
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол гардуулсан. Мөн Засгийн газар хуралдаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлын тоймыг хүргэе.
ОЮУ ТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм.
Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгууллаа.
ДОЛДУГААР САРЫН 10-НЫ ДОТОР ''ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ'' КОМПАНИЙН БАРУУН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙГ НҮҮЛГЭНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон.
Хуралдаанаар СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэхээр шийдвэрлэв. Долоодугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь 10 дугаар сарын 01-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байгаа гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах юм.
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭВ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болсон.
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР НЭГЭН ИРГЭН ӨӨРИЙГӨӨ ШАТААЛАА
Хоёрдугаар сарын 8-ны өдөр 13:00-14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн баруун хэсэгт нэгэн иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан. Таван литрийн "Вояж" цэвэр усны саванд хийсэн шатахуун өөр дээрээ асган шатаасан юм. Тухайн мөчид эргүүл хийж байсан цагдаагийн албан хаагч болон хажуугаар нь явж байсан 2 иргэн куртикээ тайлан дээрээс нь дарж галыг унтраах гэж оролдсон бөгөөд удалгүй цагдаа болон онцгой байдлын албан хаагчид ирж галыг унтраасан. Түргэн тусламж шуурхай ирсэн боловч тухайн иргэн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан. Яг ямар шалтгаанаар өөрийгөө ийнхүү шатаах болсон нь тодорхойгүй байгаа ч 34 настай эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан байна.
СЭЛЭНГЭ АЙМАГТ БУСДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ, БИЧИГ БАРИМТ АШИГЛАН ХАЛДВАРТАЙ ХҮН ОЧЖЭЭ
УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гарсан учраас аймгууд иргэдээ татах ажлыг зохион байгуулсан. Энэ дагуу Сэлэнгэ аймаг хоёрдугаар сарын 9-ний өдөр иргэдээ татаж хоёр автобусаар тээвэрлэсэн байна. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд очиж байгаа боловч сумын төвийн спортын ордонд нэгдсэн журмаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авах явцад иргэн иргэн А-ийн хариу эерэг гарсан байна.
Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцааж, хамт нэг автобусаар зорчсон 37 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан байна. Мөн тухайн автобусанд байсан 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан учир тэдгээр хүмүүсийг олж сумдуудад нь тусгаарласан байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХҮСЭЛТ ГАРГАЛАА
Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёрдугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ГАРГАСАН ХҮСЭЛТТЭЙ ТАНИЛЦАХЫГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ.
Х.БАТТУЛГА: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАН ХУРАЛДУУЛАХ АСУУДЛААР ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ХҮСЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.10/ УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хамтран ажиллахыг хүслээ.
Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Үүний хажуугаар улс төрийн хүрээний тодорхой бүлэглэл, түүнд хамаарах улс төрчдийн зүгээс явуулж буй хүний санаанд оромгүй, бохир, зохион байгуулалттай, үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээний увайгүй, бас болчимгүй улс төрийн үйл ажиллагаа улс орон, ард иргэдийн амьдралд дарамт нэмж мэдэхээр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.
Тухайлбал, шинэ он гарснаас хойших богинохон хугацаанд ганцхан өдрийн дотор Засгийн газрыг огцрууллаа, Улсын Их Хурлын гишүүн өлсгөлөн зарлалаа, Монгол Улсын маань иргэн, улс орны ирээдүй болсон нэгэн залуу төв талбай дээр өөрийгөө шатаан хөнөөлөө.
Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын гишүүдийг улс орон, ард иргэдийнхээ амьдралд анхаарч, УИХ-ын ээлжит бус чуулганыг дээрх асуудлын хүрээнд зарлан хуралдуулахад зохих ёсны дэмжлэгийг үзүүлэн, хуульд заасан боломжийн хүрээнд хамтран ажиллахыг хүслээ.
''ЦӨӨВӨР'' ХЭМЭЭХ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛ ГАРЛАА
Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгэн өнөө жил аргын тооллын 2021 оны 2 дугаар сарын 12-нд тохиосон билээ. Төмөр үхэр жилийн ерөнхий төлөвийг зурхайн шороон үхрийн зурлагаар зурахад залуус, дунд суудалтанд сайн, нялхас, түмэн олонд дунд, хөгшид, дээд суудалтанд муу жил гарах нь.
Төрийн хууль цааз хэрэгжихгүй, суларна. Сайн мэдээ нь улс орны эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их гарна. Ард олны эрүүл мэнд сайн, бие амгалан. Хот, суурин газарт галын аюул гарч болзошгүй. Хур элбэг буух тул газрын шим арвижиж, үр тариа, хүнсний ногоо сайн урган, хадлан бэлчээрийн гарц сайн гарна. Намар урт болж, хүн зоны буян хурж, мал, эд агуурс дэлгэрнэ хэмээсэн байна.
"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ"-Г НИЙСЛЭЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. 2021 оны хоёрдугаар 12-ны өдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа юм. Шинжилгээний сорьц тээвэрлэх автомашинуудыг мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байна. Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм.
С.Тайшир
Оллоо.мн