойрын болон дам хавьтлыг илрүүлэхээр болсон нь хөл хорио дууссан ч иргэнийг мөшгих ажиллагаа дуусаагүйгээр барахгүй албадлагын шинжтэй байв. Түүнчлэн царай төрхийн мэдээллийг цуглуулдаг “Ариутгагч хаалга” ашиглаж байгаа нь царайны өгөгдлийг цуглуулж авах магадлалтай.Энэ мэтээр иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа мөртлөө ямар нэг албан ёсны хүчин төгөлдөр захирамж шийдвэр гараагүй.

Цаашлаад бүртгэлийг хэн хянах, хэдүй хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь тодорхойгүйгээс гадна хэн хэрхэн хамгаалж, хэзээ устгах вэ гэдгийг ямар нэг хууль, журмаар зохицуулж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, QR, "Е-Barimt", "COVID-19 ERSDEL"-д цугларсан хувийн мэдээллийг хэдүй хүртэл ашиглах, хэн хамгаалах, устгах нь тодорхой бус байгаа юм. Гэтэл энэ оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар 154 мянга байгууллага байршил тогтоох буюу QR үүсгэж, иргэд 2.160.000 орчим удаа QR код уншуулсан мэдээлэл байна. Үүнээс хойш 2-3 сар орчим хугацаа өнгөрсөн гэхэд энэ тоо хэр өссөн нь тодорхой.

Хуулийн талаар хуульч, судлаач Л.Галбаатараас тодруулахад “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар хариуцахаар хуульчилсан шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний хуулиар нэмсэн. Өөрөөр хэлбэл, үүнээс өмнөх хугацаан дахь нь хүчингүй гэсэн үг. Мөн үйлчлэлийг зургадугаар сарын 30 хүртэл гэж заасан. Үүнээс хойш сунгах уу, өмнөх мэдээллүүдээ устгах уу зэргээр эргэлзээтэй зүйлс олон байна. Уг нь иргэн QR кодоо уншуулахгүй байх, аливаа байгууллага хүнд зайлшгүй шаардлагатай биш бол регистрийн дугаараа өгөхгүй байх, байршлын мэдээллээ унтраах шаардлагатай” гэлээ.

ХЭҮК-т арваннэгдүгээр сард хөл  хорио тогтоосноос хойш сарын хугацаанд 90 гаруй гомдол ирснээс хувийн мэдээлэлтэй холбоотой таван мэдээлэл иржээ. Хувийн мэдээллийг төрийн байгууллагууд маш их цацаж байгаа нь хүний нэр төр, бизнесийн байгууллагад халдсан талаар гомдол гаргасан. Хувийн мэдээллийг хамгаалах зөвлөмжийг УОК-т удаа дараа хүргүүлжээ. 

Экспертийн үг

ХЭҮК-ЫН ГИШҮҮН, ДОКТОР (PH.D) Г.НАРАНТУЯА: ХУВИЙН ОРОН ЗАЙГ ТӨРӨӨС ХАМГААЛАХ ШААРДЛАГА БИЙ БОЛЛОО

 

-Хувийн нууцыг хамгаалах асуудал онолын хувьд 18 дугаар зуунаас яригдаж эхэлсэн. Нийгмийн амьдралын зохицуулалт нарийн болохын хэрээр хувийн орон зайг төрийн оролцооноос хамгаалах шаардлага бий боллоо. Төрийн хяналттай институциуд өргөжих тусам хяналт ихэсч байна. Хүн бол хэн нэгэн өөрийг нь ажиглаж хянаж байгаа тохиолдолд зан үйл нь огт өөр, оюун санаа чөлөөтэй байж чаддаггүй.  Хорьдугаар зууны үед ажлын байр зэргээр нийгмийн амьдралын олон секторуудад хэрэгжүүлж байгаа нь оюун санааны эрх чөлөөгүй болгож байна. Эрх чөлөөний мөн чанарыг эвдэж байгааг судалгаанууд харуулж байна. Тэр дундаа цар тахлын үеэр хувийн мэдээллийг хэрхэн хамгаалж байгааг нь анхаарах зайлшгүй шаардлагатай. Яагаад хувийн орон зай, хувийн мэдээлэл байх ёстой юм бэ. Хүний ёсоор сэтгэх, бүтээлч байхын тулд хэн нэгний үзэл бодлоос хол өөрөөрөө байх орон зай чухал байдаг. Ялангуяа, төрийн бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа тохиолдолд чухал ач холбогдолтой. Иргэд төрд хяналт тавих хамгийн дээд хязгаар буюу ардчилсан нийгэмд хувийн орон зайтай байх,цаашлаад тухайн хүний хувийн мэдээллийг хамгаалах шаардлагатай. Ардчилсан төр оршин тогтнох, мөн чанараараа ажиллах асуудал ч үүнтэй холбоотой. Хувийн орон зай, эрх чөлөөтэй байна гэдэг хүн байх тухай асуудал юм. Дарангуйллын нэг хэлбэр нь хяналт юм. Нийгмийн ардчилсан орон зайд иргэний оролцоог байхгүй болгох эрсдэлтэй. Төр хувийн мэдээллийг хамгаалахад хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ талаар хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. E Mongolia гэх зэргээр төрийн үйлчилгээг хялбарчилж байгаа ч эргээд хувийн мэдээлллийг хамгаалах хөрөнгө оруулалт, хууль хэрэгтэй байна.

 

ХХМТГ-ЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ:  ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАХ, МЭДЭГДЭХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙХ  ЁСТОЙ

 

-Хувь хүний мэдээллийг цуглуулж, ашиглаж, дамжуулж байгаа нь хүний суурь эрхтэй холбоотой асуудал. Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэхэд хувийн мэдээллийг ашиглах технологийн шийдлүүдийг хэрэгжүүлж байна. Солонгост QR, Израйлд GPS системээр байршил тогтоож хянах, дулаан хэмжигч сканнер зэргээр эрсдлээс сэргийлж байна. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний нууцлал, өгөгдлийг хамгаалах нөгөө талаас нийтийн эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах асуудал давхцаж байна л даа. Цар тахлыг хумихын тулд QR код ашиглах шийдлийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ашиглаж эхэлсэн. Тухайн кодыг уншуулсан иргэн халдварын ойрын хавьтал болсон бол сэрэмжлүүлэх зориулалтар нэвтрүүлсэн. Иргэд ч нэлээн сайн ашигласан. Хамгийн гол нь ХӨСҮТ-өөс хавьтал болсон иргэнд буюу QR код уншуулсан иргэнд хавьтал болсныг мэдэгдэх функц ажиллаж чадаагүй. Судалгааг механик аргаар хийхэд болоод байсан ч тандалт хийх зорилгоор ашиглагдаагүй.

Технологийн шийдлээр хувийн мэдээллийг ашиглах зохицуулалт хугацаатай. Өөрөөр хэлбэл, мэдээллийг устгах, мэдэгдэх зохицуулалттай байх  ёстой. Мөн хувийн мэдээллийг ашиглаж байгаа хүмүүс зорилго, зорилтоо тодорхой болгох, мэдэх эрхийг хангах шаардлагатай байна. Эрхзүйн зохицуулалт сул байгаагаас хувийн мэдээллийг ашиглахад үл ойлголцол үүсэх, хамгаалах асуудал бүрхэг байна. Хувийн мэдээллийг төр хамгаалах ёстой гэсэн ойлголттой байдаг. Харин шинэ хуульд хүнийг тодорхойлж болохуйц мэдээлэл ашиглах гэж байгаа бол эзнээс нь зөвшөөрөл авах ёстой гэсэн зохицуулалтыг оруулж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.