Эрэлт ихтэй өдөр өнжүүлэхэд эрхзүйн орчин алга
Сүүлийн жилүүдэд эрчимжиж бай­гаа хүн амын өсөлтийг гүйцэх бүтээн байгуу­лалт манай улсад тэр дундаа нийслэлд хийг­дэхгүй байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Үүнийг цэцэрлэг, сур­гуулийн хүрэлцээ муу байгаагаас харж болно.

Тухайлбал, бага насны хүүхдүүдэд цэ­цэрлэг олдохгүй, сургуулиудын анги дүүр­гэлт тогтоосон хэм­жээнээсээ хэтэрлээ гэх сэтгэл гонсойлгом мэ­дээ сүүлийн жи­лүүдэд тас­раагүй. Эцэг эхчүүдийн хувьд энэ нь намрын намарт сэдэрдэг “толгойны өвчин” юм.

Энэ асуудлыг амтай бүхэн дээр, дооргүй ярьдаг ч шийдвэрлэх арга замаа эрж хай­саар л. Өнөө­гийн нийгэмд эцэг эх­чүүдэд тулгамдаж буй энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн гол “түлхүүр” нь Өдөр өнжүүлэх төв болоод байгаа билээ.

Хэдийгээр борооны дараах мөөг шиг олширлоо гэх шүүмжлэлд өртдөг ч эцэг эхчүүдийн хувьд хамгийн хэрэгцээтэй зүй­лийнх нь нэг аль хэ­дийнэ болсон. Яагаад гэвэл амьдралаа залгуулахын тулд ажил­лаж, хөдөлмөрлөх шаардлага насанд хүрсэн хүн бүрийн өмнө тулгардаг шүү дээ. Гэтэл зарим хүний хувьд ажлаа хийж, олсон тав гурван төгрөгөө амьдралдаа нэмэрлэе гэхээр хүүхдийг нь харах хүн олддоггүй.

Аль эсвэл хичээлийн хоц­рогдолтой хүүхдэдээ зар­цуулах цаг зав гардаггүй гэх зэргээр Өдөр өнжүүлэх төвийг сонгох шалтгаан эцэг эхчүүдэд олон бий. Тиймээс эдгээр төвийн ач тусыг мэдэрч, сайшаах хүн олон бий.

Гэхдээ эцэг эхчүүд бид хаанаас зөвшөөрөл ав­сан, ямар эрх үүрэгтэй газар хүүхдээ өгснөө төдийлөн мэддэггүй. Зарим хэнэггүй нөхөд бараг асууж судлалгүйгээр хүүхдээ хө­төлж аваачаад, төлбөрийг нь төлөөд л оруулчихсан байдаг. Уг нь энэ төвийн үйл ажиллагаа олон улсад бол тодорхой хууль, тогтсон эрхзүйн орчин, боловсролын албан ёсны хөтөлбөрийн дагуу хэрэгждэг юм билээ. Харин манайд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд ямар зөвшөөрөл, хууль журмын дагуу хэрэгж­дэгийг тодруулахаар албаны хүмүүсийг зорилоо.

Эхний ээлжинд Өдөр өнжүүлэх төвийн асуудал аль яаманд харьяа­лагддагийг олж мэдэхийг хүсч, Бо­ловсрол, шинжлэх ухааны яам, Хүн амын хөгжил, нийг­мийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамнаас асуусан боловч харамсалтай нь алинд нь ч хамааралгүй болж таарав. Уг нь харьяа­лагдах магадлалтай гэж үзсэн нь л энэ.

Харин нэгэн танил маань “Өдөр өнжүүлэх төвийн асуудлыг аль нэг яам хариуцдаггүй, дүүргээс нь зөвшөөрөл олгодог юм шиг байна билээ” хэмээн ярьж байсан нь санаанд оров. Энэ мэдээл­лийн дагуу Сүхбаатар, Чингэл­тэй дүүрэгт очиж тод­руулахад, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах “Дүүргээс ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй. Зөвшөөрөл олгох эрх, үүрэгтэй байгууллага нь ч манайх биш.

