ЭМЯ: Нийт 889 тохиолдол нэмэгдэж, 524 хүн эдгэрч, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Арав гаруй эмнэлэг дээр 4 мянган ор бэлтгэсэн байсан, үүнийг дахин мянга орчим ороор нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зарим хүмүүсийн хувьд шинж тэмдэг илрэхгүй байж байгаад, шинж тэмдэг илэрснээс хойш 2-3 хоногийн хугацаанд биеийн байдал огцом муудах тохиолдол нэмэгдэж байна. Тийм болохоор ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн даруй хандахыг зөвлөе.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн шинжилгээнээс 889 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 22884 боллоо.  Үүнээс  12401 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 524 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Нийт нас баралт 49 боллоо.
- 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдаж, Ачтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн хавсарсан хүнд хэлбэрийн улмаас нас барсан
- 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан
- 34 настай эрэгтэй БЗД-ийн 4-р хороонд амьдардаг, дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж  нас барсан
- 57 настай эрэгтэй гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан
- 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан
 

Шинэ халдварын 885 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 22310 болоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар дөрвөөр нэмэгдэж нийт 84 боллоо.

Шинэ халдварын 767 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 19643 боллоо. Орон нутагт 118 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2665 боллоо.   Хөвсгөл аймагт 3 /61/, Увс аймагт 5 /18/, Баян-Өлгий аймагт 1 /3/, Сэлэнгэ аймагт 4 /353/, Завхан аймагт 2 /21/, Булган аймагт 1 /73/, Хэнтий аймагт 3 /46/, Ховд аймагт 18 /180/,  Төв аймагт 29 /523/, Архангай аймагт 5 /254/,  Дундговь аймагт 1 /29/,   Дархан-Уул аймагт 16 /303/, Орхон аймагт 26 /308/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  3366 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 63, хүнд 241, хүндэвтэр 869, хөнгөн 2193 хүн байна.

Асуулт, хариулт


-Улаанбаатар хотоос гадна орон нутагт орны асуудлыг яаж шийдэж байгаа вэ?
-Орны зохицуулалтыг нэмэгдүүлэх бэлдэх ажил явагдаж байна. Орыг хэзээ ч бэлдэж болох бөгөөд гол нь хүний нөөцийн асуудал дутагдалтай байна. Эмнэлгийн бус газар ор дэлгэх нь хамгийн сүүлийн арга хэмжээ юм.

-Хэдэн хүүхэд халдвар авсан бэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын 4412 нь 0-17 насны хүүхэд байна.

-Баянзүрх дүүрэгт голомт нэмэгдсэн мэдээ байна. Хэдэн голомт нэмэгдсэн бэ?
-Халдварын тохиолдол дээр голомт гэж хэлэх зохимжгүй ч гарсан тохиолдол болгон дээр тандалт хийн шаардлагатай арга хэмжээг авч байна.

-Вакцны нөөц ямар байна. Хэдэн тун вакцин байгаа вэ?
-Тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, хороо хорины ажилчид, онцгой байдлын ажилчдад вакцинжуулалтын 2-р тунг хийж  эхэлсэн. Мөн бусад хүмүүст хөл хорионы дараа 2-р тунг хийж эхэлнэ. 5400 хүн тун Астразенека вакцин ирэх мэдээлэл байна.  Пфайзер вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст 2 дахь тунг хийнэ. Астразенека вакцины 2 дахь тунг хийж эхэлсэн. НЭМГ-аас зохион байгуулалтынн ажлыг хийж байна. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus