Дэлхийн “цэрэг”-ийн зардал их наяд давлаа

Аливаа улс орны батлан хамгаалах хүч бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа байдаг. Үүний нэг бат илэрхийлэл нь зэвсэгт хүчин, цэрэг армийн бэлтгэл, бэлэн байдал юм. Өөрөөр хэлбэл, цэргүүдийн ур чадвараас гадна зэвсэг техникийн бэлтгэл бэлэн байдал ч онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл дэлхийн улс орнууд цэрэг армидаа хэр мөнгө зарцуулж байгаагаас гадна зэвсэгт мөргөлдөөн, хяналтын талаарх судалгааг Стокгольмын Энхийн судалгааны институт жил бүр гаргадаг байна. Тус байгууллагын судалгааны үр дүн ирэх таван жилийн ерөнхий хандлагыг  тодорхойлдог ч гэж ярьдаг. Ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн батлан хамгаалах салбарын зардлын жил тутмын өсөлт 1.5-2 хувьтай байна гэж  шинжээчид тооцоолсон байна.

Стокгольмын Энхийн судалгааны институтээс гаргасан тайлангаар 2019 онд дэлхийн улс орнууд батлан хамгаалах салбартаа их наяд 917 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 3.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, 1988 оноос хойш дэлхийн батлан хамгаалахын зардал хамгийн өндөр түвшиндээ хүрсэн бөгөөд АНУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Саудын Араб цэрэг армийн зардлаараа дэлхийд эхний таван байрт жагсаж, дэлхийн цэргийн зардлын 62 хувийг бүрдүүлж байна. Өмнөд Солонгос, Япон, Герман, Их Британийн батлан хамгаалахын зардал 43.9-49.3 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа нь нийт эдийн засагтайгаа харьцуулбал их тоо биш аж. Мөн Их Британи 56 тэрбум ам.доллар, Франц 53 тэрбум ам.доллар,  Герман 48 тэрбум ам.доллар, Япон 45 тэрбум ам.доллар, БНСУ 41 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Харин манай улсын хувьд төсвийнхөө нэг хүрэхгүй хувийг зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт зарцуулдаг учраас зэвсэг техникийн шинэчлэл олигтой хийгддэггүй. Өнгөрсөн 20-30 жилд галт зэвсгийнхээ нөөцийг ашиглаж ирсэн.Ихэвчлэн гадны тусламж, дэмжлэгээр явж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах салбарын төсвийн 90 орчим хувь нь алба хаагч нарын цалин, урамшуулал бусад урсгал зардалд зарцуулагддаг. Харин төсвийн хуваарилалтыг хоёроос доошгүй хувьд хүргэчихвэл батлан хамгаалах салбар хөгжих бололцоо нэмэгдэнэ гэдгийг салбарынхан хэлдэг. Ирэх жилүүдэд ердийн  зэвсгийн сумаа өөрсдөө үйлдвэрлэж, агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэл хийх. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад бэлтгэгдсэн цэргийн инженер, мэргэжилтнүүдийн чадварыг ашиглаж инновацийг нэвтрүүлж, техник хэрэгслээ сэргээн сайжруулах ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

АНУ

2019 онд Пентагонд 732 тэрбум ам.доллар зарцуулжээ.  Дональд Трампын Засгийн газар Ирак, Сири, Афганистан дахь цэргийн тоо, цэргийн ажиллагааны хамрах хүрээг хязгаарлах нь тодорхой болсон ч Нэгдсэн улсын цэргийн зардал огт буураагүйг судлаачид тэмдэглэжээ. Дэлхийд батлан хамгаалахын зардлаараа 5-10 дугаар байрт жагсаж буй улс орнууд бүгдээрээ АНУ-ын холбоотнууд.  Тус улс сансрын хүчин байгуулснаа зарласнаар АНУ-ын зэвсэгт хүчин зургаан салбараас бүрддэг болсон байна. Цаашид станц барих, Марсыг судлах нэрийдлээр зардал нэмэгдэх төлөвтэй гэсэн судалгаа гарчээ.

БНХАУ

Манай өмнөд хөрш батлан хамгаалах салбартаа дунджаар 261 тэрбум ам.доллар зарцуулдаг байна. Ши Жиньпин Хятад улс хөрш зэргэлдээ, бүс нутгийн улс орнууддаа цэргийн хүчээр заналхийлэхгүй гэж мэдэгддэг боловч цэргийн зардлаа нэмдэг. Ялангуяа, Хятадын эргээс хөдөлсөн хөлөг онгоцнууд нь тус улстай нутаг дэвсгэрийн маргаантай, Америкийн холбоотон гэж болох улсуудын ойролцоох тэнгисээр явж өнгөрдөг нь Бээжинд таатай биш. Тэнгисийн хүчиндээ нисэх онгоц тээгч хоёр том хөлөгтэй болсон Хятад гурав дахь аварга хөлгөө зэвсэглэлд оруулахаар ажиллаж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.

Энэтхэг

Энэтхэг улсыг зэвсгийн маш том зах зээл гэж үзэж Европын улс орнууд зэвсгээ зарах гэж өрсөлддөг. Нарендра Модийн Засгийн газар 71.1 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулжээ. АНУ-аас байлдааны нисдэг тэрэг, ОХУ-аас С-400 пуужингийн систем авах зэргээр цаашид ч Энэтхэгийн батлан хамгаалахын зардал өсөх магадлалтай гэж тооцжээ.

ОХУ

АНУ, ОХУ хоёр дэлхийн зэвсгийн худалдааны  50 гаруй хувийг бүрдүүлдэг. Сүүлийн хоёр жилийн дунджийг харвал оросууд батлан хамгаалах салбартаа 65.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. ОХУ-ын зэвсгийн хөтөлбөр нь маш том үйлдвэрлэл учраас цаашид ч цэргийн зардлаар дэлхийд эхний таван байраас доошоо унахгүй гэсэн прогнозыг судалгааны байгууллага гаргажээ.

Саудын Араб

Иран улс 2015 оноос хойш газрын тосны экспортоо огцом нэмэгдүүлж, олсон мөнгөө зэвсэглэлд зарцуулж эхэлсэн нь геополитикийн болоод исламын ертөнцийн гол өрсөлдөгч Саудын Арабыг зэвсэглэхэд хүргэсэн гэж үздэг. Саудын Арабын эзэн хаан Салман Трампын айлчлалын үеэр 10 жилийн хугацаанд 300 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авахаар болсон гэсэн мэдээлэл гарч байв. Сүүлийн хоёр жилд Саудын Араб батлан хамгаалах салбартаа 61.9 тэрбум ам.доллар зарцуулснаар Оросын ард бичигджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.