Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа хүргүүлж, БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын голомтын цар хүрээ тэлж, идэвхижилт өндөр байна. Өнөөдөр л гэхэд 61 тохиолдол шинээр нэмэгдлээ. Уг 61 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжилгээ, шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтлын эхний шинжилгээ болон халдвартай иргэдийн гэр бүлийн хавьтлуудаас илрээд байна. Иймд иргэд дор бүртээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амны хаалтыг тогтмол хэрэглэн гараа сайн угааж байхыг зөвлөж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ САНАЛАА ХҮРГҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хоёрдугаар сарын 1-ний өдөр албан бичгээр хүргүүллээ.

АЛБАН БИЧИГТ:

“Миний бие цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилгоор “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурал авч хэлэлцэхгүйгээр 2020 оны намрын ээлжит чуулганаа өндөрлүүллээ.

Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшдэг, их хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг болгох зорилго бүхий “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг удаа дараа өргөн мэдүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар дэмжүүлсэн боловч тухайн хуулийн төслийг эцэслэн батлах талаар Улсын Их Хурал өнгөрсөн 2 жил 3 сарын хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм, хязгаарлалтаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, нийгэм эдийн засгийн байдал эрс хүндэрч байгаа энэ цаг үед Улсын Их Хурал холбогдох хууль, тогтоомжийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шаардлагатай юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

БНСУ РУУ НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БОЛЛОО


Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо. Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна. Ингэснээр хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм.

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн: 

  • 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байна



ЭНЭ ОНД БАГТААН ТӨРИЙН 592 ҮЙЛЧИЛГЭЭГ  ''E-MONGOLIA.MN'' ЦАХИМААР ҮЗҮҮЛНЭ


Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болсон.

Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Цахим үндэстэн" цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд "Тоон бичиг үсэгтэн" арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ САР ШИНИЙН БАЯРААС ӨМНӨ БУЦААНА


Улсын онцгой комисс  хоёрдугаар сарын 3-ний өдөр хуралдан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ.

Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой. Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна. Эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна.

Хөл хорио тогтоох хүртэл хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээхтэй холбоотой цогц төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах юм. Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцаана.

Харин хөл хорио тогтоосноос хойш эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л Улаанбаатар хот руу ирэх, хотоос гарахыг зөвшөөрнө. Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын шийдвэрийг аймаг, сумдын удирдлагууд тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ёстойг Улсын онцгой комисс анхаарууллаа. Хөл хорио дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж хэвийн горимоор ажиллуулна.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.