ЭМЯ: Нийт 1220 тохиолдол нэмэгдэж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 567.849 хүн халдвартай гарч, 604.274 хүн эдгэрч, 9521 хүн нас барсан. Дэлхийн хэмжээнд нийт 136.291.755 хүн халдвар авсан бол 111.022.868 хүн эдгэрч, нас баралт 2.941.128 боллоо. Коронавирусийн халдварын улмаас 200 гаруй улсад нас баралт бүртгэгдсэн.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 салбар лабораториудад хийгдсэн нийт 10827 хүний шинжилгээнээс 1220 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 17823 боллоо.  Үүнээс  10253 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч гарсан байна.  

Коронавируст халдварын улмаас /49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 29 боллоо. 49 настай эрэгтэй  дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж  нас барсан бол 44 настай эрэгтэй СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн хүнд хэлбэрээр нас барсан.

Шинэ халдварын 1208 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 17260 боллоо.  Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёроор нэмэгдэж нийт 77 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол 10-аар нэмэгдэж нийт 438 боллоо. 

Шинэ халдварын 1094 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын нийт халдвар 15085 боллоо. Орон нутагт 114 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  2175 боллоо.  Увс аймагт 2 /6/, Сэлэнгэ аймагт 10 /336/, Булган аймагт 2 /72/,  Ховд аймагт 15 /143/, Архангай аймагт 26 /216/, Төв аймагт 21 /441/,  Чойрт 1 /28/, Сүхбаатар аймагт 11 /92/,  Өвөрхангай аймагт 4 /179/, Дундговь аймагт 3 /12/, Дорноговь аймагт 2 /58/, Дархан-Уул аймагт 6 /208/, Орхон аймагт 11 /223/ тохиолдол тус тус нэмэгдсэн.  Өмнөговь, Говь-Алтай аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  2804 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 40, хүнд 138, хүндэвтэр 652, хөнгөн 1974 хүн байна.
 


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus