Улсын Дээд шүүх Үндсэн хууль зөрчиж байна

Бусдын бурууг дэнсэлдэг шүүх өөрөө хуулийг ягштал мөрдөх ёстой. Гэтэл Улсын Дээд шүүх Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөөр жил гаруй болж байна.

Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар Улсын Дээд шүүхэд оногдсон эрх мэдэл байдаг. Тэдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг УИХ-д санал болгодог эрх мэдэл юм.

Явж ирсэн жишгээс харахад Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцэд харьцангуй улс төрөөс ангид, мэргэжлийн хүн нэр дэвшүүлж ирсэн. Тиймээс тэр гишүүд нь Үндсэн хуулийн Цэцийн арай дөнгүүр, итгэж болох гишүүд нь болдог. Ийм юм.

Гэвч 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын Дээд шүүх “солилгүй” өнөөдрийг хүрлээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын хувьд Москвагийн улсын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшижҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Ш.Цогтоо нь Воронежийн их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат хуульч, МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Сүхбаатар аймгийн  гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн референт, Удирдлагын хөгжлийн институтэд багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч, ГЕГ-ын дэд дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн профессор, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын  Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхээс нэр дэвшиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон.

Уг нь хугацаа нь дууссан энэ хоёр хүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс татах хуульд тодорхой заачихсан. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 4-т “...Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэчихсэн.

Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг санал болгох дээрх эрхийг нь Үндсэн хууль хийгээд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1-т “...Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль 3 дугаар зүйлд мөн “...Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гээд “...Цэцийн гишүүнээр томилох хүний тухай УИХ-д санал болгохдоо УИХ-ын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана” гээд нарийвчлан заасан байгаа юм.

Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч хурал товлон зарлаж, нийт гишүүдээр нэр дэвшигчдийг хэлэлцээд санал хурааж шийдвэрлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны арванхоёрдугаар сарын 26-наас хойш Улсын Дээд шүүх энэ асуудлаар хуралдах хуулийн шаардлага нь бий болжээ. Жил гаруй болов. Хурал товлогдсонгүй. Энэ асуудлыг хэн ч сөхсөнгүй өнөөдрийг хүрлээ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр улсын хувь заяа, улс төрийн зодоонд онцгой нөлөө бүхий шийдвэр хүлээсэн асуудлууд хуралдсаар байна. Удахгүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэдгээрт хугацаа нь дууссан хоёр гишүүн оролцох нь тодорхой. Улсын Дээд шүүх нь шийдэхгүй байгаа болохоос Үндсэн хуулийн Цэцийн буруу биш. Нэгэнт ийм байдал дээр Ш.Цогтоо, Д.Солонго хоёр “азны юм” гээд л дуугүй сууж байх нь ойлгомжтой юм.

Улсын Дээд шүүх ингэж Үндсэн хуулийн хугацаа нь дууссан гишүүдийг явуулж, шинэ гишүүдийг тодруулахгүй байсны төлөө хүлээх хариуцлага бас алга. Өмнө нь нэр бүхий Үндсэн хуулийн Цэцийн гишүүн ингэж хугацаа “завшиж” байсан тохиолдол бий. Гэхдээ ийм урт хугацаа биш. Харин энэ удаад Улсын Дээд шүүх нүд, чихээ таглаад жил гаруй суучихлаа. Сүүл рүүгээ “улс төр” болж харагдаад эхэллээ шүү.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-02-19 01:50:01
    Ялзарсан шүүх, шүүгч нар хирээс хэтэрч байна
  • Бат 2021-02-19 01:16:33
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна