Долоо хоногийн тойм

Сүүлийн хоногуудад халдварын тоо 1000-аас дээш бүртгэгдэж, орон нутагт халдвар алдаад байгаа энэ үед иргэд халдвар хамгааллын дэглэмээ  сайн сахиж онцын шаардлагагүй  бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.

Вакцинжуулалтын 2-р тун энэ долоо хоногт хийгдэж эхэлсэн бөгөөд ОХУ-ын Спутник вакцин оруулж ирэх гэрээ хэлцлийн ажил үргэлжилж байна. Мөн Шадар сайд  С.Амарсайхан  "Халдварын тархалт буурахгүй байгаа учраас хөл хориог үргэлжлүүлэхээр болсон. Covid-19-ийн шинэ төрөл буюу мутацид орсон вирус Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн урьдчилсан шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна. Халдвартай хүний биеийн байдал хурдан муудаж байгаа, нас баралт нэмэгдсэн нь үүнтэй холбоотой" гэсэн юм. 

Мөн энэ сарын 23-ний өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. 

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

ВАКЦИНЫ 2 ДАХЬ ТУНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ


Тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон бусад албан хаагчдыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн  коронавирусийн халдварын эсрэг вакцины 2 дахь тунд хамруулж эхэлсэн. Мөн вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийг 2 дахь тунд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулан дархлаажуулалт хэвийн явагдаж байна. Вакцины 2-р тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдах юм.
 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАСНАА ТАНИЛЦУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-ний өдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжтай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарна уу.
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу  2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр болсон.

Гэвч Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжилсан.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир энэ сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхэд бичиг хэргээр нь дамжуулан МАН-ыг тараахтай холбоотой баримт материалуудыг хүлээлгэн өгсөн юм. 

ЗГ:ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ТАТВАРЫН МАРГААНД СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА


Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө.

Үүнд "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.

"Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу толгой" ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.

Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай[1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.

8000 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН 560 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ


“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд;

Ажлын байрыг дэмжих зээл- 2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 1,228 аж ахуйн нэгж, 6,870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл- 1,146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан.

Ипотекийн зээл- 3,064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авчээ.

ШҮЛСНЭЭС КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОШЛУУРЫГ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛНЭ


Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гараг буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.

Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой ба оношлуурыг ашиглахад 90 минут зарцуулдаг.

Мөн “Covid-19” илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай юм.

ГААЛЬ, НӨАТ-ЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙГ БАТАЛЛАА


 Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн чуулганаар хэлэлцэж, баталлаа.

          Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад хэрэгжих хугацааг 2025 оны 1-р сарын 1 хүртэл сунгасныг гишүүдийн олонхийн саналаар дэмжиж баталлаа. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2022 оны 1-р сарын 1 хүртэл хэрэгжинэ.

          Ийнхүү дээрх хоёр хууль батлагдсанаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ХОМ-ИЙГ ЦАХИМААР БҮРТГЭХ БЭЛГЭЛ АЖЛЫГ ХАНГАЛАА


Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, уг мэдүүлгийг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг хуульд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс эхлэн тус газрын цахим хуудсанд нээлттэй байршуулна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.