ЭМЯ: Улаанбаатарт 33, Төв аймагт 3 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Өмнөговь аймгийн Гашуунсхайт боомтод ажиллаж байгаа явуулын автолаборатори, УНТЭ, СХД, БГД-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораториудад нийт 6465 шинжилгээ хийгдсэнээс 36 тохиолдол шинээр нэмэгдлээ. Дотоодод халдвар авсан 2847 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3372 боллоо.  Үүнээс  82 хувь буюу 2765 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 177 хүн эдгэрч гарсан байна. 

Шинэ халдварын 33 нь Улаанбаатар хотод, 3 нь Төв аймагт бүртгэгдсэн байна.  Улаанбаатарт нийт 2512 тохиолдол боллоо. Сүүлд нэмэгдсэн тохиолдлыг дүүргээр хэлбэл ЧД-2, СБД-1, СХД-9, БГД-3, БЗД-8,  ХУД-10 тус тус нэмэгдсэн. Шинэ тохиолдлын 34 нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Эдгээр 34 хүний 26 нь анхны шинжилгээгээр илэрсэн, 8 нь хоёр дахь удаагийн шинижлгээгээр илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг тодорхойлох гэж байгаа хүмүүсийн байршлын хувьд СХД-ийн 18-р хороо, ХУД-ийн 15-р хороонд оршин суудаг хүмүүс байна.

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмэнэлэг, Завхан аймагт  нийт  591 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 3, хүнд 3, хүндэвтэр 54, хөнгөн 531 хүн байна.

Улаанбаатар хотод идэвхитэй 36 голом байна.

Төрийн ордны үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс халдвар илэрсэн нь үнэн. Тухайн хүнтэй холбоотой хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаад 80 хүнээс шинжилгээ авсан бүгд сөрөг гарсан. Хоёрдугаар төв эмнэлэгт мөн нэг тохиолдол илэрсэн. Эмнэлгээс шалтгаалах халдварын баг очиж түргэн шуурхай ажилласан. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Л.Энхсайхан: 150 мянган тун Астразенка, БНХАУ-ын Сенефарм вакцин 300 мянган хүн тун, ОХУ-ны СпутникV вакцин 10 мянган тун, нийт 460 мянган хүн тун вакцин байна. Дараагийн вакциныг авчрахаар  МУЗГ, ГХЯ, ЭМЯ, Сангийн яамд хамтран ажиллаж байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээгээр хамгаалагдана гэдэг нь ОУ-ын судалгаагаар тогтоогдсон. Энэ хүмүүс өвчлөлөө гэхэд 100 хувь хүндрэлээс сэргийлэх бөгөөд хөнгөн өвчилнө.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 20976 хүн вакцинд хамрагдсан.

С.Тайшир
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus