PCR шинжилгээнд найдах боломжгүй гэв

COVID-19 халдварын дэгдэлт огцом нэмэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд хоногт 300-400 тохиолдол бүртгэгдэж байсан бол 24 цагт хагас мянгаар нэмэгдсэн нь өнгөрсөн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болов. Ингэснээр дотоодын халдвар 7052 болж, 19 аймагт халдвар тархаад байна. Сүүлийн хэд хоногт орон нутагт халдвар эрчимтэй тархсан нь хотоос орон нутгийг зорьсон иргэдийн хөдөлгөөнтэй холбоотой гэж үзэж УОК-оос орон нутаг руу томилолтоор болон бусад шалтгаанаар явахыг бүрэн хориглолоо. Харин байнгын оршин суух харьяалалдаа ирж, очих нь нээлттэй. Мөн зайлшгүй буюу буяны ажил, эрүүл мэнд, хүнсний чиглэлээр зорчихдоо PCR шинжилгээ өгөх юм.

ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН ХҮНЭЭС ГУРВАН САР  PCR ШИНЖИЛГЭЭ АВАХГҮЙ

Эрүүл мэндийн байгууллага, яам агентлагууд иргэдэд үйлчлэхдээ PCR шинжилгээ шаардаж байгаа. Тэгвэл ЭМЯ болон ХӨСҮТ 72 цагийн шинжилгээний хариунд найдах боломжгүйг хэллээ. Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээний хариу нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг огт илэрхийлэхгүй тул иргэдэд төвөг удахаа зогсоохыг эмнэлэг, үйлчилгээний болон албан байгууллагууд ХӨСҮТ-өөс мэдэгдсэн юм. Харин шаардлагатай бол түргэвчилсэн оношлуур нь тухайн агшинд халдваргүйг нотлох боломжтой. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яамнаас төр, хувийн хэвшлийн эмнэлгийн амболаторид иргэдээс PCR шаардахгүй байх зохицуулалтыг хийж хүсэлт хүргүүлж байгаа аж. Өнөөгийн үйлчилж байгаа заавар, журмаар эмнэлгийн үйлчилгээ авахад PCR шинжилгээ шаардана гэж огт байхгүй. Энэ бол тухайн эмнэлгийн гаргаж байгаа шийдвэр. Мөн  халдвар аваад эдгэрсэн хүнээс гурван сарын турш дахин  PCR шинжилгээ авахгүй юм байна.

Шинжилгээ өгөх хүмүүсийн ачаалал нэмэгдсэнээс шинжилгээний цаг бүтэн сарынх нь дүүрчээ. Тиймээс зайлшгүй шалтгаанаар шинжилгээ өгөх хүмүүс түргэвчилснийг 30 мянган төгрөгөөр, PCR шинжилгээг 87000-100000 төгрөгөөр өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Энэ нь иргэдэд төлбөрийн дарамт үүсгэж байгаа учраас шинжилгээний цэгээ нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУН ХИЙЛГЭСЭН БОЛ СЕРТИФИКАТАА ҮЗҮҮЛЭЭД ХААНА Ч ЗОРЧИЖ БОЛНО

Цар тахлын халдвараас хамгаалах хамгийн найдвартай арга нь вакцинжуулалт гэдгийг дэлхий нийт онцолж байгаа. Манай улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт эхлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг буюу улсын хэмжээнд 279069 иргэнийг дархлаажуулаад байгаа юм.  ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Зорилтот бүлгийн хүмүүсийнхээ 55 хувийг эхний тунгаар дархлаажуулаад байна. Энэ нь Номхон далайн баруун эргийн бүс болон дэлхий дахины үзүүлэлтээр дээгүүр байр эзэлж буй үзүүлэлт юм. Дөрөвдүгээр сард  900000 хүн тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин орж ирэх юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Спутник V вакцин нэг сая хүн тун ирэх тул дархлаажуулалтынхаа үйл ажиллагааг маш өргөн хүрээтэйгээр цааш үргэлжлүүлнэ. Ирэх сарын 10-наас Синофармын, 15-наас АстраЗенека вакцины хоёр дахь давтан тунгууд хийгдэж эхэлнэ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр бүрэн дархлаа тогтсон эхний хүмүүс бүртгэгдэнэ гэсэн үг. Тэр үед тодорхой заавар журам гарна. Нөгөө талаар, вакцины бүрэн тун хийлгэсэн хүмүүст сертификат олгоно. Тэрхүү сертификатаар тухайн хүнийг бүрэн тун хийлгэсэн эсэхийг мэдэх боломжтой бөгөөд түүнийгээ үзүүлээд эмчилгээ үйлчилгээ авах, гадаад руу явах гээд хаана ч зорчиж болно.Вакцин хийлгэсэн тухай сертификатыг E-mongolia цахим хуудсаас монгол болон анги хэл дээр хэвлэж авах боломжтой” гэсэн юм. Харин олон нийтийн зүгээс халдварын тархалт нэмэгдэж буйг хязгаарлах боломж болох вакцинжуулалтыг шуурхайлахын тулд хувийн хувшилд эрхийг нь өгч татан оролцуулах гэдгийг хэлж байгаа. Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээллээр одоогийн байдлаар  Монгол Эм Импекс компанийн оруулж ирсэн вакциныг Интермэд эмнэлэг хийж байгаа юм байна.

ЭМЯ: ХАВЬТАЛ ГЭДГЭЭ МЭДЭЭД УТСАА УНТРААХ, НУУГДАХ АСУУДАЛ ГАРЧ БАЙНА

Халдвар авсан иргэд батлагдсан тохиолдолтой хэзээ, хаана ямар хэлбэрээр уулзсанаа тархвар судлаачдад үнэн зөв хэлбэл шинжилгээний тактикыг өөрчлөх боломжтой. Тэгэхгүй бол нөөцийг үр дүнгүй ашиглаж байгааг албаныхан хэлж байгаа. Тэр тусмаа сүүлийн үед хавьтал гэдгээ мэдээд утсаа унтраах, нуугдах асуудал гарч байгаа. Энэ нь нэг хүн 4-5 хүн тараах эрсдлийг улам нэмэгдүүлж байгааг өчигдөр яамнаас анхааруулсан юм. Мэдээллийн үеэр ойрын хавьтлыг илрүүлэхэд цахим программ ашиглаж эхэлсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын хавьтлуудыг шуурхай олох нь тархалт ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой. Ингэхдээ батлагдсан тохиолдол гарснаас хойш 48 цагийн дотор ойрын хавьтлыг нь 90 хувиас дээш олбол хавьтлыг олж чадаж байна гэж үздэг.Саяхныг хүртэл  хавьтлуудыг 90-ээс дээш хувьтайгаар илрүүлж байсан. Гэвч сүүлийн долоо хоногт тохиолдлын тоо нэмэгдэхийн зэрэгцээ хөл хөдөлгөөн их байгаатай холбоотойгоор маш олон ойрын хавьтал гарч ирж байна. Тиймээс бид аргаа өөрчилж, хавьтлуудыг түргэн хугацаанд олохын тулд хоёр төрлийн зохицуулалт хийсэн нь хүний нөөцөө нэмж, тандалтын цахим программ ашиглаж эхэлсэн. Энэ программыг ашигласнаар гэр бүлийн болон ойрын хавьтлыг Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд буюу өрхийн эмч нар систем руу оруулан мэдээлж, үүнийг нь ХӨСҮТ-ийн хавьтал судлалын баг болон бусад салбарын багууд баяжуулах маягаар ажиллаж байна.Хэдийгээр өдөрт маш олон ойрын хавьтлууд илэрч байгаа ч дээрх цахим программын үр дүнд хавьтлуудыг төдий чинээ хурдан хугацаанд олон боломж үүссэн" гэлээ. Тиймээс иргэд шинжилгээний хариу, амны хаалтанд бүрэн найдахгүйгээр аль болох гэртээ байх, олон нийтийн газраар явахгүй сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.

 

КОВИД-19, хөрш орны өвчлөлийн байдал

● ОХУ-д 4.519.832 хүн өвчилж, 4.139.128 хүн эдгэрч 97.740 хүн нас барсан.

Манай улстай хил залгаа нутагт бүртгэгдэж байгаа өвчлөлийг харахад:

●Буриад: 35.838 хүн өвчилж, 34.223 хүн эдгэрч, 777 хүн нас барсан.

●Эрхүү мужид: 61.078 хүн өвчилж, 58.198 хүн эдгэрч, 1987 хүн нас барсан.

●Тувад: 15.758 хүн өвчилж, 14.885 хүн эдгэрч, 197 хүн нас барсан.

●Өвөр Байгалийн Хязгаар нутагт: 40.883 хүн өвчилж, 39.390 хүн эдгэрч, 588 хүн нас барсан.

●Алтайн Бүгд Найрамдах Улсад: 16.639 хүн өвчилж, 16.250 хүн эдгэрч, 187 хүн нас барсан.

● БНХАУ-д: 102.680 хүн өвчилж, 85.364 хүн эдгэрч, 4851 хүн нас барсан.

● Японд: 467.112 хүн өвчилж, 440.859 хүн эдгэрч, 9049 хүн нас барсан.

●БНСУ-д: 102.141 хүн өвчилж, 94.124 хүн бүрэн эдгэрч, 1726 хүн нас барсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-03-31 00:19:32
    Heden terbuum huntei Khytad uls barag l uheeguitei adil ym bishuu?. Hun amiinh ni tootoi haritsuulahad. Sain arga hemjee avsan bn uu esvel hudal huurmag medee ...