ЭМЯ: Нийт 856 тохиолдол нэмэгдэж, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт шинжилгээнээс 856 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 31339 боллоо.  Үүнээс  16815 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1060 хүн эдгэрч гарсан байна.  Эмнэлгээс 319 хүн, гэрийн тусгаарлалтаас 741 хүн гарсан.

Коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 80 боллоо.
- 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
- 64 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Шинэ халдварын 856 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 30757 болоо. 

Шинэ халдварын 744 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 27259 боллоо. Орон нутагт 112 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  3498 боллоо. 

Увс аймагт 1 /28/, Булган аймагт 2 /81/, Сэлэнгэ аймагт 2 /370/,  Завхан аймагт 7 /202/,   Хэнтий аймагт 1 /57/,  Ховд аймагт 2 /212/, Архангай аймагт 16 /282/, Төв аймагт 31 /684/, Дорнод аймагт 3 /30/,  Өвөрхангай аймагт 10 /233/,  Сүхбаатар аймагт 7 /158/,  Дундговь аймагт 2 /52/, Дархан-Уул аймагт 24 /501/, Орхон аймагт 5 /355/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  4451 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 81, хүнд 355, хүндэвтэр 1441, хөнгөн 2574 хүн байна.

Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад нийт 12216 хүн байгаагаас гэрийн тусгаарлалтад 7765 хүн, тандалт судалгааны шатанд 2211 хүн байна.

Өнөөдрийн байдлаар нийт 890649 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд үүнээс 1-р тунд 678276, 2-р тунд 212373 хүн хамрагдсан байна.


ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учир хөл хориог сунгасан. Гаднаас эм бэлдмэл хэрэглэснээр дархлаа дэмждэг гэсэн ойлголт байдаг. Эрдэмтдийн судалгаагаар Д витамин, цайрын дутагдалтай хүмүүс коронавирусийн халдвар авсан тохиолдолд ор хоногийн хугацаа урт байна гэж дүгнэсэн. Тийм учраас нэмэлтээр, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох боловч хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд сөрөг нөлөө гарах учир эмчийн заавраар хэрэглэх нь зөв. 

Спутник-V вакциныг оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд гэрээ хэлцэл хийж байгаа. Яг хэзээ орж ирэх нь тодорхой болоогүй байгаа.

Вирус амьд учраас хувирч өөрчлөгдөнө. Мутацид орсон вирусийн шинжилгээний хариуг баталгаажуулахаар явуулсан байгаа. Хариу баталгаажиж ирсэн үед нь мэдээллийг өгнө.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus