Ээж, эхнэр хүнийхээ үүргийг л их сайн гүйцэтгэсээр байгаад уран бүтээлээсээ түр хугацаанд хөндийрчихлөө
Сумочдоос түрүүлж Их Наран улсад Монголынхоо нэрийг цуурайтуулж, уянгалаг сайхан хоолойгоороо байлдан дагуулж явсан дуучин Д.Оюунтүлхүүр 2006 оноос эх орондоо сууршиж, уран бүтээлээсээ түр хугацаанд хөндийрсөн билээ.

Тэгвэл тэрээр эргэн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орж, шинэ уран бүтээлүүдээ туурвин элэг нэгт ахан дүүстэйгээ өлгийдөн авахад бэлэн болжээ.

Мөн ирэх арваннэгдүгээр сард “Хайрын эгшиг”хэмээх бие даасан тоглолтоороо сонсогчдодоо бэлэг барихаар зэхэж байгаа гэнэ. Ингээд МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.

-Монголдоо суурин амьдраад багагүй хугацаа өнгөрлөө. Анх ирээд орчиндоо дасах хүртэл жаахан эвгүй л байсан байх даа?

-2006 оноос Монголдоо суурин амьдарч байна. Анх ирж байх үед миний хань хошигноод “Энэ хүнийг хөрсөн дээр нь буулгах гэж их л зовж байна даа” гээд л инээдэг байсан юм. 1990-ээд онд их хэцүү үе байсан шүү дээ. Нийгмийн өөрчлөлттэй давхцаад маш их хямрал нүүрлэсэн байсан. Яг тэр үед нутгаа орхиод явсан учраас их санадаг байлаа.

Ядаж л аав, ээжийгээ, найз нөхдөө санана. Би энд жаргалтай газар сайхан байхад нөгөө хэд маань яаж байгаа бол гэж санаа зовоод л. Ирэхдээ бол хүн чадах зүйлээ чадаж байгаа үедээ хийх ёстой гэсэн бодолтой л ирсэн.

-Өнгөрсөн хугацаанд уран бүтээл гэхээсээ илүү нийгмийн үйлсэд хувь нэмрээ оруулах ажилдаа илүү анхаараад байв уу?

-Хүмүүс намайг маш их магтдаг боловч би гэдэг хүн өөрөө өөрийгөө маш их голдог. Яг үүн дээр л нэг тийм зөрчил гараад байна уу гэж боддог юм. Нийгмийн сайн сайханд чиглэсэн энэ ажлыг би өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд хийгээгүй.

Анхнаасаа ч надад тийм бодол байгаагүй. Тийм ч их хүн сүрдээд байхаар овоож оцойсон мундаг зүйл хийгээгүй учраас тэрийг сурталчилж, рекламдаад бусдад зарлаад байх шаардлага байхгүй л дээ.

-Гэхдээ хүүхэд байхаасаа л урлагтай холбогдсон болохоор яаж ч байсан удаан хөндийрч чадахгүй байх?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхаасаа дуу хөгжимтэй ойр өссөн болохоор тийм амар хөндийрч чадахгүй л дээ.

Би чинь улиралдаа нэг удаа Япон явдаг, нэг очихоороо сар гаран болдог. Ер нь ирэн очин байдаг болохоор өөрийнхөө уран бүтээлийн ажил дээр сайн төвлөрч чадахгүй л байна.

Хүн гэдэг чинь байнга хөдөлгөөнтэй байж өөрөө өөрийгөө хөгжүүлж байхгүй бол байрнаасаа хөдлөхгүй нэг газраа суугаад байхаар хөглөгддөггүй ч юм уу нэг тийм хөшүүн болчихдог юм байна.

Шинэ уран бүгээлийн хувьд хараахан хүмүүсийн хүртээл болгож чадаагүй цөөнгүй бүтээлүүд дээр ажилласан. Цөөхөн ч гэсэн хэдэн дуутай цомог гаргая гэж бодож байгаа.

-Хүүхэд насныхаа нэгээхэн хэсгийг харь оронд өнгөрөөсөн шүү дээ. Тэнд байхдаа, ганцаардахаараа өөрийгөө юугаар тайтгаруулдаг байв?

-Хүний элэг гэж их айхтар зүйл байдаг юм билээ. Японд байх хугацаандаа гэр бүлийнхнийгээ санаж, үгүйлж уйлахдаа уйлж, уурлахдаа уурлаад л хүний амьдрал л болсон хойно янз янзын зүйл тохиолдож байсан даа.

-Өөрийнхөө мэдрэмжээр ая зохиох дуртай гэж өмнө нь ярьж байсныгтань сонсч байлаа. Одоо ч ая зохиох дуртай хэвээрээ юу?

-Өөрийнхөө бараг ихэнх дууны аяыг өөрөө л зохиосон байдаг. Харин "Зүүдний учрал” цомгийн дуунууд дээр их олон уран бүтээчидтэй хамтарч ажилласан. Том Жагаа ах, Н.Халиун, Г.Пүрэвдорж багш гэх мэтчилэн.

-”Оюунтүлхүүр” сангийн одоогийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?

-Анх 1997 онд “Оюунтүлхүүр” сан, төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулсан. Амаргүй байсан. Тухайн үед төрийн бус байгууллагуудын анхдагчдын нэг л болж байлаа. Аргаа олохгүй зүйл ч байсан. Туршлага дутаад, яахаа мэдэхгүй үе ч байсан.

Гудамжаар дүүрэн тэнэмэл хүүхдүүд харагдаад л. Болдогсон бол бүгдийг нь боломжийн хэрээр өсгөчих юмсан гэж бодогдоод л. Өөрийнхөө чадахынхаа хэрээр, бор зүрхээрээ зүтгэсээр байгаад л өнөөдрийг хүрч байна. Яахав манай нийгэмд нэг хэсэг тийм хүнд үзэгдэл байсан шүү дээ.

Харин одоо аажим аажмаар тэр зүйл багасч байгаа нь харагдаж л байна. Их олон байгууллагуудтай хамтарч чадсаны үндсэн дээр би ажлаа өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүнээс биш би ганцаараа хийнэ гэж зүтгээд ч чадахааргүй нөхцөл, бэрхшээл тулгарч байсан.

Гадаадын маш олон байгууллагууд биднийг санхүүжүүлж байсан. Тийм учраас энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Яваа яваандаа нийгэмдээ хамгийн их хэрэгтэй гэсэн зүйлийг л хийх юмсан гэсэн бодлыг тээгээд л явж байна. Тэр нь яг юу байвал илүү дээр вэ гэдгийг тунгаагаад л явж байна.

-Мөн “Тэмүүлэл” нэртэй халамжийн төвтэй болсон байсан. Гэтэл хаагдах болчихоод байгаа тухай сонслоо?

-Халамжийн төв маань үүд хаалгаа хаах хэмжээнд хүрчихээд байна. Стандартын бус байна гэсэн үндэслэлээр. Анхандаа хашаа байшинд хүүхдүүдээ байлгадаг байсан юм. Тэндээсээ өөрсдийнхөө хөрөнгөөр орон сууц авч хүүхдүүдээ нүүлгэсэн. Гэтэл бас л стандартад нийцэхгүй байна гэсэн.

Яахав олон жил бидэн дээр өссөн хүүхдүүд маань өсч том болоод тусдаа гарах нь гараад, сургуульд орцгоогоод явсан. Хоёрхон хүүхэд үлдсэн байсан юм. Ах, дүү хоёр л доо..

Халамжийн төв хаагдах болсон учир аргагүйн эрхэнд Улсын төв асрамжийн газарт даатгаж өгсөн. Ингээд түр хаасан байдалтай байна. Гэхдээ бүр мөсөн хаагдана гэхэд итгэж өгөхгүй л байна. Яваандаа боломж нээгдвэл төвөө дахин нээж ажиллуулахыг хүсч байна.

-Таны аавыг Монголын алдартай хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Урлагт хөл тавихад аавын нөмөр нөөлөг байсан биз?

-Байлгүй яахав. Аав байгаагүй бол би өдийд байхгүй шүү дээ. Аав минь надад хөгжмийн урлагийн А үсгийг зааж өгсөн хүн . Намайг хөгжимд хайртай болгосон, хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж чадсан хүн бол миний аав.

Аав минь бурхан болоод гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Аавыгаа амьд байхад тоглолт хийе гэж их л боддог байлаа. Гэвч хүсч байсан хэрнээ боломж гараагүй. Аливаа юм цаг хугацаатай байдаг байж магадгүй юм. Энэ жил л ингэж тоглох ёстой байсан юм болов уу даа.

-Дээр нь таны ойрын хамаатнууд дунд урлагийн хүмүүс их олон байдаг юм билээ. Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн гуайгаас авахуулаад л?

-Шархүүхэн эгч миний эмээгийн үеэл дүү л дээ. Яах аргагүй цусан төрлийн холбоотой хүмүүс. Миний эмээ ч гэсэн Сүхбаатар аймгийн театрын жүжигнин хүн байсан.

Миний өвөө “Өндгөн сүй” гэх мэтчилэн олон олон жүжиг найруулан тавьж байсан найруулагч хүн байлаа. Урлагийн гэр бүлээс гаралтай хүн гэж өөрийгөө боддог.

-Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурчаар суралцаж байсан. Цаашдаа зөвхөн дуулаад цомог гаргахаас гадна төгөлдөр хуурын гоцлол тоглох, энэ чиглэлээр уран бүтээл хийх бодол байдаг уу?

-Тоглох юмсан гэж их боддог л юм. Гэхдээ тэр бол маш их цаг хугацаа орох асуудал. Яагаад гэхээр би чинь байнгын бэлтгэлгүй байдаг хүн шүү дээ. Тиймээс эргээд формдоо ороход их цаг хугацаа орох байх. Үе үе эргээд нотоо нээх юмсан, эргээд суух юмсан гэсэн бодол төрдөгл юм. Нөр их хөдөлмөр орох байх.

-Анхны цомгоо хэдэн настайдаа гаргаж байв?

-13 настайдаа гран при шагнал аваад л миний уран бүтээл эхэлсэн. “Оyunaa" нэртэйгээр анхны цомгоо гаргаж байлаа. Харин “Ээжийн бүүвэйн дуу’’-г “Тэнгэрийн бүүвэй" нэртэй болгож сингл цомог гаргасан. Тэр үеэс хойш 25 орчим жил өнгөрчээ. Цаг хугацаа их хурдан өнгөрсөн юм шиг санагдаж байна.

-Японд гаргасан цомгийн тоо нэлээд их байгаа байх?

-Харьцангуй олон. Таван цомог, дөрвөн мульти сингл, 20-иод сингл СD гарсан.

-Таны ханийг чамгүй шүлэгч гэдэг юм билээ. Таны “Зүүдний учрал” цомогт орсон дөрвөн ч дууны шүлгийг, тэр дундаа “Зүүдний учрал” дууны шүлгийг бичсэн гэсэн. Мөн удахгүй бонсогчдын хүртээл болох "Зүрхэнд туссан гэгээ” дууны шүлгийг ч бичсэн байна?

-Анх надтай танилцахдаа надад шүлэг бичдэг гэж хэлж ч байгаагүй. Надтай гэрлээд хөглөгдсөн юм болов гу /инээв/. Уг нь бол санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүн шүү дээ.

Энэ “Зүрхэнд туссан гэгээ” дууны шүлгийг миний хань надад зориулж бичсэн юм. Хамгийн гайхамшигтай нь Г.Пүрэвдорж багш маань “Энэ аян дээр их сайхан үг олоод дуу болгоорой” гээд нэг ая өгсөн юм. Тэгтэл тэр ая, миний ханийн шүлэг хоёр зүгээр л яв цав наалдчихсан. Их санамсаргүй атлаа гайхалтай тохиолдол.

-Удаан завсарласны эцэст эргээд уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа мэдээг сонсоход сайхан байна?

-Тиймээ, би өөрөө ч догдолж байна. “Зүрхэнд туссан гэгээ”, Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой” гэсэн цоо шинэхэн гурван дууны минь клип бэлэн боллоо.

-Дуучин Д.Оюунтүлхүүрийн ихэнх дуу хайрын сэдэвтэй байдаг. Энэ утгаараа шинэхэн тоглолтоо “Хайрын эгшиг” гэж нэрлэв үү?

