ЭМЯ: Нийт 169 тохиолдол нэмэгдсэнээс 13 хүний халдварын эх уурхайг судалж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораториудад нийт 19318  шинжилгээ хийгдсэнээс 169 тохиолдол шинээр нэмэгдлээ. Дотоодын халдвар 3303 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3833 боллоо.  Үүнээс  77 хувь буюу 2955 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 169 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн.  Хавьтал судлалын хувьд 156 нь ойрын хавьтал, 136 хүнээс эхний шинжилгээгээр, 18 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр, 2 хүнээс гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. 13 хүний халдварын эх уурхайг судалж байна. Халдварын эх уурхайг судалж байгаа хүмүүсийн хувьд БЗД-ийн 5, 16-р хороо, БГД, СБД, СХД-ийн 9, 12-р хороо, ХУД-ийн 3, 21-р хороонд оршин суудаг. 

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан, Төв аймагт  нийт  861 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 42, хөнгөн 811 хүн байна.

 Сүүлийн хоногуудад халдвар ихсэж байгаатай хоблогдуулан ХӨСҮТ болон ЭМЯ-наас УОК-т маш тодорхой саналуудыг хэд хэдэн хувилбараар гаргасан. Хамгийн үр дүнтэй арга бол бүх нийтийн хөл хориог 2 нууц үеийн хугацаа буюу 28 хоногоор тогтоох бүр боломжгүй бол үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах, нэг дор 10-аас дээш хүн цугларахыг хориглох, 10-аас дээш хүн цугларах шаардлагатай бол тэрхүү арга хэмжээгээ цахимаар зохион байгуулах, эрсдэл өндөртэй фитнесс, караоке, баар, ресторан зэрэг газрын үйл ажиллагааг 14-21 хоногийн хугацаанд түр хугацаанд зогсоох гэсэн саналуудыг хүргүүлсэн. 

УОК шийдвэрээс хамаарахгүйгээр ард иргэд халдварын тоо нэмэгдсэн энэ үед маскаа давхарлаж зүүх, олон хүнтэй газраас зайлсхийх, ойрын зайнаас бусадтай харилцахаас зайлсхийж хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар хангахыг хүсье.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus