М.Батчулуун: Миний амьдрал морьтой салшгүй холбоотой

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа мориор аялагч М.Батчулууныг урьж ярилцлаа.

 

-Эх орноо мориор тойрч аялна гэдэг гайхалтай байх. Та 10394 км замыг 188 хоногт мориор аялах санааг хаанаас яаж олсон юм бэ?

-Энэ аяллыг хийх санаа МУБИС-ийн аялал жуулчлал, газар зүйн ангийн  III дамжаанд суралцаж байхад анх орж ирсэн. Тодруулбал, аялал жуулчлалын лекц орох үеэр “Гарын таван хуруу” гэдэг баг монгол банхартайгаа дэлхийг тойрч яваад гэсэн ярианаас үүдээд Булган аймгийн нэг залуу “Тэгвэл монгол хүн байж морио унаад яагаад эх орноо тойрч болохгүй гэж” хэлсэн байдаг юм. Тийм санаагаар цуг суралцаж байсан нэг дамжааны хоёр найзтайгаа анх нийлж “Морьтон монгол” төсөл бичээд холбогдох байгууллага, Аялал жуулчлалын яам, дэмжих байх гэсэн хүн болгонтой уулзаж байсан. Тэгж явж байгаад тухайн үед Хөдөө аж ахуйн сайд, Жүдогийн холбооны ерөнхийлөгч байсан Х.Баттулгатай уулзах боломжтой болсноор анхны санхүүжилтээ шийдүүлж байсан юм.

Бид хүн очиж байгаагүй гоё гоё байгальтай газруудаар явах учраас телевизийн нэвтрүүлэг хийх ёстой юм байна. Мөн энэ сайхан үйл явдал, тэр сайхан байгаль ахуйг харуулах хэрэгтэй юм байна. Тиймээс зурагчин, телевизийн зураглаач хэрэгтэй юм байна гэж бодсоноор төслийг хэрэгжүүлэгч бид гурваас гадна энэ хүмүүс нэмэгдэж таван хүний бүрэлдэхүүнтэй болоод явж байсан. 2014 оны тавдугаар сарын 9-нд хотод нээлтээ хийж Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Овоотын отряд руу хөдөлсөн. Аялал маань тавдугаар сарын 15-наас Гурвантэс сумаас эхэлсэн байдаг юм.

Шалтгаан нь говь бол хавар өвс ургамал байхгүй. Моринд хэцүү, идэх юмгүй байсан. Гэвч хавар болоод зургаа, долдугаар сар гараад Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Алтай таван богдоор давж буцаад намар аравдугаар сард говь руу орж ирвэл байгаль цаг уурын хувьд тохиромжтой гэж үзсэн. Тиймээс Өмнөговиос эхлээд Баянхонгор, Говь-Алтай гээд нийт 15 аймгийн 88 сумын нутгаар 10394 км замыг монгол мориороо туулсан. Энэ хугацаанд 88 морь сэлгэж унаснаас аяллыг анх эхлүүлсэн нэг морь эх орноо тойрч ирж байлаа. Хавар гараад өвс ногоо муутай цагаар цагаан үсээ гээгээгүй гарсан морь 10400 км замыг туулж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ирж аяллаа дуусгасан.

-Гайхамшигтай шандастай морь байжээ. Аяллын үеэр сонин хачин явдал, морьтой давахад хэцүү газар тохиолдож байв уу?

-Байлгүй яах вэ. Алтайн өндөр уулсаар морьтой явах хэцүү байсан. Морио унаад явж байгаа бид яах вэ. Харин моринд зүдэргээтэй байсан. Нэг уулан дээр гарна, дахиад нэг уул залгах жишээтэй. Түүнээс гадна тэнд чинь хад чулуу, хайрга дайрга ихтэй. Морь улдана гэж хэцүү. Хамгийн гол нь бид чинь мориныхоо ул, нуруу турууг сайхан хамгаалж явах хэрэгтэй байлаа. Тэр үед ерөнхийдөө битүү чулуутай газар явж байсан учраас морио тахлаад явна. Сүүлдээ өөрсдөө тахаа хадаж сурсан. Хүн ер нь суралцаад явдаг юм билээ. Тухайн цаг үед яаж хурдан эргэлт хийж цаашаа яаж явах вэ гэдгийг сурсан. Тухайлбал, Хэнтийн тайгад явж байхад харанхуй болох гээд уулын модонд явж байхад чоно улиад л. Хоёр нь түрүүлээд явчихсан, гурав нь ард хоцорчихсон. Хурдан гал асаахгүй бол чоно орж ирэх гээд байдаг.

Тухайн үед замын хүмүүс, анчдаас сонсож байсан зүйл байгаа юм чинь. Эр хүн тайгад явахад ил, далд нэг галтай явдаг юм шүү. Ямар нэгэн байдлаар авч явж байгаа асаагуур, шүдэнз чинь бороо усанд норчихно. Тиймээс богцныхоо ёроолд гялгар уутанд нэг хоёр ширхэг шүдэнз хийчихэж байгаарай. Аминд ордог юм гэж хэлж байлаа. Тэгээд чоно улиад байдаг. Гал асаах гэсэн шүдэнз норчихсон. Тэр үед самбаачлаад далд хийчихсэн хоёр шүдэнз аминд орж байгаа юм чинь. Хэдэн талд хурдан гал асаагаад чоно дайжаад тал талд гарангуут хэдэн морио дунд нь оруулж ирээд аргамжиж, өөрсдөө галаа манаад унтах ч  юм уу тийм зүйл тохиолдож байлаа. Манай орны хүн очдоггүй хамгийн гоё газар бол Халх-Нөмрөгийн дархан цаазат газар гэж бий. Бид 6-7 мянган км газар явчихаад Дорнодын Халх голд очоод тэндхийн хилийн ангиас зөвшөөрөл аваад цаашаа явах ёстой байсан. Эх орноо тойрчихсон, моринд эрэмгий болчихсон залуус тэнд эрсдэлээ өөрсдөө үүрнэ. Үхсэн ч гомдолгүй гэж  өргөдөл бичээд гарын үсэг зураад хүний хөл хүрээгүй Соёлж уул руу явж байлаа. Хоёр бамбарууштай эм баавгайтай таараад сандарч байлаа.

-Одоо энэ аяллаа дахин хийе гэж боддог уу?

-Тийм бодол бий. бид аяллаас буцаж ирээд сургуулиа төгссөн. Тэгээд амьдрал дээр гараад хувь хувийнхаа замыг хөөгөөд явцгаасан. Харин миний хувьд “Морьтон монгол залуус” ТББ-ынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлээд явж байна. Одоо фэйсбүүкээр эвент зарлаад хийдэг болсон. Манай байгууллага 2015 оны тавдугаар сарын 9-нд анхны өдрийн морин аяллыг зохион байгуулж байлаа. Түүнээс хойш 5-6 жилийн хугацаанд 100 гаруй өдрийн морин аялал, холын морин аялал нийтдээ гадаад, дотоодын 10 мянга орчим хүнд морь унах, өдрийн морь уналга, морь унахын ач тус гэж юу байдаг. Эх орноороо морио унаад явах, адууны соёл гэж юу байдгийг сурталчлан таниулах олон аяллыг хийж байна.

Мөн 2017 онд Хэнтий аймагт болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд оролцсон. Энэ мэтээр адууны өв соёлтой олон арга хэмжээнд оролцдог.  Сүүлийн жилүүдэд Тэрэлжид төвтэй  төвлөрсөн өдрийн морин аялал хийж байна. Харин өнгөрсөн зун хойшоо машин, морь хосолсон аялал хийж Монгол шарын даваа гэдэг манай орны хамгийн хойд захын цэг рүү, Халх-Нөмрөгийн дархан цаазат газар, Нөмрөгийн гол хүртэл аялагчид авч явсан байна. Харин энэ зун Хөвсгөл нуурыг мориор тойрох аялал хийнэ. Хөл хорио тавигдаад ирэхээр өдрийн морин аяллуудаа хийх бодолтой байгаа. Мөн орон нутагт төрийн бус байгууллагынхаа салбарыг нээх талаар бодож, гоё санаанууд төлөвлөөд ажиллаж байна.

-Хүмүүст унуулах морьдоо хаанаас олж бүрдүүлж байна?

-Жуулчдад унуулдаг морь номхон байх шаардлагатай. Аялалд хамрагдаж байгаа хүмүүсийн дунд огт морь унаж үзээгүй хүмүүс ирдэг. Тиймээс морьтойгоо хэрхэн харьцах талаар заавар, зөвлөгөө өгнө. Мэдээж аялал зохиож байгаа хүний хувьд аюулгүй байдал чухал. Тиймээс учрах эрсдэлийг тооцоолдог. Харин морьдын хувьд манай төрийн бус байгууллага өвөлдөө оторлоод хавар авчирдаг морьдтой. Мөн морио унуулдаг ах дүү нар, найзуудтайгаа хамтраад морин аяллаа хийдэг. Түүнээс гадна нутгийн хүмүүст, жуулчдад унуулдаг морьдоо сургаад гаршуулчихсан, морьд нь номхорчихсон. Эмээлнээс авахуулаад аюулгүй байдлыг нь хангасан. Манайх байгуулагдсанаасаа хойш аялалд байнга хамрагдаж морь унасаар удирдах зөвлөлийн гишүүн болчихсон залуучууд бий.

Гадаадын жуулчдаас нэг жороо явдалтай морио унасаар байгаад худалдаад авчихсан солонгос ч хүн бий. Мориндоо өвөл өвс тэжээл авах мөнгө хүртэл шилжүүлдэг болчихсон. Мөн 2024 онд эх орноо тойрсны 10 жилийн ой болно. Энэ үеэр аяллаа дахин хийнэ гэсэн бодолтой байна. Гэхдээ анхны бүрэлдэхүүнээрээ биш Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс ч юм уу шалгуур маягаар аялагчид аваад 10 жилийн дараа манай орны зах хязгаар, алслагдсан сумдууд хөгжиж үү, байгаль цаг уурын хувьд ямар өөрчлөлт орсон байна гэдгийг харахаар өмнө нь явсан маршрутаараа явъя гэж бодож байна. Мөн эх орноо тойрсон аяллынхаа талаар тэмдэглэлээ сийрүүлээд  ирэх сарын сүүлээр “Монголыг тойрсон 188 хоног” гэж нэрлээд ном болгож гаргахаар бичиж байна.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Морин аяллаас гадна морин уралдаанд их дуртай болж сэтгэл зүрхээрээ орж байна. Хурд тал руугаа адуу үржүүлж байна. Хоёр жил хөдөө амьдарч, морь уяж үзлээ. Сагс тоглох дуртай, сүүлийн үед ном их уншиж байна. Бөх сонирхдог болохоор бөхийн тухай ном их уншина. Бөхийн тухай 100 гаруй ном надад бий.  1921 оноос хойш Монгол Улсын их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн гээд бөхийн талаар хэмжээндээ мэднэ. Ажил мэргэжлийн хувьд аялал жуулчлал, газар зүйн чиглэлээр төгссөн ч мэргэжлээсээ өөр ажил хийгээд явж байна. Ууланд алхана, янз бүрийн аялалд хамрагдаад явна. Чөлөөт цаг гарвал морь руугаа гүйгээд очдог. Дорнод аймагт миний гэсэн хэдэн адуу өсгөж байна. Энэ жил улс хувьсгалын 100 жилийн ой болно. Тиймээс тодорхой хэмжээнд морь уяж уралдуулах бодолтой байгаа. Харин загасчлах хоббитой.

Сүүлийн үед мундаг мундаг загасчилдаг хүмүүстэй ганц нэг газраар явж загас барих арга техник заалгаж байна. Дэгээ шидээд загасыг усны мандалд гаргаж ирэх тэр үе чинь кайфтай юм билээ. Гэхдээ буцааж усанд нь тавина. Усны мандал дээр дэгээ шидээд усны урсгал ширтээд, юм харж зогсоход сайхан мэдрэмж төрдөг. Бас сүүлийн үед сурын спортоор хичээллэж нум сум харваж байна. Өнгөрсөн зун Төв аймгийн Аргалант сумын баяр наадмын сурын төрөлд түрүүлсэн. Морьт харваагаар бас хичээллэж байна. Түүнээс гадна Архангай аймаг чинь бөхийн түүхэндээ улсдаа хамгийн их цолтой бөхчүүдтэй. Тиймээс ч  барилдах дуртай. Манай өвөө, аав чинь сумын заан хүмүүс. Би нэг овооны наадамд үзүүрлэж байсан. Тодорхой нэг 64 бөхийн барилдаанд түрүүлж байсан амжилтууд бий.

Сонирхуулахад цэргээс халагдаж ирээд байсан манай аавыг “Гарьд магнай” кинонд тоглосон аймгийн заан Орхонсэлэнгэ сумын наадмын гурвын даваанд амлаж авчээ. Харин манай аав сайн ч барилддаг хүн байсан учраас тонгорчихоод яваад өгч. Дараа нь Хөвсгөлийн Галт суманд сумын нэг заанд  далаа цөмөртөл сайн шидүүлэх хүртлээ нутаг хавиараа наадамд түрүүлж байсан юм билээ. Харин би чөлөөт, жүдогоор хичээллэсэн бол овоо амжилттай барилдах байсан байх гэж боддог юм.

-Хүнд ирээдүйн хүсэл мөрөөдөл гэж байдаг. Хийхийг хүсч мөрөөддөг мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Одоогоор аяллынхаа тухай номыг гаргах гээд зориод явж байна. Ерөнхийдөө морь, морин аялалтай холбогдсон, миний түүх, амьдрал чинь морьтой салшгүй холбоотой байх. Ирээдүйд  дэлхийн бөмбөрцгийг монгол морьтойгоо туулна гэж боддог. Мөн 2024 он гэхэд бүрэн цогц морин уналгын төвтэй болно гэж бодож байна. Хотын хүмүүс хүүхдүүдээ аваачаад өгөхөөр тэнд нь морь унуулж сургаад, гүү яаж саадаг, айраг цагаа яаж хийдэг ч юм уу. Тийм  гоё цогц морин уналгын төвтэй болохыг зорьж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.