
Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлын тоймыг хүргэе.
АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨХӨӨР АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018.03.23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ.
Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна.
Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм гэв.
ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээлээ. Албан бичигт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ёс зүйгүй мэдээлэлтэй холбоотойгоор албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан байна.
ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эхлэн банкуудын эх үүсвэрт тулгуурлан 3%-ийн хүүтэй олгохоор болсон. Зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдэд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж, зөрүүг банкуудад төлөх юм. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэг болон батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах үйл ажиллагаанд Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх байдлаар оролцож ажиллах юм. Бага хүүтэй ажлын байр дэмжих зээлд дараах нөхцлийн хүрээнд хамрагдана.
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцөл
Нийт зээлийн хэмжээ: 2 их наяд төгрөг хүртэл;
Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: Аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл,
Батлан даалтын хэмжээ: Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл);
Зээлийн нөхцөл
Зээлийн зориулалт: Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээлийн эх үүсвэр: Банкны өөрийн эх үүсвэр;
Зээл олгох хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;
Зээлийн хэмжээ: Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая хүртэл,
Зээлийн хугацаа: 3 жил хүртэл;
Зээлийн хүү: жилийн 3 хувь;
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна.
АШИГГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ
Гуравдугаар сарын 10-ны өдөр бослон Засгийн газрын ээлжит хуралдаанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд Б.Жавхлан танилцуулав.
Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна.
2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” 1.1 их наяд, “Эрдэнэс таван толгой” компани 440 тэрбум төгрөгийн ашигтай, бусад нь алдагдалтай байсан гэсэн үг юм.
Цаашид:
- Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх
- Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх
- Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох
- Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
ЗАРИМ АЙМГУУД ТУХАЙН ОРОН НУТАГ РУУ ОРОХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА
Улаанбаатар хот бүхэлдээ коронавирусийн голомт болж сүүлийн хоногуудад халдварын тоо буурахгүй байгаатай холбогдуулан зарим аймгууд тухайн орон нутаг руу орох хөдөлгөөнийг хаалаа. Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна.
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР 1.3 САЯ ХҮНД ШААРДЛАГАТАЙ ВАКЦИНЫГ ХАНДИВЛАХААР БОЛСОН
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакциныг хандивлахаар болсон. Энэ талаарх ноот бичигт гуравдугаар сарын 10-ны өдөр талууд гарын үсэг зурсан юм. Мөн вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэхээр болсон.
ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН ТЭЗҮ-Г ЭНЭ ОНЫ 3-Р УЛИРАЛД БАГТААН БОЛОВСРУУЛЖ ДУУСГАНА
Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Төлөвлөгөөний хүрээнд
Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо. Төлөвлөгөө батлагдсанаар талуудын үүрэг, чиглэл тодорхой болж, Байгалийн хийн хоолойн төслийн үйл явц шинэ шатанд гарах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын хувьд газар зүйн байршлын давуу талаа ашиглан хөрш хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болох замаар эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломжтой учраас Байгалийн хийн хоолойн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, идэвх санаачилгатай ажиллахаа Шадар сайд илэрхийллээ.
Уулзалтыг халдвар хамгааллын чанд дэглэмийн дагуу Улаан, Ногоон бүсэд тусгай горимоор зохион байгуулсан юм.
С.Тайшир
Оллоо.мн