Өдөр өнжүүлэх төвийн тухайд тодорхой эрхзүйн үндэс байхгүй. Нэг талаас эцэг эх, нөгөө талаас өдөр өнжүүлэх төвийг ажил­луулж байгаа хүмүүсийн хоёр талт гэрээнд үндэслэн үйл ажиллагаагаа явуул­даг. Өөрөөр хэлбэл, цэ­вэр итгэлцлийн үндсэн явагд­даг” гэв.

Харин Сүхбаатар дүүрэгт очиход, шинэ байр руугаа нүүж байгаа гээд бөөн бужигнаан. Миний асуултад хариулах хүн ч олдсонгүй.

Өдөр өнжүүлэх төвийг хариуцдаг, зөвшөөрөл олгодог байгууллага байх­гүйг сонсоод сэтгэл жаахан гонсойсон ч, миний эрэл дуусаагүй юм. Хэрвээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг ямар нэг байдлаар хариуц­даг байгууллага байдаггүй юм бол хяналт шалгалт тавьдаг байгууллага ч байх ёстой гэж үзээд эрлээ үргэлжлүүлэв. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Боловсрол, шинжлэх ухааны хяналт хариуцсан мэргэжилтэн Болормаагаас тодруулахад, “Өдөр өнжүүлэх төв нь боловсрол олгодог газар биш, учраас манайх шалгалт хийх боломжгүй. Харин эрүүл ахуй, орчин талаас нь л шалгалт хийдэг. Үүнээс илүүг шалгах эрх бидэнд байхгүй” гэв.

Энэ мэтээр аль ч яаманд харьяа­лагддаггүй, ямар нэгэн төрийн бай­гууллагаас тусгай зөвшөөрөл авдаггүй юм бол хэн дуртай нь ийм төвийг ажиллуулах боломжтой гэсэн үг юм. Хэдийгээр өдөр өнжүүлэх төвтэй хол­боотой элдэв хэл ам одоохондоо олны дунд гараагүй л байна. Мууг зөгнөх гэсэн юм биш л дээ. Гэхдээ бид хүүхдүүдээ хооллож, сурч боловсрох, хараа хяналттай байлгахын төлөө Өдөр өнжүүлэх төвд өгч байгаа шүү дээ. Гэтэл муугаар бодоход тэдэнд маань ямар нэгэн зүйл то­хиолдвол хариуцах эзэн­гүй гэсэн үг.

Уг нь эрхзүйн орчныг нь бүрдүү­лээд “Буух эзэн буцах хаягтай” болгочихвол хүүхдээ хөтлөөд тус төвийг зорин очих эцэг эхчүүдийн цуваа тасрахгүй л болов уу. Уг нь балчир үрсийн маань боловсролыг Боловсрол, шинжлэх ухаа­ны яам, нийгмийн аюулгүй байдлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийг нь Эрүүл мэндийн яам гээд хариу­цах эзэн олон л байлтай. Гэтэл яагаад “Өдөр өнжүүлэх төв”-ийг өдий болтол ямар нэгэн харьяа­лалгүй явуулаад бай­гаа юм бол. Эрэлт ихтэй Өдөр өнжүүлэх төвийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Өндөр төлбөртэйг эс тооцвол боломжийн юм билээ


-XIII хорооллын тэнд байдаг нэг өдөр өнжүүлэх төвд өмнө нь хүүхдээ өгч байсан, боломжийн л санагдсан. Гэхдээ төлбөр нь өндөр санагдсан. Сар бүр 250 мянган төгрөг төлөхөөр өрхийн төсөвт хүнд тусдаг юм билээ. Зөвхөн өдөр өнжүүлэх төвийн төлбөрөөр зогсохгүй шүү дээ.

Хүүхдээ гайгүй сургуульд сургаж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээнэ. За тэгээд 2-3 хүүхэдтэй айл бол хэцүү л юм шиг байна билээ. Уг нь иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байвал хэрэгтэй л юм.



Хүүхдийг хичээлийг нь давтуулахын сацуу амраадаг байвал зүгээр


-Тогтмол ажилтай би­дэн шиг хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ. Эцэг эхтэй байгуулдаг гэрээгээ сайжруулах нь зүйтэй. А4-ийн хэмжээтэй ганцхан цаасан дээр хэвлэсэн маш товчхон гэрээ байдаг. Түүнд нь тодорхой зүйлийг на­рийвчлан заагаагүй байдаг.

Мөн хүүхэд тэнд байхдаа гэртээ эцэг эхтэйгээ яаж амардаг уу яг тийм байх ёстой. Өөрөөр хэлбэл, үдээс өмнө хичээлтэй байсан хүүхэд өдөр өнжүүлэхдээ очоод цайгаа уучихаад ун­таж амардаг байвал зүгээр санагддаг юм.

Тэгэхгүй бол хүүхэд жаахан ядрах гээд байдаг талтай. Хоол хүнс нь эрүүл, орчин нь тухтай, хичээлийг нь давтуулдаг багш нь мэргэжлийнх байвал эцэг эхчүүд дуртай байх нь мэдээж шүү дээ.



Өдөр өнжүүлэх төв байх ёстой гэж үзэж байна

-Би Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг маш их дэмждэг. Нэгэнт төр засаг сургууль, цэцэрлэгээ барьж чадахгүй байгаа юм чинь хувь хүмүүс ийм төв байгуулаад, сайн ажиллуулж чадаж л байвал дэмжих л хэрэгтэй. Би ач зээ нараа өгдөг. Боломжийн санагдаж байгаа.

Үнэхээр хүний сэтгэлд хүрэхээр үйлчилгээ үзүүлээд, түү­нийхээ шанд ашгаа олж чадаж байвал болоо шүү дээ. Хэн ч тэдэнтэй өгөөжтэй зүйл хийснийх нь төлөө хэл ам хийхгүй.

Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэгчээр энэ олон “Өдөр өнжүүлэх төв”-д дотор сайн нь ч, саар нь ч байгаа. Миний хувьд хийж чадаж байгаагаа дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Өглөөний сонин
М.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkkk 2014-10-13 12:34:52
    хэн нэг нь хариуцаад эхлэхээр дарамт шахалт нь ихсээд авилга авах нэг сайхан боломж болох болно доо.
    180.235.186.131
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2014-10-13 05:00:57
    Сургуулиуд тойрог тойрогынхоо хүүхдүүдийг авчихдаг бол анги дүүргэлт болоод хүүхэдтэй ажиллах багшийн ачаалал хүндрэхгүй байх нь ойлгомжтой. Гэтэл цэвэрлэгчээсээ эхлээд багш захирал хүртэл мөнгөөр хүүхэд оруулахаар нэг анги 50 гараад явчихаж байна шүү дээ. БСШУЯ-ны сайд анхаармаар юм. 33-р сургууль гэхэд л өглөө машин дүүрэнь нэг ангийн 30 гаруй хувь өөр тойргоос ирж байна шүү дээ, Үүнийг шалгадаг хянэадаг газар байна уу, Энэ явдал сургалтын чанарт нөлөөлж байна. Ингэж даамжруулж даврааж байхаар шалгаад арга хэмжээ авч болохгүй юу .....
    202.72.243.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ээж 2014-10-13 04:33:33
    Ёстой хамгийн хэрэгтэй асуудалд шүү дээ яагаад төр засгийн хийх ёстой ачаанаас үүрч бга хэдэн багш нь өдөр өнжүүлэх байгуулаад таван өтгөрөг олж болохгүй гэж болно ш тээ харин ч багш нь байгуулсан ювм чинь гайгүй л юм хийхийг бодно ш тээ би дэмждэг шүү
    121.101.177.66
    Мэдэгдсэн Хариулах