
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа олгодог "Чингис хаан" одонг өнөөдөр сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардууллаа.
Өнгөрсөн жилийн тухайд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм."Чингис хаан" одон хүртсэн иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг.
1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.
Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байна.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Оллоо.мн