Армени, Киргиз евразийн холбоонд элсэнэ

Өнөөдөр Армени, Киргиз улс Евразийн холбоонд элсч магадгүй. Сүүлийн өдрүүдэд Армени, Киргиз улсын томоохон тушаалтнууд аравдугаар сарын 10-нд өөрсдийн улсаа Евразийн эдийн засгийн холбоонд орохоор болсныг мэдэгдээд буй. Өнөөдөр Минск хотод ОХУ, Казахстан, Беларусь улсуудын үүсгэн байгуулсан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх Евразийн эдийн засгийн холбооны чуулга уулзалт болно. Дээрх холбоог зарим нэг шинжээчид “Путины удирдсан Оросын эрхшээлд байх хуучин ЗХУ-ыг дахин сэргээх гэсэн оролдлого” хэмээн шүүмжилж байгаа.

Энэ сарын 8-нд Тбилиси хотод Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилитэй албан ёсны уулзалт хийсэн Армений Үндсэний хурлын дарга Галуст Саакян “Армени улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх замыг сонголоо” гэж мэдэгдсэн аж. Харин Гүрж улсын хувьд гадаад харилцааны стратегидээ Европын холбоотой ойртох чиглэлийг баримталдаг юм. Армени Евразийн эдийн засгийн холбоонд элсэх үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдсаныг өнгөрсөн долоо хоногт “ОХУ урьж байна” чуулга уулзалтын үеэр Оросын төрийн тэргүүн Владимир Путин хэлсэн билээ. Мөн тэрээр “Киргизстантай ч яриа хэлэлцээр өрнүүлж байгаа. Ирээдүйд энэ холбооны гишүүн орнууд улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Армени улс Евразийн эдийн засгийн холбоонд Уулын Карабахгүй, олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн газар нутгийн хил хязгаартай орно. Тус улсын хил хязгаарыг олон улсын хэмжээнд хүлээн зөв­шөө­рөхөд Уулын Карабахын аймгийг оруулаагүй.

Евразийн эдийн зас­гийн холбоонд Армени улстай зэрэгцээд Киргизстан ч гишүүнээр элсч магадгүй. Тус улсын хэв­лэлд мэдээлснээр Киргизийн эрх баригчид Евразийн холбоо болон Гаалийн холбоонд нэгэн зэрэг гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэнэ. Өнөөдөр Минск хотод болох Евразийн холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзал­тад Киргизийн төрийн тэргүүн Алмазбек Атамбаев ирэх нь тодор­хойгүй байсан юм. Учир нь Беларусийн эрх баригчид “олон хүний аминд хүрч, хүнд гэмт хэрэг үйлдсэн” гэж насаараа хорих ял сонссон Киргизстаны Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг нутаг­таа орогнуулж, түү­нийг хүлээлгэж өгөхөөс татгалзсан билээ. Уг асуудлаас болж Минск, Бишкек хоёрын харилцаа мууд­сан аж. Гэсэн ч Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Минск хотод очихоор болсон байна.
 

Зууны мэдээ
М.Хүслэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.