Бүх хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе!
Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр хоёрдугаар сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж, Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. 

Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. 

Өмнөд Европт Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг долдугаар сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин хоёрдугаар сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу энэ сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү, азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. 

Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь хоёрдугаар сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй/ байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг билээ. 

Хайрын үг, зурвас

Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас үүдэлтэй байна. Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л даа. 

Энэ өдөр дурлалт хосууд өөрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан үг, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хүндээ бичдэг. Дэлхий дахинаа зөвхөн Валентины өдөрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан үгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шүү дээ. 

Хайртай хүндээ сайхан үг хэлж захиа бичих гэж өөрөө оролдоод чадахгүй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг өдөр зүрхэлж хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлж, хайраа илчилж, хайртай хүнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хүсэмжилж чадах зориг хайрладаг ийм өдрийг бий болгосны нь төлөө дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.

Бэлэг

Валентины өдөр ихэнхдээ захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг байна. Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээ. Энэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.