-“Хайрын эгшиг” гэдэг нэртэй тоглолтоор үзэгч түмэнтэйгээ эргэн улзах гэж байна. Их баяртай байна. Нэлээд олон жил эх орондоо тоглолт хийгээгүй. Намайг дэмждэг их олон хүнээс тоглолт хийх санал, хүсэлт энэ хугацаанд ирлээ.

Би хамгийн сүүлд “Зүүдний учрал' цомгийнхоо “Сэтгэлийн дуудлага” дууны клипийг үзэгчиддээ хүргэснээс хойш үзэгчидтэйгээ уран бүтээлээр уулзсангүй. Яг тэр үед бие давхар байсан л даа. Тийм учраас уран бүтээл, цомгийн танилцуулганы ажлаа үргэлжлүүлж чадаагүй.

Ээж, эхнэр хүнийхээ үүргийг л их сайн гүйцэтгэсээр байгаад уран бүтээлээсээ түр хугацаанд хөндийрчихлөө /инээв/. Миний дуунуудын дийлэнхи хувь нь хайрын тухай байдаг. Ер нь “хайр”-гүй уран бүтээл гэж байхгүй, миний өөрийн хайр шингэсэн дуунууд юм шүү гэсэн утгаар тоглолтоо “Хайрын эгшиг” гэж нэрлэлээ.

Тоглолт маань миний хувьд сэтгэл догдлуулан, их баярлууштай үйл явдал. Эргээд уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзах гэж байгаа болохоор тэр шүү дээ. Их хөерч байна. Тоглолт маань ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдөр тоглогдоно. Бодсон, төлөвлөсөн гэнэтийн бэлгүүд маань ч үзэгчдийг хүлээж байгаа.

-Өмнөх тоглолтуудаас нь юугаараа онцлог, давуу тоглолт болох бол?

-Өмнөх тоглолтууддаа японы хөгжимчидтэй хамтран ажилладаг байлаа. Харин энэ удаад Монголынхоо шилдэг, сор болсон хөгжимчидтэйгөө ажиллаж байна. Хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин Ц.Байдраг, “Никитон" хамтлагийн бөмбөрчин Ж.Золбоо, басс гитарчин Г.Буян-Өлзий, “White arch” студийн продюсер, гитарчин Т.Мөнх-Оргил, бөмбөрчин Б. Ганхөлөг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Мөн урилгаар саксофонч н.Цогоо, морин хуурч Р.Амарбаяр, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа зэрэг уран бүтээлчид оролцоно. Бэлтгэл бүрэн хангагдчихаад тоглох л үлдээд байна даа.

Мөн надтай их олон жил хамтарч ажилласан хөгжмийн тохируулга хийдэг япон хүн байдаг. Тэр хүнийг урьж тоглолтдоо оролцуулж байгаа.

-Тоглолтын бэлтгэл хэзээнээс эхлэв. Таны ямар ямар дуунууд эгшиглэх вэ?

-Бэлтгэл сар гаруйн өмнөөс эхэлчихсэн. Соёлын төв өргөөнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнд бэлтгэлээ хийж байгаа. Сайн уран бүтээлчидтэй ажиллах нь нэр төрийн хэрэг байдаг. Бас их сайхан урам зориг хайрладаг. Их амар байна.

Тоглолтонд өмнө нь дуулсан хуучны дуунуудаас минь гадна, ямар ч цомогт орж байгаагүй дуунууд, цоо шинэ дуунууд дуулагдана. “Зүүдний учрал” цомогт багтсан хэд хэдэн дуу бас дуулагдана.

-Ингэхэд эх орондоо хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэн бэ?

-Хамгийн сүүлд 2004 онд хандивын тоглолт хийсэн. Ингээд бодохоор бараг арваад жил өнгөрсөн байна шүү.

Нийслэл таймс
А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЖОЛООЧ 2014-10-10 11:04:34
    ЭХНЭР ХҮНИЙ ҮҮРГЭЭ Л САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙВАЛ НӨХӨР ЧИН ХАЯХГҮЙ ШҮҮ
    202.170.84.7
    Мэдэгдсэн Хариулах