ЭМЯ: Улаанбаатарт 118, Завханд 2, Төв аймагт 1, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 9410  шинжилгээ хийгдсэнээс 122 тохиолдол шинээр нэмэгдлээ. Дотоодын халдвар 3551 болсон. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 424 болсон.  Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4083 боллоо.  Үүнээс  74 хувь буюу 3031 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 118 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн.  Улаанбаатарын нийт өвчлөл 3203 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд 2 тохиолдол, Төв аймгийн Зуунмод суманд нэг тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрлээ. Хавьтал судлалын хувьд 117 нь ойрын хавьтал, 112 хүнээс эхний шинжилгээгээр, 5 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. 5 хүний халдварын эх уурхайг судалж байна. Халдварын эх уурхайг судалж байгаа хүмүүсийн хувьд ХУД-ийн 20-р хороо, БГД-ийн 4, 16-р хороонд оршин суудаг. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан, Төв аймагт  нийт  973 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 65, хөнгөн 900 хүн байна.

 Ойрын хавьтлуудыг тусгаарлах журамд өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна. Ойрын хавьтлыг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, гэрийн ажиглалтад 7 хоног байдаг байсныг өөрчлөн 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар болсон. Хүн болгоныг гэрийн тусгаарлалтад үлдээхгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын А101 тоот тушаалын дагуу 3 төрлийн үнэлгээ хийнэ. 
           -Эмнэлзүйн үнэлгээ
           -Гэр ахуй, орчин нөхцлийн үнэлгээ
          -Эмнэл зүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг хянах гэсэн үнэлгээг тус тус  үндэслэн хаана тусгаарлахыг шийдвэрлэнэ.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus