ЭМЯ: Нийт 8 тохиолдол нэмэгдэж,  нэг шинэ голомт илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх коронавируст халдварын мэдээг танилцуулъя. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 7 лаборатори, нийслэлд 13 лабораторид нийт  24803 хүнд шинжилгээ хийснээс 8 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн 2481 хүн байна.

Сүүлийн батлагдсан тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн. Таван тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Дүүргээр нь хэлбэл СХД-1, СБД-1, БГД-2, ХУД-1 тус тус нэмэгдсэн байна. Тандалтын шинжилгээгээр ойрын хавьтлын дөрвөн хүнээс илэрсэн. Нэг хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ нь шинэ голомт /СБД 27-р хороо/  бөгөөд банкны ажилтан байна. 

 Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн  2-р төвд нийт 665 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4,  маш хүнд 3 хүн байна.

ЭМЯ-ний хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр: 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 17 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 9 байршилд хамгаалалт гарсан.  СХД-ийн 4-р хороо Орчлонгийн 2-33 байр, 16-р хороо 26-р байр, БЗД-ийн 25-р хороо Хийморь 13-74Б байр, ХУД-ийн 15-р хороо Рапид харш 7-р байрны 1-р орц, 21-р хороо Үндсэн хуулийн цэцийн  481-р байр, 21-р хороо Буянт-Ухаа 2-1042 хотхон, БНД-ийн 5-р хороо 119-р байр 2-р орц, 6-р хороо 42-р байр 2-р орц, ЧД-ийн 4-р хороо 17-р байр 3-р орц тус тус хамгаалалтанд авсан байна. 

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus