ЭМЯ: Эхний тунд хамрагдаад халдвар авсан хүмүүс эдгэрснээс хойш 6-8 сарын дараа дахин вакцинд хамрагдана
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийсэн. Мэдээллийн дараах асуулт хариултыг хүргэж байна.

Асуулт, харилт

-Вакцинд хамрагдсан хэдэн хүнд халдвар илэрсэн бэ? Вакцинд хамрагдахад ПГУ шинжилгээ өгөхгүй асуумж бөглөн хамрагдаж байгаа. Хэрэв халдвар авснаа мэдэлгүй, нууц илрэх шинж тэмдэггүй үедээ вакцин тариулвал яах вэ?
-Вакцины эхний тунг хийлгээд дархлаа бүрэн тогтож амжаагүй байхад халдвар авсан хүний тоо 532 болсон. Эдгээр иргэдийг дархлаажуулалтад хамрагдчихаад халдвар хамгааллын дэглэмээ  сайн бариагүй учраас халдвар авсан гэж үзэж байгаа. Вакцины эхний тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа анхан шатны дархлаа тогтож, 2 дахь тунг авсны дараа 14-28 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. 

Халдвар авсанаа мэдэхгүй, халдварын шинж тэмдэг илрээгүй нууц үедээ явж байгаа хүн вакцин тариулсан тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаарх ДЭМБ-ын судалгаа байхгүй байна. Гэхдээ ийм тохиолдолд тухайн хүн вакцинд хамрагдаж болно. 

-Вакцины эхний тунг хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан. Тэгвэл дээрх хүмүүст дараагийн тун хийгдэх үү?
-Эхний тунд хамрагдсан хүмүүс халдвар авсан нь батлагдсан учраас коронавирусийн халдварын эсрэг стандарт эмчилгээнд хамрагдаж байгаа. Эмчилгээнд хамрагдаад эдгэрээд эсрэг биет үүссэнээс хойш 6-8 сарын дараа дахин шинээр вакцинд хамрагдана. 

-Өнөөдрийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн хэд нь хүүхэд байна вэ? Эмчилгээ хийгдэж байгаа хүмүүсийн хог хаягдлыг хэрхэн зохицуулж байгаа вэ? Халдвартай хүмүүсийн хог хаягдлаас халдвар тархах уу? 
-Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын 1500 гаруй нь хүүхэд байна. Энэ хүүхдүүд ойрын хавьтал буюу гэр бүлээсээ халдвар авсан байгаа. 0-4 насны 400 гаруй, 5-14 насны 500 гаруй хүүхэд байна. 

Халдвартай хүмүүсийн хог хаягдлын халдвар тараах эрсдэл харьцангуй бага. ЗӨСҮТ голомтын халдваргүйтгэл хийж байгаа. Халдвартай хүн эмнэлэгт зөөвөрлөгдөн ирсэн, гэрт нь хүн үлдээгүй тохиолдолд гэрт нь голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийнэ. Тэгэхээр хог хаягдал гарахгүй. Хэрэв тухайн хүн хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдолд гэртээ байгаа. Энэ нөхцөлд хог хаягдал гарна. Хог хаягдлыг ЗӨСҮТ болон тухайн дүүрэг хороооны СӨХ хог хаягдлыг халдваргүйжүүлж ажиллаж байгаа. 

-Улаан бүс рүү нэвэрч өвчтөн эргэх журмын талаар мэдээлэл өгөөч. Энэ журам нь хэзээнээс ямар учир шалтгаанаар  хэрэгжиж эхэлсэн бэ? Манай улсад коронавирусийн халдвар аваад эдгэрснийхээ дараа дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?
-"Улаан бүс" гэдэг нь халдвартай бүс. Улаан, шар, ногоон гэсэн гурван бүсээр хувааж байгаа. Энэ нь сахиур, өвчтөн, эмчид зориулсан гэсэн тусгайлсан зүйл биш ерөнхий зохицуулалттай явдаг. Өмнө нь байсан одоо ч байгаа. Улаан бүс рүү эмч, эмнэлгийн ажилтан ороход ямар хуцвас өмсөх, ямар дэглэм барих вэ гэдэг нь бүгд журамлагдсан байдаг. 

Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 5000 гаруй хүн эдгэрсэн. Эдгээр хүмүүст эсрэг биет үүссэн эсэх шинжилгээг хийн гаргаж, гарсны дараа давтамжтай хяналт тавьж судалгаа хийгддэг. Дахин халдвар авсан хүн байхгүй.

-Ойрын хавьтал болсон хүмүүсээс хэдэн өдрийн дотор шинжилгээ авч байгаа вэ? Зарим хавьтал болсон хүмүүс шинжилгээ авахыг хүлээн нийгмийн харилцаанд орж байгаа нь халдвар тарах эрсдэлийг нэмэгдүүлж байх шиг байна.
-Ойрын хавьтал болсон хүмүүс гэрийн тусгаарлалтад байгаа. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн биеийн байдлыг өрхийн эмнэлэг хариуцаж ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлуудаас гурав хоногийн дотор эхний шинжилгээг авч байгаа. Дараагийн шинжилгээг 6 дахь хоногт авч байгаа. Энэ нь нууц үеийн хугацаатай холбоотой. Шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа учир гадуур явах боломжгүй. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus