ЭМЯ: Нийт 80 халдвар нэмэгдэж, нэг хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Дорноговь аймгийн салбар лабораториудад нийт 21585 шинжилгээ хийгдсэнээс 80 тохиолдол шинээр нэмэгдлээ. Дотоодод халдвар авсан 3032 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3561 боллоо.  Үүнээс  80 хувь буюу 2847 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 79 нь Улаанбаатар хотод, 1 нь Төв аймагт бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 2687 тохиолдол боллоо.  Хавьтал судлалын хувьд 77 нь ойрын хавьтал, 65 хүнээс эхний шинжилгээгээр, 12 хүнээс 2 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Гурван хүний халдварын эх уурхайг судалж байна. Энэ гурван хүн БЗД-ийн 14-р хороо, ХУД-ийн 2-р хороо, СХД-ийн 26-р хороонд оршин суудаг. 

Харамсалтай мэдээ байна. 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Ингээд коронавирусийн халдварын нас баралт 4 боллоо. Энэ хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаад коронавируст халдвар нь уушигны тархмал хатгаа болон хүндэрч нас барсан.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  697 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 646 хүн байна.

С.Тайшир
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus