ЭМЯ: Нийт 481 нэмэгдсэнээс Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 салбар лабораториудад нийт 14218 шинжилгээ хийгдсэнээс 481 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо.  Үүнээс 60,0 хувь буюу 4835 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрч гарсан байна.  

Шинэ халдварын 481 тохиолдол  дотоодод бүртгэгдсэн. Дотоодын нийт халдвар 7533 боллоо. 

Шинэ халдварын 404 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 6672 тохиолдол боллоо. Орон нутагт 77 тохиолдол нэмэгдэж нийт өвчлөл  861 боллоо. Дархан-Уулд 3, Орхонд 15,  Архангайд 7, Төв аймагт 27, Увс аймагт 1,Өвөрхангайд 10, Баянхонгор аймагт 1, Хэнтий аймагт 1, Булган аймагт  10, Ховд аймагт 2  тохиолдол тус тус нэмэгдсэн. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд  нийт  1776 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 11, хүнд 31, хүндэвтэр 250, хөнгөн 1486 хүн байна.

Асуулт, хариулт

-ТЭЦ-4 станцын вакцин хийлгэсэн 14 хүнээс халдвар илэрсэн гэсэн мэдээ үнэн үү?
-Өнөөдрийн байдлаар халдвар гарсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. Тодруулаад хариуг хэлье.

-Гуравдугаар сарын 27-ны өдөр яагаад вакцин хийгдээгүй вэ?
-Гуравдугаар сарын 27-ны өдөр вакцин хийгдсэн, харин гуравдугаар сарын 28-ны өдөр бүх эмч, ажилчдыг амраасан. Орон нутагт бол дархлаажуулалт хэвийн явагдсан. Гуравдугаар сарын 29-нөөс дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Дараагийн вакцин хэзээ ирэх вэ?
-Дөрөвдүгээр сараас татан авалтууд эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 2-ноос вакцины давтан тун хийгдэнэ. Спутник болон Синофарм вакцины татан авалт хийгдэнэ.


-Хатуу хөл хорио тогтоосон үед вакцины хоёр дахь тунгаа яаж хийлгэх вэ?
-УОК-оос хатуу хөл хорио тогтооно гэсэн шийдвэр гарсан. Засгийн газрын шийдвэр гараагүй байна. Тухайн иргэний гар утсанд хоёр дахь тунд хамрагдах мэдээлэл очих учраас саадгүй нэвтрүүлэх тал дээр хөл хорионы шийдвэр гарсан тухайн үед нь зохицуулалт хийгдээд явна. 

-Үсчин, гоо сайханчдыг хэзээ вакцин хамруулах вэ?
-Тухайн байршиж байгаа орон нутаг, дүүрэгтээ хүсэлтээ өгсөн тохиолдолд төлөвлөлтөд ороод нэмэлт вакцин ирэх үед хамрагдана. Ихэнх тохиолдолд хувиараа ажилладаг учир харъяа хороо, дүүрэгтээ хүсэлтээ гаргаж бүртгүүлэхийг хүсье.

-Одоо хийгдэж байгаа вакцины үйлчлэх хугацаа хэдэн сар вэ, хэрэв 6 сар бол иргэдээ 10 сараас дахин вакцинжуулах уу?
-:ДЭМБ-ын судалгаа хийгдэж байгаа. Одоо хийгдэж байгаа вакцинууд 6-8 сарын хугацаатай гэж тогтоосон. Коронавирус мутацид орж байгаа учир вакцины үйлчлэх хугацааны судалгаа зогсолтгүй хийгдээд тухай бүрт мэдээлэл өгөөд явна. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus