''Гэр бүлийн хүчирхийлэл ба хөл хорио'' сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

Цагдаагийн төв байгууллагаас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ний өдөр клабхаусаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэл ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдтэйгээ ярилцан мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор мэргэжлийн сэтгэл зүйч, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо. 

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:

-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг ойлгох вэ? 

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хэн нэгэн нь эрх мэдлийн давамгай байдлаа тогтоохын тулд бие мах бодь, бэлгийн, эдийн засгийн, сэтгэл санааны эсрэг үйлдэл үзүүлж байгаа тэнцвэртэй биш харилцааг хэлдэг. Гэр бүлийн хамаарал бүхий хүнд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хамтын амьдралтай байж байгаад салсан, хэдийгээр хамтран амьдраагүй ч дундаасаа хүүхэдтэй болчихсон хүмүүс, нэг гэр өрхөд амьдарч байгаа төрөл садны хүмүүсийг хэлдэг. 

-Он гарсаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хичнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ? 

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн байна. Харин дуудлага, мэдээллийн хувьд 11300 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй адил байна. Зөрчлийн хувьд 2777 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18 хувиар буурсан. 

Хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1365 дуудлага мэдээлэл ирсэн. Ер нь хоногт зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг бөгөөд хөл хорио тогтоосон хамгийн эхний өдөр 182 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бусад өдрүүдэд 100-аас доош дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үзүүлэлттэй байна. 

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх бол  хаана хандах вэ? 

-Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл авах журмыг зохицуулсан. ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөхөөс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Цагдаагийн байгууллага мэдээллэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мэссэж илгээх, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн. 

-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээллэсэн иргэдийн нууцыг хэрхэн хамгаалах вэ? 

-Хөршүүдээс мэдээлэл их ирдэг болсноор энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх таслан зогсоох боломжтой болсон. Зарим тохиолдолд хөрш нь намайг мэдээлэл өгснийг мэдчихвэл яах юм бэ, мэдчихээд миний аюулгүй байдал алдагдвал яах вэ гэдэг асуулт их ирдэг.

Тэгэхээр хуулиндаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг нууцлах чиглэлээр бүх хуулийн байгууллага үүрэг хүлээдэг.

Амьдрал дээр 2020 оны 01 дүгээр сарыг хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа гэрчийн мэдээлэл задарчихаад байсан юм. Зөрчил гаргасан этгээд зөрчлийн хэргийн материалтайгаа танилцахдаа хэн дуудлага мэдээлэл өгснийг мэдчихдэг байсан. 

Тэгвэл бид олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа нэгдэж байгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг ноцтой зөрчих зөрчлийг шалгасан алба хаагч хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байж болох заалтыг оруулсан. Тэгэхээр мэдээлэл задруулах асуудал нэг мөсөн арилсан.

НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг: 

-Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчил гаргасан айлуудыг яаж хянадаг вэ? 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 2000 гаруй иргэн байна. Эдгээр айл өрхүүдээ аюулын зэргээр нь өндөр, дунд, бага гэж ангилдаг. Өнөөдрийн байдлаар аюулын зэрэг өндөртэй 200 гаруй өрхөд НГБХЗХГ-тай хамтраад 171 хороонд тусгай ажлын хэсэг гаргаж, айл өрхүүдээр биечлэн явж, хяналт шалгалт хийж байна. Учир нь тухайн айл өрхүүдээс байнга ирдэг дуудлага нь зогсчихдог. Тиймээс хатуу хөл хорио тогтоосон үед эдгээр айл өрхүүдийг заавал шалгахаас өөр арга байдаггүй учраас хамтарсан баг гарган тогтмол явцын хяналт, шалгалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдчийн нэгдсэн сан гэж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг хүчирхийлэл үйлдэхэд нь санд бүртгэж дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зорилгоор хамтарсан багийн тусламжтайгаар бүсчилсэн хяналтыг тавьдаг. 

-Коронавирусийн халдвартай холбоотой олон улсад хөл хориог мөн хийж байна. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил олон улсад хэр өсөлт, бууралттай байгаа вэ? 

-Бид олон улсын байгууллагын хийсэн судалгааг харж байхад олон улсад Коронавирусийн халдварыг цар тахал гэж зарласнаас хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, гэмт хэрэг маш их өссөн. Бельги улсад 70 хувиар, АНУ-д 30 хувиар, Колумбид бүр 2 дахин нэмэгдсэн байна лээ. Хүчирхийлэл ихэсч байгаагийн шалтгаан нь нийгмийн стресс бухимдал, ажилгүйдэл, хөл хорионы үед хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэгч хоёр нэг орчинд амьдрах цаг нь нэмэгдэж байгаа учраас гэр бүлийн хүчирхийлэл өсч байгаа юм. 

-Цар тахлын дэгдэлт өндөр байгаа энэ үед хүчирхийлэл үйлдсэн айлууд руу орж, тандалт хийж байгаа юу? 

-Хөл хориотой холбоотойгоор яг одоо хяналтанд авсан хүмүүсийн гурван тохиолдол нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон.

Эдгээрийн нэг дээр нь зөрчлийн эрүүгийн хэрэг, хоёр дээр нь зөрчлийн хэрэг үүсгээд шалгаад явж байна. Хөл хориотой холбоотойгоор хүчирхийлэлд хүүхдүүд өртөж байгаа нь үнэн. Эдгээр хүүхдүүд рүү чиглэсэн НГБХЗХГ-тай хамтраад эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг илрүүлэх, тэдэн рүү чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын хувьд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлээд хүүхдийн байгууллага буюу 108-д хүлээлгэн өгч, энэ байгууллагын мэргэшсэн багийн хамт олон үргэлжлүүлэн ажилладаг. Бидний хувьд хүүхдийг тийм байдалд оруулсан хүмүүсийг шалгах ажлыг хийдэг. Миний хувьд алба хаагчиддаа халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаад хяналтанд орсон айлууд руу заавал орж, хүүхдийн нүдийг нь сайн хараарай, нүдэнд нь айдас хургаж уу, асуудал үүсч үү гэдгийг маш сайн ажиглаарай гэдэг захиасыг байнга хэлдэг. Мөн гэр бүлийн бусад гишүүдтэй холбогдож, тандалт судалгаа хийж ажиллаж байна. Мэдээж бид халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, зай барих зэрэг бүх талын дэглэмийг сахин өрхүүдэд хяналтаа тавьж байгаа. 

-Хүүхдийн түр хамгаалах байрууд дүүрэг бүрт байрладаг. Хөл хорионы үед хамгаалах байрууд ажиллаж байгаа юу? 

-НЦУГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс нь нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр 9 дүүрэгтээ мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг. Мөн хэлтсийн хажууд тусгай дугаарын 107 утсыг ажиллуулдаг бөгөөд түр хамгаалах байрыг мөн ажиллуулдаг. 

Он гарсаар 60 гаруй хүн түр хамгаалах байранд байрласаны 37 нь хүүхэд байсан.

Хүүхдүүдийн хувьд тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

Өсвөр насны хүүхэд тэр дундаа бага насны хүүхэд үр хөндөлт яригдаж байгаа гэдэг нь нуугдмал гэмт хэрэг байгааг үгүйсгэх аргагүй. Шаардлагатай мэдээ, мэдээлэл орж ирсэн тохиолдолд хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртчихөөд явж байгаа юм биш биз гэдэг үндсэн дээр зайлшгүй хуулийн дагуу шалгахаар өөр арга байдаггүй.

Хөл хориотой холбоотойгоор эхний нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлтүүд буурдаг. Тэгээд 30-аас дээш хоногт гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл өсөх хандлагатай байдаг. Нийслэлийн хэмжээнд аюулын зэргийн үнэлгээ өндөр айл өрхүүдээр биечлэн явж шалгах үүргийг дүүргүүдэд өгдөг. Оны өмнөхөн Засгийн газраас улсын хэмжээнд 103 хүүхдийн байцаагчийн орон тоог гаргасан бөгөөд үүний 53 нь нийслэлд хуваарилагдсан. Өмнө нь манай хэлтэс хүүхдийн хэргээр дагнадаг байсан бол энэ оны хоёрдугаар сараас эхлэн Гэр бүл, хүүхдүүдийг хамтад нь ажиллах болсон. 

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад цагдаагийн байгууллагын оролцоо, манлайлал хэр байгаа вэ? 

-Цагдаагийн байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь хэрэг, зөрчлийн адил шалгаад явдаг байсан. Гэвч нийгэмд энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдол өгч ажиллах ёстой хэмээн үзэж 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс Гэр бүлийн хүчирхийллийн хэлтсийг байгуулсан. Ингэснээр илүү өргөн хүрээтэй ажиллах, хуулийн дагуу цогц арга хэмжээ авахад илүү дөхөм болсон. Манай хэлтсийн хувьд цаг тутамдаа алба хаачдаа сургаад, чадвахжуулах тал дээр тогтмол ажиллаж байна. 

Цагдаагийн алба хаагч хохирогч төвтэй хандлагатай байх ёстой, хохирогчийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажилладаг байх ёстой гэсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл дээр бусад байгууллагаа манлайлан ажилладаг бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг батлах үед цагдаагийн байгууллагаас манлайлан оролцож, зохицуулалт хийх шаардлагатай олон асуудлыг хуулиндаа тусгуулсан байдаг. 

-Алслагдсан хороод, сумд руу илүү хүрч үйлчлэх шаардлагатай. Энэ тал дээр анхаарал хэр хандуулж, үр дүнтэй ажлыг хийж байна вэ? 

-Цагдаагийн байгууллагаас алслагдсан хороод, сумдын иргэдэд хүрч ажиллахыг маш их хичээдэг. Ингээд явж байхдаа эдгээр хүмүүс ус, бензин, дэлгүүрээр үйлчлүүлдэг бөгөөд энэ үеэр нь мэдээ, мэдээллийг хүргэдэг. Зарим аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүн, малчидад зориулагдсан календаруудад мэдээллийг тавьж явуулж байсан.

Нөгөө талдаа цагдаагийн байгууллагаас байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдэд хяналт тавьдаг. Хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч гэсэн хүмүүсээр болон хамтарсан багийнхаа хүмүүсээр дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. 

Өмнө нь бид гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн дотоод хэрэг гээд огт оошоодоггүй байсан бол одоо энэ үйлдэгдэж байгаа хэргйиг гэмт хэрэг юм байна, тусламж үзүүлэх ёстой юм байна, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм байна гэж үзээд бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. Өмнө нь тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хүнийг алах гэмт хэрэг жилдээ 300 гаруй бүртгэгддэг байсан бол хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн хэрэг жилдээ 200 болж буурсан. 

Шинээр хэрэгжиж буй хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг анх удаагаа хийдэг болсон. Энэ аюулын зэргийн үнэлгээг хамгийн ойлгомжтойгоор хэлбэл хохирогч амь насаа алдах эрсдэл хэр байгаа гэдгийг тухайн орчинд тогтоож байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч тухайн хохирогчийг гэрт нь үлдээгээд явах уу, эсвэл хамгаалалтанд авах уу гэдэг үйл ажиллагааг хийнэ гэсэн үг. Мөн энэ үедээ хүчирхийлэлд өртсөн үедээ хаана хандах талаар бичгээр мэдээлэл өгч эхэлсэн.   Мөн хохирогчийг гэрээс нь авч явахдаа ямар зүйл хэрэгтэй байгаа талаар хохирогчтой ярилцаж, хүчирхийлэл үйлдэгчид шаардаж гаргуулах, гэрээс нь авч өгөх үүрэг хүлээсэн байгаа. 

-Хүчирхийллийн зөрчил болон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зан үйлд нөлөөлөх сургалтыг заадаг гэж байсан. Хэр үр дүнтэй вэ?  

-Тус сургалт нь албадан болон сайн дурын үндсэн дээр хийгддэг. Нийслэлийн хэмжээнд баривчлагдсан байранд нь ШШГЕГ-аас зан үйлд нөлөөлөх сургалтыг хийдэг бол хөдөө орон нутагт цагдаагийн байгууллага хийдэг. Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг шүүхээс 7-30 хоног баривчлагдахдаа 7 хоног баривчлаад 10 хоног албадан сургалтанд хамруулъя, эсвэл 30 хоног баривчлаад 50 цаг албадан сургалтанд хамруулъя гээд цагийг нь заагаад өгчихсөн байдаг. Зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар эрх зүйн мэдлэг олгох, бясалгал хийх, сэтгэл зүйчтэй харилцах гэх мэт хөтөлбөрүүдтэй байдаг ч нийслэлд 100 хувь чанартай гэж хэлэхэд хэцүү. Орон нутгийн цагдаагийн байгууллагын хувьд энэ ажлыг маш сайн хийдэг. Гараад ирэхээр нь зан үйлд нөлөөлөх ажлыг хороодын хамтарсан багууд хийдэг.

Зөвхөн баривчлаад дуусахгүйгээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх ажлыг заавал хийх ёстой. 

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine