Хятадын импортод нөлөөлсөн монгол нүүрсний таатай ирээдүй

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас тус улсын нүүрсний импорт энэ оны эхний улиралд 28.5 хувиар, гуравдугаар сард өмнөх сараас 1.81 хувиар буурсан гэх мэдээлснийг өчигдөр “sxcoal” дамжуулжээ.  Харин Монгол Улс 2021 он гарснаас хойш Хятадын коксжих нүүрсний хамгийн том ханган нийлүүлэгч болсныг мөн онцолсон байна. Тодруулбал, энэ оны эхний хоёр сард БНХАУ-ын импортын 61.7 хувийг дангаараа нийлүүлжээ. Өнгөрсөн оны өмнөх үед энэ тоо 17.8 хувь байсан юм. Харин 2021 он гарснаас хойш дотоодод алдсан цар тахлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагаас нүүрсний экспорт ч гацаанд орж удааширч байна.

Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн бөгөөд  Хятадын Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд татан авалт бүрэн зогссон байна. Ийнхүү нүүрсний татан авалт зогссоны улмаас Хятадын хилийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дуусч зарим нь үйл ажиллагаа нь зогссон байна. Одоогоор нүүрсний экспорт хэзээ хэвийн болох нь тодорхойгүй хэвээр байгаа. Хамгийн том ханган нийлүүлэгчийн хувьд он гарснаас хойш энэ мэт шалтгаанаар тасалдаж удааширсан нь БНХАУ-ын импорт буурахад тодорхой нөлөө үзүүлжээ.

Хятадын нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард буурсан үзүүлэлттэй байгаа ч 2170 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеэс найман хувиар өссөн байна. Импорт буурсан ч зардал нэмэгдэхэд нүүрсний үнийн өсөлт нөлөөлсөн байна. Тухайлбал, жилийн дүнгээр нэг тонн нүүрсний үнийг 7.2 ам.доллараар өсгөж 79.4 ам.доллар байхаар тооцоолж байгаа аж.

Тэгэхээр импорт буурахын хэрээр БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл 2021 онд өсөх төлөвтэй байгааг экспертүүд хэлж байна. Тухайлбал, энэ онд коксжих нүүрний эрэлт 560 сая тоннд хүрч өсөхөөр байгаа аж. Тиймээс эрэлтээ хангасан нийлүүлэлтийг авч чадахгүй бол хомсдол үүснэ гэж тооцоолж байгаа гэнэ. Энэ бол манай улсын хувьд том боломж бөгөөд цар тахлын аюултай холбоотой цаг үеийн түгжрэл гацаа арилчихвал монгол нүүрсний ирээдүй өнгөтэй байгааг илтгэнэ. Хэдийгээр манай улсын экспортын хэмжээ буурч байгаа ч нийлүүлэлт буурснаас шалтгаалсан үнийн өсөлт нь нийт дүнгээр экспортын орлого буурахгүй байх боломжтой гэж дүгнэж байгаа.

БНХАУ Австралийн нүүрсний испортод албан бус хориг тавьсан нь Монгол, Оросоос худалдан авч буй нүүрсний хэмжээг огцом нэмэгдүүлсэн ч томоохон ханган нийлүүлэгчдэд тулгамдсан асуудлууд буюу цар тахлын асуудлаас болж импорт нь буураад байгаа тул Хятад өөрсдөө дотоод хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дотоодын нүүрсний уурхайнуудыг сайтар дэмжиж өмнөх оны дүнгээс 3.7 хувиар өсгөн, 503 сая тоннд хүрнэ гэжээ. Австралиас нүүрс авахаа больсноос хойш  Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ өссөөр байгаа бөгөөд Даляны түүхий эдийн биржийн мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр тонн нь 1353 юань байсан бол өдгөө энэ үнээс 16 хувиар өсч, 1573 юань болсон байна.

Тэгэхээр асар том хөрш зах зээлийн эрэлттэй байгаа хэрэгцээг хангаж, хамгийн том ханган нийлүүлэгчийн байр суурийг хэвээр хадгалах боломж Монголд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Төгс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хаан зантай бай 2021-04-14 02:01:08
    хөрш оронтой дип харьцаатай өгөө аваатай байх ёстой хятад авах дээрээ боогоод байвал манайх өгөхөө байчих үхлээ аваач гэж битгий өлөн царайл боль