А.Энхбаяр: Виртуалаар жуулчдыг татахаас гадна сургалтад ашиглаж болно

Цар тахал хумигдаж аялал жуулчлалын салбар сэргэх хүлээлттэй байна. Энэ хүлээлтийг эрсдэлгүй, эдийн засагт хэмнэлттэй, орон зай үл хамаарах виртуал аялал жуулчлал нээж байгаа юм. Монголд виртуал жуулчлалын дэд бүтцийг бий болгож байгаа инженерийн ухааны доктор, профессор А.Энхбаяртай ярилцлаа.

 

-Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийг дэлхийн нийтээр виртуалаар  нээж байна. Харин манай улс үүнд бэлэн үү?

-Цахим аялал жуулчлал цар тахал гарахаас  өмнө эхэлсэн. Харин аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу дижитал шилжилт COVID-19-аас болж улам хурдаслаа. Үүний нөлөөгөөр сургалт, ажлын байр зэргээр олон зүйл өмнө нь төсөөлж байгаагүй хэлбэр рүү орж байна. Ялангуяа, аялал жуулчлалын салбарт виртуал ажлал жуулчлал гэсэн шинэ хандлага, ойлголт бий боллоо. Цар тахлаас болоод жуулчид аялаж чадахгүй байгаа тохиолдолд дэлхий нийтэд өөрийн түүх болон байгалийн өв соёлыг танин мэдүүлэх хэрэгтэй. Дараагийнх нь мэдээж аялал жуулчлалын шугамаар тодорхой хэмжээний орлого олох юм.Үүнийг виртуал аялал нээж өгч байгаа. COVID-19-ийн дэгдэлтийн үед жуулчид виртуалаар аялах нь эрсдлийг багасгах учраас энэ чиглэлийн сонирхол ч нэмэгдэж байна. Мөн цаг хугацаа, зардал хэмнэнэ. Заавал нисч очиж олон хоног зарцуулахгүйгээр мэдээллээ нэг дороос авах боломжтой. Аялал жуулчлал бол хүссэн газраа очиж, сонирхсон мэдээллээ авах процесс. Үүнийг технологиор бүрэн шийдвэрлэж өгч болох ч хүн бол сэтгэлийн амьтан. Заавал таван мэдрэхүйгээрээ харж, сонсч, хүрэлцэж, амталж байж таашаал авдаг. Технологи хэчнээн сайн хөгжиж эдгээрийг бүрэн орлож чадахгүй ч тасралтгүй сайжирч байгаа. Хэдэн жилийн дараа тэр бүх мэдрэмжийг бүрэн өгч чадах байх.

Виртуал аялал жуулчлалыг компьютер мэддэг хүмүүс хийчихдэг юм биш. Аялал жуулчлал гэдэг мэргэжлийн том салбарыг судалж мэдэх гээд өргөн хүрээтэй ойлголт учраас технологийнхон болон аялал жуулчлалын салбарынхан хамтрахаас аргагүй. Тиймээс манай МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лаборатори “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-тай хамтран ажиллаж байна. Бид технологийн тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан учраас аялал жуулчлалын мэргэжлийн хүмүүс нэгдвэл үр дүнтэй, илүү хол явах болов уу гэж бодож байна. Манай лаборатори сүүлийн таван жил технологийн дэвшлийг судалж янз бүрийн үр дүн гаргалаа. Хамгийн анх Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийг дижитал орчинд оруулж виртуал музей хийсэн. Дүрслэх урлагийн музейд ухаалаг хөтөч хийж өгсөн. Хархорин, Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг виртуал болголоо.

-Виртуал аялал жуулчлал бизнесийн нэг шинэ модель боллоо. Танай дата баазыг аялал жуулчлалын компаниуд нээлттэй ашиглаж болох уу?

- Дэлхий нийтээр виртуал аялал жуулчлал руу эрчимтэй орж эхэллээ. Энэ зунаас 21 аймгийн түүхэн болон үзэсгэлэнт  газруудаар явж тусгай зориулалтын төхөөрөмжөөр виртуал орчин үүсгэж зураг, бичлэг хийнэ. Виртуал орчинд явахад яг л тухайн газраар аялаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Бизнес талаас нь харвал бид аялал жуулчлалын платформ байгуулчихаад өөрсдөө эзэмшиж жуулчдад үзүүлэх гээд байгаа зүйл биш. Дэд бүтцийг нь байгуулах юм. Сонирхсон байгууллага, хүмүүстэй аль аль талдаа ашигтай, хялбар байх үүднээс хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Эхний хувилбаруудаа гаргачихвал салбарынхантай, мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, зөвлөж шийдлээ гаргана. Ер нь бол виртуал технологийн тусламжтайгаар  харах, сонсох, хүрэх  гурван мэдрэхүйг авч чадна. Тухайлбал, Улаан цутгалан байлаа гэхэд яг орчинд нь зогсоод харж, усны чимээг нь сонсч, хүсвэл хүрч  мэдэрч болно. Хөтөч аяллын турш ач холбогдол, түүхийг тайлбарлана. Ингэж тал талаасаа нийлээд дэд бүтэц байгуулчих юм бол аялал жуулчлалын компаниуд ашиглаж болно. Тур компаниуд манай нээлттэй дата сангаас ашиглаад хаанахын жуулчдад ямар аялал санал болгохоо сонгох боломжтой. Бид эхний байдлаар Хэнтий, Өвөрхангай аймгийн зарим газруудыг виртуал орчинд оруулсан. Тухайлбал, Монголын нууц товчоо виртуал аялал гэхэд үйл явдал нь хаанахын ямар дурсгалт газар өрнөснийг  тайлбарлахад тухайн газар нь хүн өөрөө зогсч байхаар хийж байгаа юм. Эхний хоёр бүлгийг хийснээ удахгүй олон нийтийн хүртээл болгохоор бэлтгэж байна.

Ер нь бол жуулчид янз бүрийн сонирхолтой. Зарим нь үзэсгэлэнт байгалийг үзэхээр ирдэг бол нөгөө хэсэг нь Монгол ахуй, нүүдэлчин зан заншилтай танилцахыг хүсдэг юм байна. Тиймээс монгол айл жилийн дөрвөн улиралд хэрхэн аж төрдөг. Хоолоо яаж хийдэг, цагаан идээгээ хэрхэн боловсруулдгаас эхлээд монгол ахуйг виртуалд оруулах боломжтой. Энэ баазыг цааш нь улам баяжуулаад сайжруулаад явах боломжтой.

-Орон зай үл хамаарах учраас олон талын ач холбогдолтойг онцолж байна. Зөвхөн гадаадын жуулчид гэлтгүй Монголчууд ч мөн адил түүхээ танин мэдэх нь чухал шүү дээ? 

-Манай улс хоёр сая жуулчин авчирна гэж олон жил ярилаа. Ач холбогдол талаас нь харвал хэдэн мянган жуулчин жилийн дотор Монголд ирвэл хэчнээн мөнгө олж байгаа ч байгаль экологи талаасаа ямар сөрөг нөлөөтэй байх билээ. Мөн жуулчдын аюулгүй байдал талаасаа ч  виртуал жуулчлал ач холбогдолтой гэж харж болно. Виртуалаар үзээд сэтгэлд нь хүрсэн бол заавал бодитоор үзэхийг хүсэх учраас жуулчдыг татах нэг хөшүүрэг, сурталчилгаа болж өгнө. Тоног төхөөрөмж нь маш үнэтэй болохоор нэг жилд бүх аймгийн зургийг авч чадахгүй учраас жуулчдын очдог гол сонирхолтой газруудын зургийг авахаар төлөвлөж байна. Дан ганц гадаадын жуулчид биш эх орноороо бүрэн дүүрэн аяласан монгол хүн ховор. Мөн виртуал орчинг  сургуулийн сургалтад ашиглаж болно. Монголын хамгийн өндөр, нам дор газар, урт гол, нуур хаана байдгийг номноос уншихын оронд виртуалаар харах огт өөр. Гадаадад олон жил амьдарч байгаа хүмүүс нутгаа санадаг. Хааяа бүр эх орноо ганцхан харчихмаар болно. Тэр мэдрэмжийг нь виртуал орчноос авч, төрсөн нутгаараа аялаж болно.

Түүхийн үзмэрүүдээ ч мөн адил дижитал хэлбэрт оруулаад хадгалчихвал хүмүүс гадаадаас холбогдоод шууд үзнэ. Манайхан саяхан виртуал Хархорин гэж бүтээлээ. 800 жилийн өмнөх болон одоогийн Хархоринтой харьцуулж үзүүлэх нь нэг талаас түүх соёлоороо бахархахаас гадна аялал жуулчлалын томоохон контент болж байна. Эхний ээлжинд томоохон гол, хүрхрээнүүдээр аялах боломжтой болж байгаа.  Ер нь бол чаддагаа хийх хэрэгтэй. Уг нь чаддагаа хийгээд хамтарвал илүү чанартай бүтээл хийж, илүү хол явна.

Хаана очиж ямар зураг авахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

-Эдийн засгийн тооцооллыг хэрхэн хийсэн бэ. Тухайлбал, виртуалаар нэг цаг аялахад ямар төлбөртэй байх бол?

-Виртуалаар хонон өнжин аялахгүй. Хэдэн цаг л зарцуулна. Дэлхийн жишгээр бол зарим нэг бага хэмжээний үзвэрүүд үнэгүй байдаг. Харин хөтөчтэйгөөр виртуалаар аялахад нэг цагийн 10-20 ам.доллар байдаг юм билээ. Жуулчин ирээд буцахтай харьцуулахад хямдхан сонсогдож мэдэх ч дэлхийн өнцөг булан бүрээс тасралтгүй хандах боломжтой. Мөн зөвхөн зун жуулчид ирэх биш жилийн дөрвөн улирал аялуулах зэргээр сонголт, хувилбар олон бий.

-Монголын түүх, соёл үзэсгэлэнт газруудын дата бааз цугларах нь. Мэдээллийн аюулгүй байдал, датаг хэрхэн баталгаатай хамгаалах вэ?

-Технологийн талын мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Мэдээж хүмүүсийн оюуны өмч учраас аюулгүй хамгаалах ёстой. Үүнд зайлшгүй анхаарна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.