Болор чулуунд туссан сарны гэрэл буюу Ламжавын Мягмарсүрэн

Тэртээ 1980-аад оны үед манай яруу найрагт “Гал” хэмээх нэгэн бүлгэм мэндэлсэн гэдэг бөгөөд тэд зөвхөн урлаг, уран зохиол, гоо зүйн үзэл санаагаараа нэгдсэн залуус байсны нэг нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн буюу. Бүхий л зүрх сэтгэл, итгэл үнэмшил, нэгэн насны амьдрал, ер үнэтэй, цэнтэй бүхнээ яруу найрагт золин дуусахаар эргэлтгүй шийдсэн нь нэгэнт тодорхой болсон энэхүү үзэмж төгөлдөр хийгээд уулын савдаг лугаа эрмэг төгс, тэгсэн хэрнээ эгэлгүй цайлган сэтгэл үг бүрээс нь асгарсан «Шар Мийгаа»-гийн шүлгүүдийн монголын яруу найраг одоо дурсах цаг нь болсон. Сахал самбайндаа баригдсан, өмнөх зууны энэ хүмүүн бээр өөрийн аргих насыг “намрын будан залгилан хүлээсэн” хэмээх хэдхэн үгэнд нэн зохиролтойгоор нээснийг үзээд эрхгүй баяссан өөрийгөө яалтай. Түүнийг үзэлдвээс:

«Жимсний уруул шимэхэд жигтэйхэн халуун болоод амттай

Цэцгийн бэлхүүс тэврэхэд цэнгэлтэй болоод жаргалтай

Загас мэт булгиулан наадах навчисын завинаа хөлчүүрэхэд

Намрын будан залгилан хүлээсэн хүслийн хараацай жигүүрлэн наасмуй» (Мягмарсүрэн.Л. “Тэнгэрийн нүд” УБ. 2020. 48) гэжээ. Ухаарваас инаг залуу охины уруул хийгээд урин бэлхүүс, ал улаан өнгөт холбилзох завь лугаа нууцын орноо учралдваас ухаан санаа даруй будангуйран одохуй дор аргисан биеийн хараацай сэрмүй хэмээн салхин сарны явдлыг уран дүрслэлд далдлан уягч нь найрагч Л.Мягмарсүрэн бөлгөө гэж буух нь Д.Намдагийн “Шөнийн бороо”, Д.Нямсүрэнгийн “Арван хоёр үзэмж” лугаа дүйнэ. Түүний дорнолог нандин бичлэгийн аясыг мөшгөвөөс: 

«Юугаа бодож ертөнцийн аашинд би сэдхилээ үйнэм бэ?

Ерхөгт талын салхин бөн бөн аниртаа толгод үйнэ

Ерөөлөөр учирсан миний ла амраг сэдхилийн утсанд жин жин дуулна

Ер бусын гоо сэрэхүй байгалийн үзэсгэлэнд сэрж бийр будгаа нийлүүлнэ» (Мягмарсүрэн.Л. “Тэнгэрийн нүд” УБ. 2020. 48) гэх буюу басхүү:

«...Ээрэн нисэх хос хараацайн эрдэнийн халуун үүр

Энгэр цээжийг ороон цахилах холын борооны зурс зурсхийх гялбаа

Зууж нисээд үүрэндээ авчрах алтан өвсний үрийн салхин

Үзэсгэлэнт түүний уран удын найгах бэлхүүс намайг илбэн сэнгэнэж

Хас хөгжмийн аялгуу хаа холоос урин ирэх хаврын шувуудын нуур уснаа буун хөвөбэй...» (Мягмарсүрэн.Л. “Тэнгэрийн нүд” УБ. 2020. 50) гэнэ. Мөн:

«Намрын огторгуйд үүлс хөвнө

Насан хөлөг түүн лүгээ адил хөвөрнө

Тэнгэрийн унаа, сүнсний хөлөг хааяа нэг үүрсэнэ

Тэр өдөр хаа, хэзээ, хэдийд, юунд буйг хэлэхэд бэрх...» (Мягмарсүрэн.Л. “Тэнгэрийн нүд” УБ. 2020. 69) гэсэн бий. Мөнхүү дорнын аяст дүрслэлүүдээс амраг охин, аяст сэтгэлийн зурсхийх гялбаа, пийпаа хөгжмийн аялгуу хийгээд тэнгэрт дэвших өдөр хаа, хэзээ.., хэмээх жамын ухаарал тодрохуйяа сонгодог бичгийн хэлний ярууг нээж буйг энэхүү гуравхан жишээнд тулган хаясугай.

Дундад эртний Япон найрагчийн мэлхий ба цөөрмийн хайкүн дүрслэл нь Л.Мягмарсүрэн найрагчийн шүлэгт:       

«Алтан мэлхий мэт намрын навчис вааглан нисэлдэнэ

Аглаг ойн цөөрөмд ар араасаа дэвхрэлдэн бууна

Мөнгөн цар мэт сарны гэрэл асгаран дуулна

Мөрөөдөл болсон бүсгүйн нүд сэдхилийн нууранд тормойно

Ододын туяа навчисын алганаа шүүдэрлэн бууж анивчина

Ойн төгөл цөөрмийн уснаа гэрэлтэн гоо сайхныг илтгэнэ» (Мягмарсүрэн.Л. “Тэнгэрийн нүд” УБ. 2020. 53) гэж буусныг Явуухулан найрагч мэт тайлан үзвэл “Алтан мэлхийсээр өдгөө бичилдэн буй залуу яруу найрагчдыг, Аглаг ойн цөөрмөөр монголын яруу найргийг, Мөнгөн сарны гэрлээр туурвихуйн их эрх чөлөөг, Мөрөөдөлт бүсгүйн нүдээр өөрийн бичиж амжаагүй хамгийн сайн шүлгийг, Навчисын алганд шүүдэрлэн анивчих ододын туяагаар үе үеийн сайн шүлгүүдийг, Ойн төгөлөөр өөрийн уран бүтээлийг” тус тус төлөөлүүлжээ гэсэн деконструкци хийж болох билээ. Ямар ч яруу найрагчид бичиж амжаагүй шүлэг нь хамгийн төгс сайхан санагддаг тухайтад найрагч бээр:

«Бичсэн шүлгээс

Бичээгүй шүлэг минь

Амттай санагдаад

Би тэр л шүлгээ

Бичиж амжина уу гэж санагдаад

Буданд шингэх

Буцах шувуудын дуу

Сэдхилд дуслаад...» (Мягмарсүрэн.Л. “Тэнгэрийн нүд” УБ. 2020. 42) гэх буюу

«Бичээгүй шүлэг минь нэг л амьтай

Бийрийн минь үзүүрт нилбус дуслана...» хэмээн үдлээд буцах орчлонгийн жам хийгээд уран бүтээлчийн мөрөөдлөө нээснийг хэрхэн хайхралгүй орхих...

Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн “Урины шувуу” (1983), “Өдөр бүхэн шинэ” (1989), “Хас сар” (2006), “Манан дунд адуу янцгаахуй” (2006), “Алганы хээ” (2008), “Хөх дарс” (2009), “Хэлбэр үгүй” (2010), “Дотоод чинадын үзэгдэл” (2011), “Шөнийн өвс” (2013), “Тэнгэрийн нутаг” (2015), “Шүлгүүд” (2017), “Тэнгэрийн нүд” (2020) гэсэн яруу найргийн номууд хэвлүүлжээ.

«Арван хэдэн боть ном бичсэн хүн “юу ч бичээгүй” байх нь бий. Түүнчлэн ганцхан шүлэг оюуны томоохон өв үлдээдэг ч явдал байна. Би энд дэргэд маань байгаа ойрхоны жишээ хэлье. Л.Мягмарсүрэнгийн:

Болор чулуун туссан

Сарны гэрэл адил

Үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт тултал өргөж

Чамтай дэр хуваалцаж

Үсийг чинь илбэх хүсэлдээ хөтлөгдөн

Цонхны чинь доор

Тамхи татан татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж

Шөнийн харанхуйд уусан алдарнам...

хэмээх шүлэг бол 1980-аад он төдийгүй, ерөөсөө Монголын яруу найргийн модернизмын оргил. Манай яруу найрагт сэтгэлгээний цоо шинэ давалгаа орж ирэх мэт аяс үзэгдэж эхэлсэн тэр чухам л энэ шүлгийн өмнө өртэй. Уг шүлэг урт байх аа. Харин эхний энэ хэсэг л онцгой. Би цээжээр эшилж байгаа тул ганц зарим үг андуурсан байж мэднэ.

“Болор чулуунд тольдогдох сарны гэрэл адил үнэн, бас хуурмаг үзэсгэлэн гоог бишрэх” сэтгэлдээ хөтлөгдөн зогссоор байтал өдөр дуусч, “сүүдэр нь яруу найрагчаас уйдаад”, нэгэнт нөмөрсөн “шөнийн харанхуйд уусан” алга болж байна. Хүн өөрт байгаа бүхнээ өөрт байхгүйн золионд гээж дуусгадаг мэт...

Хамгийн гол нь манай яруу найрагт ийм гайхамшигтай шүлэг тун цөөн, өдрийн од мэт» (Аюурзана.Г. “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” УБ. 2002. 168) хэмээн зохиолч, яруу найрагч Г.Аюурзана түүний нэгэн шүлгийг үнэлэн бичсэн бий. Мөн судлаач доктор Д.Баттогтох «...Шүлэгт хоёр гэх бичлэгийг “хоёур” гэж зохиолч зориуд бичсэн нь учиртай. Тэрбээр шүлэгтээ “шүлгэс” гэж олны утгыг, нулимс-ыг “нилбус” гэж, дунд гэхийг “думд” гэж монгол бичгийн хэлээр бичсэнийг чамирхал, зөрүүдлэл гэж үзэж болохгүй, үг утгын дотоод чинадын нууцыг хадгалсан зохиогчийн өвөрмөц найруулга, шүлэгт хөг нэмсэн аялга, авианы өөрчлөлтөөр утга нээсэн урлах нэг эрдэм гэж үнэлүүштэй» (Мягмарсүрэн.Л. “Дотоод чинадын үзэгдэл” УБ. 2011. 7) гэсэн байдаг бол мөн судлаач Ц.Эрдэнэбат «”Тэнгэрийн нүд” хэмээх утга уянгын шинэ шүлгүүдээс бүрдсэн туурвил нь “Өвс” хэмээх тэргүүн бөлөг, “Чулуу” хэмээх дэд бөлөг, “Од” хэмээх төгсгөл бөлгөөс бүтэх бөгөөд ертөнцийн жам ёсыг бишрэн дагасан, хүний ёсыг хайрлан хүндэтгэсэн, төр нийгмийн ёсыг шинжин барьж бичиж туурвисан утгыг хурааж урлал эрдмийг зохилдуулан зохируулсан шүлэг найраг нь этгүүн эх газрын өвс, чулуу, эцэг тэнгэрийн од гараг хийгээд тэнгэр газрын савслаганд аж төрөх хүмүүний амьдрал үйлийн тухай өгүүлсэн бөгөөд нэгэн утгад авч үзвэл орчлон ертөнцийн учир шалтгаант амьдрал, хүний аж төрөхүйн үйлийн үрийн холбоог залган зангидсан бүтээл юм» (Мягмарсүрэн.Л. “Дотоод чинадын үзэгдэл” УБ. 2011. 4) гэж тодорхойлон бичсэн байдаг. Ингэлээ гээд яруу найрагч бээр хэзээ ч нэгдүгээр эгнээнд гарахыг хүсэж байгаагүй, зүгээр л яруу найрагтаа үнэнч үлдэхийг эрхэм болгосон нь түүний үнэн амьдарч яваагийн баталгаа. Өөрөөр хэлбэл тэр яруу найргийн замыг нэр алдар ба ашиг тусын тулд сонгоогүй, түүнгүйгээр байж чадахгүй болоод л сонгосон, эсвэл яруу найраг түүнийг сонгосон байх. Тиймийн учир:

«Хуучин сүмийн хонх уйтайхан жингэнэнэ

Хээрийн салхины аясаар хэт урьдын түүхийг хэсэг бусагхан өгүүлнэ

Сүмийн нуруунаа суусан хэдэн тагтаа гунигтайхан бөөвийнө

Сураг холын явдлыг хэлэх-ярихаас төвөгшөөсөн мэт нугдайна

Хувраг хүнээс дутуугүй сүсэг бишрэл дүүрэн ноомойно        

Хулширч одсон гунигт түүхийг гэрчлэхээс халширсан мэт хугдайна...» (Мягмарсүрэн.Л. “Дотоод чинадын үзэгдэл” УБ. 2011. 125) гэж мөнхүү:

«Шувууд үүрийн гэгээг урин залан жиргэн жиргэн шулганахуй

Үүр шөнө шувуудын дуугаар сэрэн сэрэн сүүмэлзэнхэн гиймүй

Навчсын шүүдэр мөнгөн туяа татуулан бөмбөрөн бөмбөрөхүй

Наран уулын чинад тэнгэрийн хаяанаас урган урган улайрмуй

Чухамхүү үлгэр эндээс эхэлж, жаргал эндээс л тунармуй» (Мягмарсүрэн.Л. “Дотоод чинадын үзэгдэл” УБ. 2011. 87) хэмээн шүлэглэсээр сууна буй.

Яруу найрагч Л.Мягмарсүрэнд нийтлэл тэмдэглэлийн аястай нэлээд бүтээлүүд бий, тэр нь түүний үндсэн төрх биш, бас үзэг нэгт нөхөд, уран бүтээлчдэд зориулсан олон бүтээлүүд ч бий. Тэдгээрээс дурдвал “Дашбалдан ахыгаа дурсахуй”, “Пунцагийн Бадарч абугайд”, “Ш.Чоймаа абугайд”, “Анд Жигжидсүрэнгийн Нэргүйд”, “Ц.Батбилэгт”, “Доктор Буянтогтоход”, “Доктор Жанчив агсны дурсгалд”, “Яруу найрагч Б.Хүрэлбаатар ахандаа”, “Нэрт судлаач тайж Чойжилжавын Билигсайхан ахын дурсгалд”.., гэсэн чамгүй урт жагсаалт ч хөвөрнө. Энэ бол алдаа нь ил, оноо нь далд түүний олонтойгоо явсных нь гэрч.

Манай яруу найргийн нэгэн сүмбэр оргил, найрагч Б.Явуухулан, нэрт орчуулагч, яруу найрагч М.Цэдэндорж нарт шавь орж монголын яруу найргийн ертөнц рүү ХХ зууны хоёрдугаар хагасын дунд үед орж ирсэн яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн дараагийн зууны эхний хагасыг туулан туурвисаар, алаг хорвоогийн найран дээр агсам тавьсаар л явна. Түүний яруу найргаас өөрийн ерөөл тавиландаа үнэнч байхуйн сайхан, сэтгэлтэй амьдрахуйн сайхан, их бодохуйн сайхан, насжихын сайхан, түмнийхээ дунд явахуйн сайхан мэдрэгддэг билээ. Үе үе уулзаад байхад үгүйлэгдэхгүй хүн гэж байдаг, бас нэг л өдөр дурсахгүй байхад нэр орж ирээд байдаг хүн гэж бас байдаг нь “Шар” хэмээх Мийгаа найрагч бөгөөд тэр хүмүүсийн дунд хүнээрээ үлдсэний учир, яруу найргаасаа сэтгэл урваагүйн учир монголын уран зохиолын түүхэнд өөрийн орон зайгаа эзлэн байсаар л байх болно.    

                               

Гунигт өдрийн гунигийг самнаж

Гоо охины өлмийд цэцгийн дэнлүү баримуй

Голт зүрхний хайраа нарны гэрлээр сүлж

Гоё сайхан дууны уянга эгшиг болгомуй

Сарны туяа дэрнээ асгарахад санааширч

Сайхан амрагаа нэт холоос санамуй

Хээрийн салхины анхилуун үнэрт өвсний түрүү согтож

Хэзээд мөнхөд хаврын урин зөөлнийг дуулмуй

 

Г.БАТСУУРЬ /Уран зохиол шинжээч/
2021.01.28

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Haramsaltai ni on chag harbasan sym sig  2021-02-08 09:21:24
    L.Myagmarsyren bol Yostoi bags aa gedeg hyn ni nert yaryy nairagch teriin soyorholt Nyambyygiin Nyamdorj yum!bid hoyor ter hynii sabi yablaa,Haramsaltai ni on c...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах