Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонголоо

   Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн  хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

    Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.    

    Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Өнөрболор Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар нар асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлэв.

  Асуулт асууж, үг хэлсэн гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн Ж.Мөнхбатыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай хуулиин төслийг хэлэлцэхэд  Байнгын хороо анхаарч ажиллах ёстойг захилаа. Мөн Үндсэн хуулиа хэлбэрэлтгүй даган мөрдөж,  төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх,  хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллахыг анхааруулав.

    Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71,6 хувь нь  дэмжив.  

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.