Шүүгч нартай холбоотой бичлэг цахим орчинд тавигдаж, Ерөнхий сайд коронавирусийн вакцины анхны тунг тариуллаа

Энэ сарын 23-наас Улаанбаатар хотод хөл хорио суларч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэе.


ЭНЭТХЭГ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭСЭН 150.000 ТУН ВАКЦИНЫГ ХҮЛЭЭН АВЛАА


Манай улс коронавирусийн эхний вакциныг хоёрдугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Оксфордын их сургуулийн эрдэмтэд АстраЗенека компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины уг хувилбарыг Энэтхэгийн "Serum" институтад үйлдвэрлэсэн юм.Ийнхүү Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150.000 тун вакциныг хүлээн авлаа.  


БНХАУ-ААС 300 МЯНГАН ТУН ВАКЦИНЫГ ХҮЛЭЭЖ АВЛАА


Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байна.
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ВАКЦИНЖУУЛАЛТ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХИЙГДЭНЭ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 23-ний өдрийн 11.40 цагт "Астразенека" коронавирусийн вакцины анхны тунг тариуллаа. Уг вакциныг БНЭУ-д үйлдвэрлэсэн бөгөөд манай улс 150 мянган тун вакцин авчирсан юм.  Түүний дараа Эрүүл мэндийн сайд Б.Энхболд мөн вакцин тариуллаа. Коронавируст цар тахлын вакцинжуулалтын ажил ийнхүү эхэлж, үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх юм.


ОРОН НУТГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ГУРАВДУГААР САРЫН НЭГНИЙ ӨДРӨӨС ХИЧЭЭЛЛЭНЭ


Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.

Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨӨРИЙН БИЕЭР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ОЧИЖ ТАЙЛБАР ӨГЛӨӨ


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө..
 

БИЧЛЭГТ ХОЛБОГДСОН КОМИССАР П.ЧУЛУУНБААТАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ


2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийж, 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн юм.
 

ХАЛ ЦЭРГҮҮД ШИНЭ ЦЭРГҮҮДЭЭ ДЭГЛЭЖ БУЙ БИЧЛЭГ ЦАХИМ ОРЧИНД ТАВИГДЛАА


Сүүлийн үед цэргийн алба хаагч нартай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Тухайлбал, Дорноговь аймгийн хилийн цэргийн 0129-р ангид хүн нас барсан гэх мэдээлэл энэ сарын 7-ний өдөр бүртгэгдсэн бол Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214-р ангид хөгжмийн дарга удирдаачаар ажилладаг албан хаагч амиа хорлосон гэсэн мэдээлэл мөн бүртгэгдсэн байна. Тэгвэл хоёрдугаар сарын 26-ны  өглөө цахим сүлжээнд хал цэргүүд шинэ цэргүүдээ дарамтлан, дэглэж буй бичлэг тавигдсан. Энэхүү бичлэгтэй холбогдуулан албаны хүмүүс тайлбар хийж тухайн бичлэг дээр гарсан үйл явдал үнэн гэдэг нь тогтоогдсон, зохих арга хэмжээг авч ажиллаж байна гэсэн юм. 


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus