Уламжлалт хээнд ''хувьсгал'' хийсэн зураач Р.Баярсайхан

“Амьдралын тойрог” булан энэ удаагийн дугаартаа  Өврийн сайхан хангай нутгаас “уран” хэмээн  алдаршсан  Рэнцэндоржийн хүү, зураач Р.Баярсайханыг онцоллоо. Тэрээр яруу найргийн “Жиг дуун” бүлгэмийг байгуулсан гурван хүний нэг, УШУ, каратэгийн клуб нээж, тулааны урлагаар  хичээллэж байсан арвин түүх намтартай нэгэн. Монгол зураг зурж, бурхан бүтээж, авдар урлаж, баримал хийж,  сэтгэлгээний олон арван бүтээл туурвихын зэрэгцээ уламжлалт хээ угалзанд  шинэчлэл хийсэн   олон талын  авьяастай зураач юм.

“УРАН” РЭНЦЭНДОРЖИЙНД МЭНДЭЛЖ, ӨВӨРХАНГАЙН УРЛАГ СОЁЛЫНХОН ДУНД ӨСЧЭЭ

Р.Баярсайхан Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ.  Аав Рэнцэндорж нь  тус аймгийн Богд сумын уугуул,  1958 онд Хархорины  сангийн аж ахуй байгуулагдахад  илгээлтээр нутагтаа очжээ. Тэрээр ХХ зууны манлай, нэрт уран барималч С.Чоймболын шавь, цахилгаанчин, барилгачин, уран дархан, барималч, зураач   гээд олон талын  мэргэжилтэй, гарын дүйтэй хүн байж. Бас дуулах дуртай,  хоёр хүн хоршиж дуулж байгаа юм шиг тун өвөрмөц хоолойгоор дуулдаг.  Баримлаар мэргэшиж ажиллаагүй ч музей, театр, дүрслэх урлагийн салбарт аймгийнхаа баримлын бүх  захиалгыг хийдэг байсан гэдэг. Эхнэр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат, орсон гарсанд цай ундтай, ааш зан сайхантай. Оёдлын үйлдвэрт ажил мэргэжлээрээ аваргалсан  Таван жилийн гавшгайч, “Ударник” хүн байж. Тэднийх  аймгийн Соёлын ордны хашаанд  хэсэг байгаад Урчуудын эвлэлийн салбарын хажууд нүүж очсоноор бүхий л амьдрал нь Өвөрхангайн урлаг соёлынхон дунд өнгөрчээ. Зураач Р.Баярсайханы өссөн орчин ийм. Тэрээр аав, ээжээс гурвуул, ах, эгчийн  хамт театрт гарч буй бүх кино, концерт, жүжгийг  үзэж өссөн бол  аавынхаа авьяасыг авч, зураач, уран дархан, баримлын чиглэлээр явсан нь Р.Баярсайхан. Тэрээр 1975 оноос  урлангаар  суралцаж, сүүлд  Л.Гаваа багшдаа шавь ороход  “Миний хүү ажигла. Ажиглаж сур” гэх. Ажиглана гэдэг зөвхөн хэлбэр дүрсийг харахын нэр биш. Хүний хөрөг зурахад  тухайн хүнийхээ ямар сэтгэлтэй, юу бодож байгааг  унших хэмжээнд бийрээр буулгана гэсэн үг.

Тэр багаасаа чөлөөт байдал, ийм сэтгэлгээг эрхэмлэжээ. Яагаад  урлангаар хичээллэх болов гэвэл, сургуульд суралцахаар ямар нэг дарамтад  ороод  байх шиг, эсвэл ямар нэг байдлаар бусдаар тулгуулаад байх шиг  сэтгэгдэл төрдөг байж. Ийнхүү  урланд их төлөв ажиглах байдлаар мэдлэг цуглуулж,  өөртөө авахаа авч, орхихыг нь ч орхиж явсаар   аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбарт  орон тооны зураач  болжээ. Удалгүй цэргийн албанд татагдаж, 20 гаруй зураачийн дотроос нэгдүгээр байрт  шалгарч Жанжин штабын зураач болж байв. Тухайн  үед техникийн дэвшил нэвтрээгүй, бүгдийг гараар хийж, бичнэ, зурна. Тэр болгоноос юм сурч  мэргэжилдээ өсч, урагшаа тэмүүлнэ. Одоогийн залуус “тосон үрэлт” гэж юу болохыг мэдэхгүй. Зарим нь зургийнхаа бэлдэцийг өөрөө хийхгүй шууд бэлнийг  аваад зурдаг. Тэр ч байтугай зургаа компьютерт оруулж өнгөө олж,  будгаа  кодоор авч зурах хэмжээнд хүрч  хөгжсөн. Р.Баясайханы үеийнхэн тийм биш, бүгдийг гараар хийгээд зогсохгүй  баяр ёслолын үеэр гудамжинд өлгөдөг  сайд нарын хөрөг зураг, том  палакатуудын  тосон үрэлтийг хийнэ. Тэр ажил нь бүтэн сарын ажлын 30-40  хувийг эзэлдэг байсан гэхээр хэр их  зурдаг байсан нь мэдрэгдэнэ.  Одоо ч тэр л  үеэс сурсан мэдсэн “мотор”-ынхоо хүчээр явж байна гэж  тэрээр өгүүлсэн.  Р.Баярсайхан Улаанбаатарт дундаа завсартайгаар  гурван удаа ирж амьдарсан бараг л хотын унаган иргэн. Түүнээс хойш нийслэлд амьдарч хувиараа бүтээл хийж байна. “Ямар нэгэн бурхан бүтээх, баримал хийх, уран дархан хийх, хөрөг болон уран зураг зурах гэхчлэн захиалгат ажлыг гүйцэтгэхэд ур чадвараа улам сайжруулах гэж хичээнэ.Түүнээс дан уран бүтээл хийж амьдарна гэвэл  бас өрөөсгөл” хэмээн тэрээр ярьсан. Аливаа бүтээлд чин сэтгэлээс хандах,  тухайлбал, захиалга хийлээ гэхэд өөрийн уран чадварыг ахиулахын тулд тухайн хүний хэлснээс хэд дахин давуулан зурах, ганц  хээг л  гэхэд  байгаагаар нь биш байснаас нь сайжруулж зориуд өөртөө хүндрүүлж зурахыг тийн хэлсэн нь бүтээлүүдээс нь  анзаарагдана.

ЛУУ ЗУРАХ ГЭЭД ЧИЙГНИЙ ӨТ ЗУРЖ ШИЙТГҮҮЛЭВ

Р.Баярсайханы  уран зургийн анхны багш Эрдэнэ зуу хийдийн  лам нар. 1970-аад онд Сайд нарын зөвлөлөөс Эрдэнэ зуу хийдийг сэргээх тушаал гарч, “уран” Рэнцэндорж тийшээ дуудагдсанаар  тэднийх   аймгийн төвөөс нүүн очиж хийдийн урдхан  гэрээ барьжээ. Нутгийн урчууд,  өвгөн лам нар   тал талаас ирцгээв. Зуны амралтаар  аав нь түүнийг “Миний хүү шавь орох ёстой” гээд Өвгөнхүү хэмээх хийдийн тахилч лам дээр хөтөлж очив. Дөнгөж 13 настай ч хүү  хийдийн засварын ажилд сар гаруй ажиллаад 25 төгрөгийн цалин авч урамшлаа. Хийдэг ажил нь суганыхаа булчирхайг цочтол  шавар нухах.  “Сургуулийн  уран зургийн аварга” цолтой түүнд багш нь  нэг өдөр “За чи нэг  луу зураадах” гэж лууны дүрс өгчээ. Өдөржин нухаж, өөрийнхөөрөө бол улам гоё болгоод очтол багш нь харж  байснаа гэнэт  таягаа аваад нуруун дундуур нь татаж  “Чамайг би луу зур гэсэн болохоос чийгний өт зур гээ юу” гэж загнах нь тэр. Гомдсондоо хар эрчээрээ гүйсээр  аав дээрээ очоод “Багш намайг  луу зур гэснээс  чийгний өт зур гээ юу” гээд зодсон гэвэл “Тэгэхгүй яах юм бэ” гээд нэмээд зодчихов. Тэр үеийн хүмүүсийн хүнд юм сургая гэсэн үнэн сэтгэл тэр байж. Тэнд Өвгөнхүү багш, хийдийн лам нараас гадна Өвөрхангайн “сөөнгө” Батмөнх, дархан Пэрэнлэйравжаа, аав нь гээд олон хүн  түүнд багшилжээ. Нэг мэдсэн хүү хийдийн ханан дээр хээ зурж, бас ч гэж зураачийн дөр сууж, баримал, цаасан шуумал хийх аргыг сурчихсан байв. Эндээс эхлэн  зураач болмоор санагдах болж, хот руу явж зураачдын урлангаар хэсэг суралцаад,  аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбарт  ажиллах үед   хөрөг зургийн мастер Довчинжалбуу гэж хүнээс олныг сурч мэдэж авах завшаан тохиов. Довчинжалбуу багш нь  хөрөг зурахдаа голд нь бөөрөнхий дүрс тэг татаад шууд хүний хацрын туяа, нүд хөмсгийг гаргаж бийрээр чадамгай ажилладаг, харсан хүмүүс ангайж хоцордог байсан аж. Эндээс тэрээр цэрэгт татагдан Жанжин штабын зураач болж,  тэр болгоноос  өөртөө  урлах  ухаан, уран чадвар олж авсаар нэг л мэдэхэд  аав шигээ олон талын авьяастай, чадахгүй мэдэхгүй гэх зүйлгүй часхийсэн уран бүтээлч болсон байна.

АЛЬ  УРСГАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЮМ БОЛ?

Уран зургийн олон урсгал чиглэл байх ч Р.Баярсайхан зураачийн бүтээлүүдийг харж байхад тэр гээд оноочихож  ер чадсангүй. Тэр тун ч элдэвтэй зураач ажээ. Өгүүлэмжийн, өнгөний тун сонин шийдлүүд харагдана. “Шүтэн барилдлага” гэхэд л өгөрч муудсан олсны хоёр талыг өнгөөр сонирхолтой ялгаж харуулсан байх. “Гаслангаас амирлахуй”  гэсэн зурагт эр, эм хоёрыг  дүрслээд тэд  ертөнцийн зовлонгоос өөрсдийгөө ангижруулахын  тулд яах вэ гэдгийг харуулахдаа хүний тархи хэчнээн эрх чөлөөг хүссэн ч ахуйдаа баригдмал болохыг дүрсэлсэн байх жишээтэй. Ертөнцийн зүй тогтлыг харуулсан “Хар эрвээхэй”,  зүүдэн дунд аваачих мэт мэдрэмж төрүүлэх  “Цэнэг”  зэрэг  зургуудын  өгүүлэмж тайлагдашгүй. Энэ мэтчилэн уран  сэтгэмжийн, сэтгэлгээний зургуудын зэрэгцээ монголчуудын “Шивэрт” хэмээн нэрлэдэг  Оросын “Сибир”-ийн өвлийн  байгаль яг дэргэд мэт дүнсийнэ. Гэтэл зуны нар шарж, горхины чимээ сонсогдож, цэцэгсийн үнэр анхилах шиг...  Тэр байгалийг  бахдам урладаг зураач юм.

Монголын уран бүтээлчид реализм гэж нэг хэсэг яваад, дараа нь  сюрреализм хэмээн хошуурах болсон. Тэр бүү хэл сюрреализмаар Орост шуугиан тарж буй  монгол зураачид цөөнгүй. Тэдгээр урсгал чиглэлүүд Р.Баярсайхан зураачид таалагддаг, эсэхийг мэдэхгүй. Асуухад “Би заавал тэрүүгээр ажиллах албагүй шүү дээ. Зүгээр л ажилламааргүй байж болно биз дээ. Зургийн сэтгэмж өөрөө цаанаасаа хэлээд өгдөг  юм” гэсэн. Бас “Уран зургийг хүн уншдаг болохоос ярьж өгөх боломжгүй” гэсэн билээ. Түүний анхны хамтарсан үзэсгэлэн Улаанбаатарт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарахад “Тэнгэрийн дуудлага”, “Тэр жил” гэсэн хоёр зураг нь бөөн шүүмжлэл өрнүүлж, мань эр  бүтээлүүдээ хаяад явчихаж. Сүүлд найз нь чиний зургууд МУЭ дээр  хураалттай байна гэж утасдахад  “Би авахгүй, тараа” гэснээр “Тэнгэрийн дуудлага” бүтээлийг нь “Хурд” хамтлагийнханд бэлэглэсэн байна.  Хожим Өвөрхангай, Дундговь аймагт болон Ардчиллын 10 жилийн ойгоор нийслэлд  хэдэн арван үзэсгэлэн  гаргасан ч тэрээр омогших,  од шүүрсэн мэт мэдрэмжээр хандах  бус эрэл хайгуул хийж буй мөнхийн аялагчийн сэтгэлээр хандсаар иржээ.

“ХАРЬ ГАРИГ”-ИЙН ГЭМЭЭР ХАЧИН ГОЁМСОГ ХЭЭГ АМИЛУУЛАГЧ 
 



Тэрээр хээ угалзыг уламжлалт 2-3 дагнаастай бус түүнээс ч олон давхар дагнаас сүлжээс тавьж давтагдашгүйгээр урладаг.

Тэрээр  “Би энд тэндхийн хээ угалзыг  харж явдаг.  Хээ угалзыг  уран гоёор илэрхийлэх дуртай. Заавал шинэчилж, дахин давтагдашгүйгээр урлахыг хүсдэг. Тийм болохоор хээгээр юм их хийдэг. Гэхдээ хээ зурахаар зураач биш болно л доо. Хээ угалзыг уран зураг гэхгүй, түүнийг зурж суугаа хүнийг зураач гэхгүй”  гэсэн.

Түүний урланд  өмнө нь  огт харж байгаагүй “харь гаригийн” гэмээр тун сонин содон хээнүүд  алаглана. Холоос  харахад цэцгийн баглаа мэт, энд тэндгүй  өнгө  өнгийн сарнай дэлгэрсэн мэт. Ойртоод ажихад  наагуур, цаагуурх түмэн  сүлжээс, дагнаасын учрыг  үл тайлам  хээнүүд үргэлжлэх. Тэр бүү хэл тэнгэрийн солонгыг барьж аваад гарын аясаар мушгисан мэт   тунарах. Хүүхэд байхад нүдээ аниад нар руу харахад түмэн өнгөөр солонгорч нумардаг даа, энэ төсөөллийг  аваагүй хүн байхгүй байх. Зураачийн урлан дахь хээнүүд яг л  тийм мэдрэмж төрүүлэх. Бас   зүүдлээд байгаа юм шиг...Р.Баярсайхан зураач “Ямар нэгэн зүйлийг сэтгэнэ гэдэг бодлоо өөрчилнө гэсэн үг гэж боддог” гэсэн.  Тэр нь уран зурагт ч адил ажээ.  Түүний бүтээлд тэрхүү зарчим нь  биеллээ олсныг гурван дагнаасаар хээлдэг хээг зургаа, долоо, найм, есөн дагнаасаар урласнаас харж болох. Уламжлалт хээ угалзанд тэрээр ийнхүү шинэчлэл хийж байна. Энэ мэт  бүтээл бүхэн үзэгчээс  мэдрэмж шаарддаг эрхэм зураач   бас авдар урладаг юм билээ.  Анх түүний сургийг  гаргах гэж урлагийн  хэд хэдэн хүн рүү утас цохиход нэгэн эрхэм  “Монголд цорын ганц авдрыг тэр нөхөр л урлаад байгаа юм даа” гэсэн. Монголд алт мөнгөн тоногтой, чамин янзын хээтэй, уламжлалт аргаар хийсэн, түүнчлэн Хубилай хааны  үеийн арьсан авдар хүртэл хийж буй газар олон. Авдраар дагнасан бараг арав гаруй үйлдвэр  бий, бүгд өөр өөрийн онцлогтой. Харин Р.Баярсайханы урласан авдар  юугаараа цорын ганц вэ гэвэл  сайн чанарын будгаар  хээг нь  дахин давтагдашгүй буюу цор ганц  удаа  урладаг учраас  бүтээл нь нандинд тооцогддог аж.

“ЖИГ ДУУН”  БҮЛГЭМИЙГ БАЙГУУЛЖ,  УШУ, КАРАТЭГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙВ 

Р.Баярсайхан зураач Өвөрхангайн Урчуудын эвлэлийн байрны доод хонгилд УШУ, каратэгийн клуб байгуулж, өөрөө ч хичээллэж, залууст сургаж байсан  анхдагч. Тухайн  үеийн аймгийн цагдаагийн албан хаагчид  сорилго тэмцээн  хийх гэж ирээд рингэн дээр  түүнд зодуулчихаад буцдаг байсан гэдэг. Яруу найргийн шаггүй авьяастай тэрээр Өвөрхангай нутагтаа “Жиг дуун” бүлгэмийг байгуулсан   гурван хүний нэг. Тэр бас гайхалтай  уншигч, түүнтэй дэлхийн сонгодог зохиолуудын талаар ном хаялцвал барах хүн гарах  болов уу гэж бодогдох. Энэ  мэт олныг яривал урт түүх хөврөх ч “Залуу байхад  шүлэг бичвэл биччих гээд, барилдвал барилдчих гээд, зураг зурвал зурчих гээд, зодолдвол зодолдчих гээд нэг тийм дэврүүн явдаг үе бий. Тийм сайхан насан дээрээ Жунайн Даваасүрэн, Пүлжийн Энхтөр  бид гурвуул “Жиг дуун” нэртэй яруу найргийн бүлгэм байгуулж байлаа. Намайг хотод ирснээс хойш олон хүн тэр бүлгэмд орсон гэдэг, тэднийг сайн мэдэхгүй.  Би өөрөө ч шүлэг зохиолоос холдсон” гэснээр товчлов.

Харин түүний гэргий бол Монголын утга зохиолд  1980-аад оны дунд үед  дунд сургуулийн сурагч байхаас тодорч, 1990-ээд оны эхээр “Хөтөлийн Ц.Отгонжаргал”, Дундговийн Отгонжаргал хэмээн  Монголын утга зохиолд цахиур  хагалсан  яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал юм. До.Цэнджавын шавь,  ер бусын авьяаслаг түүнийг  Очирбатын Дашбалбар онгоцоор  хотод авчирч, тэрээр  гэрт  нь амьдарч шүлгээ бичиж байсан шавь нарынх нь салхийг анх  хагалсан нэгэн. Тухайн үед   ДСНК-д зохиогддог Оросын соёлын өдрүүдэд шүлгээ уншихад О.Дашбалбар багш нь болон Монголын Радиогийн “бүдүүн дуут”  Б.Цэдэндамбаа, “Хүүхдийн ордон”-ы   Нямаа  найрагч гурав уралдан  орчуулж, Монгол дахь Оросын сэхээтнүүд   “Монголын яруу найргийн Надя Рушева” хэмээн бахдан шагшиж байсан нь домог шиг  өдгөө ч яригддаг.

2002 онд МЗЭ-ээс зарласан анхны номын шалгаруулалдтад “Хөх морьд” номын эх нь шалгарч хэвлэгдсэнээс хойш  хэсэгтээ чимээгүй байсан Ц.Отгонжаргал 2009  онд “Муруй дүрс”, “Над шиг бүсгүй чамд” яруу найргийн номоороо  дахин цоо  тэсрэлт хийж  МЗЭ-ийн шилдэг бүтээлд олгодог  “Алтан Өд” шагнал, МЗЭ-ийн 90 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал  хүртсэн.   Одоо ч тэрээр яруу найрагт дуртай, хайртай Монголын  уншигчдын байнгын хүлээлтэд,  ямар ч цаг үед яруу найргийн  хэлбэр агуулга бус  найрагчийн сэтгэлээ   төрмөл  болохыг баталж байдаг гайхалтай яруу найрагч. Урлагийн сод  хоёр эрхэм  гэр бүл болсон нь ховорхон тохиолдол, заяа төөргийн нандин учрал болов уу хэмээн  бодогдож байлаа. Ц.Отгонжаргал найрагчийн хувьд “Би ханиа уран зураг, бүтээлийнхээ талаар  ярьж байхад оролцдоггүй, манай хүн ч миний сонирхдог зүйлд бас хошуу дүрдэггүй”  гээд энэхүү нийтлэл сурвалжлагаас эхнээс нь зайгаа авчихсан гэдгийг хэлье. Яагаад гэвэл  фенүүд  нь түүнээс сонин сайхан   зүйл асууж бичихгүй яав гэх нь  магад. Хэвлэлд анх удаа л ам нээж буй,  өөрөөрөө, эрх чөлөөтэй байхыг эрхэмлэдэг билэг танхай зураач Р.Баярсайханы “Амьдралын тойрог”-оор  уншигчдынхаа хамт  бага ч атугай аялахад ийм байна. Удахгүй цар тахал хумигдан  цаг сайхан болж, бүтээлээ дэлгэж үзэсгэлэнгээ нээж гэмээ нь  түүнтэй бүр ч дэлгэрэнгүй танилцах боломж монголчуудад ирэх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.