Намрын дунд сарын шинийн 17-нд Монгол Улс 112 өрхөөр бүл нэмлээ
Шаргал навчис хөглөр­сөн, намрын өдрүүд. Нам­рын дунд сартай урал­дан хуримын зар түгж, налгар намар хуримын сар болж хувирна.

Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээнэ гэдэгчлэн монголчууд эрт­нээс намрын дунд сарын шинийн 17-ныг бэлгэ дэмбэрэлтэй өдөр хэмээн бэлэгшээж найр хурим үүсгэдэг заншилтай. Тэгвэл энэ өдөр өнгөрсөн баасан гарагт тохиож, 112 өрх гэр бүл болсноос Гэрлэх ёслолын ордноо 65 нь Гэрлэх ёслолын ордонд саатсан юм. Гэрлэх ёслолын ордны үнийн хувьд энгийн өд­рүүдэд 756000, амралт, баяр ёслолын өдөр 803000, Дашням, Балжин­ням 1276000 төгрөгийн үнэтэй байдаг аж.

Энэ л өдөр гэрлэх ёс­лолын ордон хөлгүй их зочинтой байдаг бө­гөөд үүрийн таван жин­гээр ёслол үйлдэх нь ч бий. Хэдий бидний дунд “Хү­мүүс шөнө дунд хүртэл гэрлэлтээ батлуулдаг гэнэ лээ” гэх яриа байдаг ч бодит байдал дээр тийм зүйлгүй гэдгийг тус ордны зохион байгуулагч хэлж байв. Учир нь иргэд хэ­дий­гээр шөнө 02:00, 04:00 цагуудаас цаг авдаг бо­ловч ирэхгүй байх тохиол­дол их аж.

Гэрлэх ёслолын ордны орчмоор элдэв гоёл чимэг­лэл болсон машинууд эв­лүүлдэг тоглоом адил зай завсаргүй зогссон нь энэ газар хэдий ачаалалтай байгааг илтгэх мэт.

Мөн хүү, охиныхоо гэрлэлтээ батлуулах ээлжийг хүлээж, хэд гурваараа хууч хөөрч, тамхиа баагиулах хөгшид ч олон. Тэр ч бүү хэл хийх байхаа олж ядан, уйдсан жаал ч цөөнгүй. Энэ бол Гэрлэх ёслолын ордны хашаан доторх нэгээхэн дүр зураг.
Харин ордон дотор хөл гишгэх зайгүй. Ордны гол шатны хоёр талаар байрлах буйдан дээр хөгшчүүл амсхийж, духныхаа хөлсөө арчих аж. Билэгт сайн энэ өдөр гэр бүлээ зохиож буй залуу хосуудын гэр бүл, төрөл төрөгсөд бүгд цугласан тул ачаалал ихтэй, нийтийн тээврийн автобуснаас ч илүү шахцалдах аж. Багачууд нь бүгчимдэн бархирч эцэг эхчүүдээ багагүй сандаргана.





Арай том болсон нэг нь “амиа аргалж” хүнгүй булан тохой олоод эвтэйхэн суучихсан харагдана. Гэхдээ ийм сэргэлэн толгойнууд тийм ч олон биш. Угаас тэр байшинд тухайн өдөр хүнгүй булан гэж үгүй байв. Хувьтай хүн хурнаар гэдэгчлэн үдээс өмнө бороо орж, шинэхэн хосуудад хурмаст хур хайрласан юм.

Гэрлэх ёслолын ордноо ёслол үйлдсэн хосууд төв талбай тийш эргэж, эзэн Чингисийнхээ талбайд зургаа татуулан, Зайсан толгой тийш мөр гаргасны дараа хундага тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах идэх рестораныхаа зүг явдаг болж.
Харин энэ өдөр хэдэн гэр бүл бүртгүүлснээс, хэчнээн нь ирсэн мөн үнэ ханшийн талаар Гэрлэх ёслолын ордны захиалга хүлээн авагч, зохион байгуулагч Д.Нарантуяагаас тодруул­сан юм.

-Ийм сайн өдрүүдэд ачаалал ердийнхөөс их үү?

-Жилд хоёрхон удаа Дашням, Балжинням дав­хацсан өдөр тохиодог. Түүний нэг нь өнөөдөр. Харин нөгөөх нь намрын адаг сарын шинийн 3-н. Ерөнхийдөө энэ өдрүүдэд ачаалал асар их.

-Шөнө дөлөөр захиалга өгөөд, ёслолоо хийдэг хүмүүс хэр их вэ?

-Хүмүүс захиалга өгөхдөө 00:00 цагаас эхлээд шөнөжин захиалга өгдөг. Гэхдээ тэдний ирэх нь цөөн. Өнөөдрийн байдлаар 65 хүн ёслол хийх гэж байна.

-Ер нь тэгж ёслол үйлдэх нь хэр зохимжтой вэ?

-Уг нь тэгж оруулахгүй гээд бид төлбөрөө нэмсэн. Гэтэл хүмүүс маань өөрсдөө захиалгаа шөнөөр өгдөг. Ламаас асуухаар шөнийн туулай цагт хуримаа хийгээрэй гэдэг юм шиг байгаа юм.

Шинэ хэв маяг

Сүүлийн үеийн ху­римуудыг ажаад байхад нэгэн шинэлэг зүйл бий болжээ. Тодруулбал, ижил өнгийн даашинзаар гоёсон сүйт бүсгүйн найз бүсгүйчүүд болон ижил өнгийн зангиа, хослолоор дэгжирхсэн за­луус. Найзуудаараа нийлж, аз жаргалтай инээм­сэглэл тодруулан зогс­сон бүсгүйчүүд “Сэлфи” зур­гаа авах нь мөн л энэ өд­рийн нэгэн чимэг. Зөвхөн хосуудын найзууд ч биш хун цагаан хуримын даашинзаа өмссөн сүйт бүсгүй, тас хар хослолоор гангарсан сүйт хархүү хоёр гэрлэх ёслолын ордны шатан дээр мөнөөх зургийг авах нь мөн л шинэ хэв маяг.





Нөгөөтэйгүүр тус ордны гадаах зогсоолд нийслэлийн үзэмжид өнгө нэмж, хүмүүсийн харааг булаадаг төмөр хүлгүүд эгнэн зогсох нь ч гайхалтай. Ерөөс гэрлэх ёслолын ордон гэдэг энэ газар энэ л өдөр автомашины үзэсгэлэн, хувцас загварын шоу, хөөрхөн дээрээ “тавьсан” бүсгүйчүүдийн цугларалт болдог аж. Заримдаа олны танил хэн нэг эрхэм эсвэл томоохон бизнесмэний хурим болоход тэнд жинхэнэ утгаараа авто­машины үзэсгэлэн болно. Харин намрын дунд сарын шинийн 17-нд хэн нэг олны танил эрхэм хуримаа хийж, хурсан олны нүдийг хужирласангүй.

Гэхдээ энэ өдөр худалч хүнд том оврын автобустай эндүүрмээр, олноо “Х.Бат­тулгын цагаан” нэ­рээр та­нигдсан цагаан жийпнээс ч урт цагаан болон арай богино хар, цагаан хоёр “Hummer” жийп байсан нь олон залуусын утасны дэлгэцийг чимэх шиг болсон. Амьдралд ганц тохиох чухал өдөр бо­лохоор хүн бүр хуримаа онцгой байлгахыг хүсдэг нь энэ мэт чамирхлуудаас тодорхой. Энэ өдөр та гэрлэх ёслолын ордноос үндэс­ний дээлний шинэ загварын чиг хандлагыг ч харах боломжтой аж. Учир нь сүүлийн үед хүмүүсийн ихээр өмсөх болсон хүннү захтай болон халх захтай дээлийг ёоз ёозоор нь өмссөн байсан.

Гэр бүлийн баяр

Дээр дурьдсанчлан тамхиа баагиулж, хууч хөөрч суух хөгшид ойрд уулзалдаагүй нь илт. Хуримын энэ өдөр нэг ёсондоо гэр бүлийн, ургийн баяр аж. Тэд ойр зуурын сонин солилцож, тэдний хүү ажилд орж, тэдний охин хүүтэй болж гэхчлэн ярьцгааж, нэгнийхээ ам­рыг эрэн, цагаан сараар уулзалдаж амжаагүй нь гар зөрүүлэн золгоцгоож байв.

Багачуудын хувьд ч тэр үеийнхээ жаалуудтай хөөцөлдөн тоглож, олны дундуур үймэлдэх нь дугаараа хүлээж, басхүү олон хүний амсьгалд ха­лууцсан олныг бага ч атугай сатааруулна.

Ахмадуудаас цааш хазайвал үеэлүүд бололтой үеийн залуус хэд хэдээрээ нийлэн их хотын сонин сайхан хөөрөлдөж, тэнд үдэшлэг, энд найр наадам байгааг нэгэндээ дуулгах аж. Мөн бүсгүйчүүд нь бие биенийхээ найз залуусыг сонжин харж зөвлөгөө хүртэл өгч байх юм. Ажил, хичээл гээд өөр өөрийн амьдралтай хүмүүс ха­маатныхаа хоёр хүнд баяр хүргэхээр цугласан нь тэр бүр уулзалдаад байдаггүй тэдний хувьд амттай яриа өрнүүлэх сайхан завшаан бололтой. Мөн хувцас солих өрөөнд охиноо гоёж байгаа ээж, эгч нараар дүүрэн байв.

Харин нөгөө өрөөнд нь найзыгаа, ахыгаа өрхийн тэргүүн болгохоор бас насан туршийн ханьтайгаа амьдралаа хол­бох гэж байгаад баяр­ласан бас тэр хэрээр харамласан залуус. Эрвээхэй зангиа зүүж үзээд сонин юм гэж хэлэх сүйт залуу. Даа­шинз­ныхаа урт хормойг найзаараа өргүүлсэн сүйт бүсгүй гээд Гэрлэх ёслолын ордонд нэгэн хэвийн үзэгдэл хэд дахин давтагдана.

Торгон агшин

Гэрлэх ёслолын ордноос хосуудад өгдөг 40 минут дуусч. Ёслолыг дэгийн дагуу гүйцэтгэсэн хосууд Гэрлэх ёслолын ордны шатан дээр гэрэл зургаа татуулдаг уламжлалтай. Яг л энэ мөчид залуусын харцнаас хайр гэрэлтэх аж. Хөөрч догдолсон, хэзээ мөдгүй нисэх гэж байгаа ч юм шиг гэгэлзсэн харц. Түүнийг л аз жаргал гэдэг байх. Мөн бяцхан үрээ тэвэрсэн хосууд яагаад ч юм бусдаас илүү сайхан харагдах аж.

Нөгөөтэйгүүр гэрлэж байгаа найзыгаа харсан ганц бие бүсгүйчүүдийн цагаан атаархал. “Миний найз сайхан бүсгүйтэй суулаа даа” гэсэн сүйт за­луугийн найзуудын бахархсан харц.

Харин яг тэдний эгц урд зогсох аав, ээжүүд нь баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг. Үүлэн сүүдэр дайрахад даарчих вий хэмээн энхрийлж, манцуйтай байхаас нь өдийг хүртэл өсгөсөн үрээ хадамд гаргаж байгаа болохоор нууцхан харамладаг биз.

Уул шиг түшигтэй эцгээ дээлийнхээ нударгаар нүүрээ шудрахыг харсан бүсгүйн харц гэрлэх ёслолын хамгийн торгон агшин гэлтэй. Ингээд хаан бугуйвч, хатан сүйхээ солилцож, эхнэр нөхөр бололцсон шинэхэн гэр бүлүүдэд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • brenda  2019-10-24 13:00:14
    Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нү...