Азийн АШТ-ний эхний өдөр нэг алт, хоёр мөнгөн медальтай боллоо

 

“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) иж бүрэн медалийн эзэн болж байна.

М.Дөлгөөн Алматыгийн дэвжээнд Узбекистаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж тивдээ анх удаа тэргүүлэв. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин боллоо.

Харин “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Алматыгийн дэвжээнд хэсэгтээ Энэтхэгийн Сарита Саритатай хийж 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд зоондоо ялсан өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Сарита Саритатайгаа дахин таарч 7:10-аар харамсалтай ялагдал хүлээлээ. Манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд алдаа гарган ялагдал хүлээжээ.

Мөн өчигдөр манай эмэгтэй бөхчүүдээс өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа амжилтаа ахиулж үзүүрлэлээ. Тэрбээр үдээс өмнө хэсэгтээ Энэтхэгийн Ниша Нишаг цэвэр, БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялсан билээ. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга, үе тэнгийн Кыргызстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав. Ийнхүү эхний өдөр манай таван нядхан зодоглосноос нэг алт, хоёр мөнгөн медальтай өндөрлүүллээ. Өнөөдөр барилдах эмэгтэй таван тамирчиндаа амжилт хүсье. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг та бүхэн доорх хаягаар Улаанбаатарын цагаар 13:00-д шууд хүлээн авч үзнэ үү!

https://uww.org/event/asian-championships-16?tab=results
 

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.