Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв
Улсын  Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар танилцууллаа.
    Монгол Улсын Их Хурлаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр баталсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолыг хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хориг тавьсан.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар 1 дэх хэсгийн 1-т заасан эрхийнхээ хүрээнд дээрх хоригийг тавьсан болохыг Ө.Шижир дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байдаг Үндсэн хуулийн цэцийг байгуулах, гишүүдийг нь томилж, чөлөөлөх асуудалд хууль тогтоомжийн дагуу хандах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг эрх бүхий байгууллага хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэр зааж, эгүүлэн татах саналаа Улсын Их Хуралд тавихаас биш, Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль зөрчсөн тул санал болгож, томилуулсан хүмүүсийнхээ аль нэгийг эгүүлэн татья гэх байдлаар санал тавих боломжгүй гэж үзсэнийг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг санал болгох болон томилуулах бүрэн эрхийг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг дээрхийн адил хэрэгжих ёстой гээд “Бүрэн эрхийн хугацаа дууссан гишүүдийн аль нэгийнх нь оронд томилоорой” гэдэг саналаар асуудлыг шийдэх нь хуульт ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа аж.

    Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүйгээр байгуулах нь талуудын хүлээсэн үүрэг гэдгийг онцолж байв.

    Хууль зүйн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтдээ дурджээ.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн талаарх санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга болон энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Туваан, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.

    Ийнхүү асуулт, хариултын дараа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжлээ.

    Ингэснээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.