
Украйн улсын нийслэл Киев хот нь 1500 гаруй жилийн түүхтэй хот юм. Түүх дурсгалын газар, эртний олон сайхан сүмүүдтэй тус хот нь Зүүн Европын аялахад тохиромжтой, хямд хотуудын нэгээр заавал нэрлэгддэг билээ.
-
Saint Sophia-гийн сүм
Гэгээн София сүм хийд нь 1037 онд баригдаж эхлэн ердөө гурван жилийн дотор байгуулагджээ. Сүмийг 1240 оны Монголчуудын болон 16-р зууны Польш-Литва улсуудын довтлогооноос болон хэдхэн удаа сэргээн засварлаж байсан тул Византийн анхны хэв маягаа өдийг хүртэл хадгалан үлдсэн байна. Гэгээ София сүм нь Киевийн дөрвөн замын уулзвар дээр байрладаг тул сүмийн цамхагаас Киев хотыг тольдон харах боломжтой.
-
Комфорт таун хотхон
Киевийн орон сууцны төсөл болох Комфорт Таун хотхон нь 2019 оны Дэлхийн архитектурын наадамд тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм. Comfort Town хотхон нь солонгын долоон өнгөт Lego тоглоомоос санаа авсан нийт 180 с орон сууцнуудаас бүрддэг байна.
-
Дэлхийн хамгийн гүн метроны буудал
Арсенална метроны буудал нь газраас 350 фут (105.5 метр) гүнд байрладаг тул дэлхийн хамгийн гүн метроны буудлаар нэрлэгддэг. Урсдаг шатаар зогсоол руу буухад ойролцоогоор таван минут шаардагддаг байна. Энэхүү станцыг 1960 онд барьж дуусгасан бөгөөд ойролцоох 18-р зуунд Оросын армийн үйлдвэрлэлийн байгууламж болгон байгуулагдаж байсан Киевийн Арсеналын үйлдвэрийн нэрээр нэрлэжээ.
-
Saint Andrew-ийн сүм
Киев дэх Saint Andrew-ийн сүм бол хамгийн гайхалтай Барокко урсгалын барилгуудын нэг юм. Түүний архитектур, хэв маяг үнэхээр өвөрмөц. Сүм хиймэл толгод дээр баригдсан тул Киев хотыг тольдон харах боломжтой.
-
Киевийн Печерск Лавра сүм
Печерск Лавра сүм нь 1051 онд байгуулагдсан олон жилийн түүхт байгууламж юм. Киевийн Печерск Лавра бол Киевийн Оросын эртний бөгөөд хамгийн алдартай Ортодокс сүм юм. Энэхүү сүм нь Юнескод бүртгэгдсэн цөөн сүмүүдийн нэг.
-
Киев хотын цэцэрлэгт хүрээлэн
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь Украины байгалийн нөөцийн сангийн гол хэсэг юм. Олон төрлийн ургамлаас гадна цэцэрлэгт байрлах 19-р зууны эртний ханын зургуудтай Гэгээн Жонасын Тринити хийдийг үзэх нь зүйтэй. Мөн янз бүрийн халуун орны цэцэг, какти, шүүслэг, далдуу мод бүхий үзэсгэлэнтэй хүлэмжийн цогцолбор бий.
-
The Motherland хөшөө
Днепр голын баруун эрэг дээрх The Motherland хөшөөн 102 метр өндөр бөгөөд хотын аль ч хэсгээс хөшөө харагддаг. Эмэгтэй хүнийг дүрсэлсэн энэхүү хөшөө нь нэг гартаа сэлэм барьж, нөгөө гартаа том бамбай барьсан байдаг. Энэхүү хөшөөний бамбай дээр гаран хотыг мөн Днепр мөрнийг алган дээрээ тавьсан мэт харж болно.
-
Майдан талбай
Киев хотын төв гудамж болох Крещатикийн талбайд байрлах Майдан хөшөө нь жуулчдын заавал очиж үздэг газруудын нэг юм. Хотын төв талбайн хувьд энд олон наадам, концерт, парад болдог. Амралтын өдөр бүр жуулчдад зориулан шоу болон олон үйл ажиллагаанууд тэнд зохиогддог.
-
Антоновын нэрэмжит нисэхийн музей
Киев хотын нисэх онгоцны буудлын хуучин терминалын хэсэгт байрладаг нисэхийн музей нь хотын төвөөс баруун өмнө зүгт хэдхэн км зайд байдаг. Нисэх онгоц техник сонирхдог хүнийн хувьд энэхүү музей диваажин мэт санагдах болно. Музей 2003 онд анх хүн онгоцоор ниссэний 100 жилийн ойд зорулан нээгдэж байжээ. Энэхүү музей нь дэлхийн шилдэг нисэхийн музейнүүдийн нэгд тооцогддог бөгөөд одоогоор 70 гаруй онгоц тэнд бий. Та Илюшин, Антонов, Сухой, Туполев, Яковлев, мэдээж Микоян-Гуревичийн дизайн товчоо (MiG) -ийн үйлдвэрлэсэн онгоцнуудыг ойроос харж онгоцны кабинд ч орж үзэх боломжтой.
-
Антонов нисэх онгоцны үйлдвэр
Дэлхийн хамгийн том онгоц болох АН-225 онгоцыг үйлдвэрлэсэн Антонов нисэх онгоцны үйлдвэр нь 1920 онд байгуулагдсан байдаг. Өнөөдрийг хүртэл олон иргэний нисэхийн зориулттай онгоцнуудыг зохион бүтээж үйл ажиллагаагаа тууштай явуулсаар байна. Та Антонов үйлдвэрт очсоноор нисэх онгоц хэрхэн бүтдэгийг мэдэж авахийн сацуу дэлхийн хамгийн том онгоц болох АН-225 мөн АН-124 Руслан онгоцуудыг ойроос харан зураг даруулах боломжтой.
С.Цанжид
Оллоо.мн