Шүүхийн хууль хэрэгжиж эхэллээ

Парламент Шүүхийн багц хуулийг намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан. Тэгвэл хуулийн үйлчлэл өчигдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Өнгөрсөн хоёр жилийн  хугацаанд шүүх эрх мэдлийг зохицуулах хууль олон нийтийн  анхаарлын төвд байж ирсэн.  Тухайлбал, 2019 онд ҮАБЗ-ийн хэмжээнд хуулийн өөрчлөлтийг санаачлан, парламентаар батлуулж, хэрэгжүүлсэн. Улмаар эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ч шүүх эрх мэдэлтэй холбоотой заалт нэмэв. Түүний дараа Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэв. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ажлаа аваад удаагүй байхдаа Шүүхийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр хувилбараа оруулж байсан. 

Гэвч УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцээгүй, буцаасан.  Харин УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Шүүхийн багц хуулийг өргөн барьснаар, ийнхүү хэлэлцэж баталсан юм.  Шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчилж, хуульчлах вэ гэдэг нь мэдээж өргөн хүрээтэй асуудал байв.  Үүний хажуугаар улс төрийн эрх ашиг ч яригдаж байсан. Өмнөх хуулиар шүүх эрх мэдлийг  ҮАБЗ-ийн гурван гишүүн “атгаж” шинэ хонгил үүсч байна гэх асуудал яригдаж байсан.  Харин одоо эрх баригч нам өөрийн эрх мэдлийг бэхжүүлж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж эхэллээ гэх байр, суурийг ч зарим хуульч илэрхийлээд байна.  Ямартай ч эрх баригчдын хонгил нураана хэмээсээр баталсан Шүүхийн хууль ийнхүү хэрэгжиж эхэллээ. Баталсан хүмүүс нь л тэгж үзэж байгаа болохоос яг хонгил нурааж чадах эсэх нь бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчээ хэрхэн сонгохоос л эхлээд харагдана.  Удахгүй энэхүү процесс үргэлжлэх байх.

ХЗДХЯ: ИРГЭД ШУДАРГА ШҮҮХЭЭР ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Шүүхийн хууль хэрэгжиж эхэлсэн өдөр ХЗДХЯ-наас  мэдээлэл гаргажээ.  Ингэхдээ  хуулийн гол өөрчлөлтүүдийг  онцолжээ.

Нэгдүгээрт, шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоож байсан бол шинэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.

Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодорхой зохицуулж өгснөөрөө өмнөх хуулиас онцлогтой.

Гуравдугаарт, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргын зарчмаар байгуулах зохицуулалт бий болсон.  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн дээрх гурван гол зохицуулалтыг Шүүхийн тухай хуулийн төсөлд тодорхой болгон тусгаснаар мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай шүүх эрх мэдлийн тогтолцоог төгөлдөршүүлж, энэ нь иргэдийн шударга шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулна гэжээ.

 

Л.МӨНХ-ЭРДЭНЭ: ШҮҮГЧДИЙН УЛС БАЙГУУЛАГДЛАА

Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач, доктор

 

-Шүүгчдийн улс, шүүгчдийн төр байгуулах ажиллагаа хэрэгжиж эхэллээ.  Шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдал гэдэг хоёр тусдаа ойлголт гэхээсээ илүү нэг ойлголт. Уг ойлголт нь шүүх хэмээх байгууллагын бие даасан байдал гэхээсээ илүү шүүгчийн томилсон этгээдээс хараат бус байх, мөн хөндлөнгийн зүй бус, зохисгүй нөлөөллөөс хараат бус байх явдал. Шүүгч хараат бус бол шүүх, шүүлт бие даасан байна гэсэн санаа. Шүүхийн бие даасан байдал гэдэг нь ямар нэг шүүхийн нэртэй байгууламжаар хамгаалагдсан, халхлагдсан байдал огт бус. Хэрвээ тийм байгууламж үүсгэвэл, шүүх, шүүгчид тухайн байгууллагаас хараат болж хувирах. Тиймээс ч шүүхийг дүүрэг, тойргоор зохион байгуулж, шүүхийг, шүүгчийг бус харин шүүлтийг нь хянах давж заалдах, болон хяналтын шатны шүүхийг бий болгосон. Шүүгчид захирах, захирагдах ёсны тогтолцоонд байх ёсгүй. Тиймээс АНУ-ын Шүүхийн захиргааны алба (Administrative Office of the United States Court) нь шүүхийн захиргаа-үйлчилгээний алба. Энэ албанд шүүгчийг шилэх, сонгох, нэрлэх, томилох, огцруулахад оролцох эрх мэдэл байхгүй. Түүний зорилго шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, бүрдүүлэх явдал. Шүүхийг, шүүгчдийг захирдаг алба огт бус.

 

Б.ЭНХБАЯР: ШҮҮХИЙН ХАРААТ БАЙДАЛ ҮГҮЙ БОЛНО

УИХ-ын гишүүн, хуулийн төслийг санаачлагч

 

 1992 оны Үндсэн хуулиар бид хараат бус бие даасан шүүх байгуулахаар бичсэн.  Гэхдээ ердийн хуулиар энэхүү үзэл санааг амилуулахдаа өнгөрсөн хугацаанд хангалттай ажилласангүй гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг. Хүнээс, ердийн хуулиудаар Үндсэн хуулийнхаа үзэл санааг алдагдуулж, шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг ард иргэд ч, шийдвэр гаргах УИХ, Ерөнхийлөгч, шүүгчид өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Олон улсын хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь гашуун боловч үнэн юм. Бид шүүхийн энэ системийн гажуудал ердийн эм тариа, боолт хийгээд, тос түрхээд арилгахгүйгээр хүндэрсэн байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Энэ утгаараа шүүхийн хууль тогтоомжийг цогцоор нь өөрчилж, шинэчиллээ. Тиймээс энэ хуулийг шинэчлэлийг шударга ёсны хувьсгал гэж үзэж байгаа. Шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хуулиар засварлах алхмыг хийлээ. Гэхдээ энэ бол зөвхөн гараа. Одоо сайн хууль амилах эсэх нь хүнээс хамаарна. Тэр дотроо Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна. Бид хуулиа гаргахдаа тэдгээр шүүгчдийг хөтөч болгохын тулд ирээдүйгээ харж хийсэн. Бид өнгөрсөн рүүгээ биш, ирээдүйг харж хуулиа бичсэн. Одоо байгаадаа сайн дүгнэлт хийж, ирээдүйдээ цагаан жин татуулж, шударга ёсыг манлайлахыг зорьж энэ хуулийн шинэчлэлийг хийлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2021-03-02 06:39:58
    шүүгчээс гадна хуулийн цоорхой ашиглаж рнонг шийдүүлдэг хэсэг өмгөөлөгч нар байна шүү
  • Аль нь зөв юм ?? 2021-03-02 06:12:13
    Мөнх-Эрдэнэ ?? Энхбаяр ??