ЭМЯ: Улаанбаатар хотод 96, Төв аймагт 7, Завхан аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, ХУД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад нийт 11170 шинжилгээ хийгдсэнээс 109 тохиолдол шинээр нэмэгдлээ.  Дотоодын нийт халдвар 2952 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3481 боллоо.  Үүнээс  80 хувь буюу 2797 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 96 нь Улаанбаатар хотод, 7 нь Төв аймагт, 2 нь Завхан аймагт бүртгэгдлээ. 104 хүн нь ойрын хавьтал бөгөөд 95 хүн нь эхний удаагийн шинжилгээгээр, 10 хүнд нь хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажиллагаа хийгдэж байна. Эдгээр халдварын эх уурхайг нь тодохойлохоор ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ЧД 6-р хороо,  СХД 12, 20, 35-р хороо, ХУД 15-р хороонд хаягтай. Улаанбаатар хотын нийт өвчлөл 2608 боллоо. Дүүргээр нь хэлбэл ЧД-6, СБД-5, СХД-20, БГД-21, БЗД-24, ХУД-20 тус тус нэмж бүртгэгдлээ. 


ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  668 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 46, хөнгөн 615 хүн байна.

Улаанбаатар хот нэг том голомт учраас хэн хаанаас ч хэзээ ч халдвар авч болзошгүй байна. Мөн халдвар дамжих хамгийн гол зам бол агаар дуслын зам тийм учраас агаар сэлгэлтийг маш сайн хийх хэрэгтэй. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашдагма: Нийслэлийн 9 дүүрэг, 35 цэгт, 48 баг 420 гаруй эмч ажилчид дархлаажуулалтын ажил хийж байна. Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30446 хүнийг вакцинд хамруулсан. Нийт хамрагдсан хүмүүсийн 47.1 хувь нь төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, 16.6 хувийг Хариу арга хэмжээний багт оролцож байгаа бусад салбарын алба хаагчид буюу онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд, 11.3 хувь нь үйл ажиллагааг нь тасралтгүй зохион байгуулах шаардлагатай аж ахуй нэгж байгууллагын алба хаагчид байна. Өчигдөр нийт 9470 хүнийг вакцинд хамруулсан.

Өнөөдрийн хувьд улс болон хувийн хэвшилд ажилладаг эрүүл мэндийн байгууллагын ажилчид, үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах ёстой байгууллага, ААН-ийн ажилчидыг хамруулна. Эдгээр иргэдийг НЭМГ-аас хуваарь гаргаад тухайн байгууллага хэдний өдөр, хаана ямар цэг дээр очиж дархлаажуулалтад хамрагдахыг тухай бүрт нь хариу өгч ажиллаж байна. 

-Вакциныг 2 тунгаар хийж байгаа учраас эхний тунг хийлгээд халдвар авахгүй гэж ойлгож болохгүй.

-Вакцин оруулж ирэхээр хувийн хэвшлийн гурван компани хүсэлтээ ирүүлсэн. Одоогоор яриа хэлцлийн түвшинд явж байна.

-Эмнэлгийн яаралтай тусламж авах иргэнээс ПГУ шинжилгээ шаардахгүй бөгөөд тухайн эмнэлэг түргэвчилсэн оношлуураар оношлоод эмнэлгийн тусламжийг үзүүлэх зохицуулалттай байгаа.

-Манай улс эрүүл мэндийн болоод Дархлаажуулалтын тухай хуулинд заасан холбогдох журмын дагуу эдгээр вакциныг  яаралтай хэрэглэх горимоор Монгол Улсад хэрэглэх зөвшөөрөл бичиг баримтуудыг бүрдүүлсэн. Сенефарм үйлдвэрийн вакцин дээр  ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр холбогдох бичиг баримт, судалгаа шинжилгээний ажлыг үнэлж дүгнэж байгаа. Энэ үйл явцын дүнд гуравдугаар сарын эхээр зөвшөөрөл өгнө гэсэн учраас удахгүй шийд гарна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus