Хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулахын тулд бид юу хийж чадах вэ?


Хорт хавдар нь Дэлхий нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж буй 10 зүйлийн нэг болоод байна. Жил бүр 9,6 сая хүн хорт хавдарын улмаас нас барж байна гэсэн тоо баримт байна.

“Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна. 

Хорт хавдар нь дэлхий дахинаа түүний дотор манай оронд ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай орны хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болсон хэвээр байна.

ДЭМБ-ын 2018 оны судалгаагаар 100 мянган хүнд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197,9 байгаа бол Монгол улсад энэ үзүүлэлт 229,2 байна. Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101,1 байхад манай улсад энэ үзүүлэлт 229,2 байна. Монгол улсын хүн амын нас баралтын 25 хувь нь хорт хавдрын шалтгаантай байна.

Эдгээр үзүүлэлтүүдээс харахад манай улсын хувьд хорт хавдарын өвчлөл дэлхийн дундажаас 1,2 дахин их, нас баралт 2,3 дахин их байна.

Тиймээс хорт хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх, оновчтой болгох нотолгоонд тулгуурласан бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлж ажиллах нь маш чухал юм. 

Хорт хавдрын 73 хувийг хянах, урьдчилан сэргийлэх боломжтой байдаг тэл эрт илрүүлэх асуудал хамгийн чухал юм.  Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг хийснээр хавдрын 10 тохиолдлын 9-өөс сэргийлж чадна.

 

Манай улсын хүн амын дунд 2019 онд 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнд: элэгний хорт хавдар 34%, ходоодны хорт хавдар 16%, уушиг гуурсан хоолой хорт хавдар 8%, улаан хоолой 6%, умайн хүзүүний хорт хавдар 5%, нийт хорт хавдрын 69 хувийг дээрх байрлалын хорт хавдрууд эзэлж байна.

100,000 хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл болон нас баралтын үзүүлэлтээр Увс, Говь-Алтай, Ховд, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт улсын дунджаас өндөр байна.  Элэгний хорт хавдрын 80.1 хувь, ходоодны хорт хавдрын 86.5 хувь, умайн хүзүүний хорт хавдрын 50.6 хувь нь өвчний хожуу буюу III, IV шатандаа оношлогдож байна гэсэн харамсалтай үзүүлэлт бий.

Хорт хавдар нас хүйс харгалзахгүй өвдөж байгаагаас хамгийн их сэтгэл зовоосон асуудал нь манай улсад 2019 онд 0-19 насны  122  хүүхдэд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба 58 хүүхэд хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд 10000 хүнд ногдох Хорт хавдарын нас баралтыг 8 хувиар бууруулахаар зорилт тавин бүх түвшиндээ ажиллаж байна. 

 

ХААН Банк Сан “Хавдрын эсрэг Үндэсний аян”-ыг 2011 оноос хойш 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж өнгөрсөн хугацаанд нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хугацаанд Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг эрт илрүүлсэн байна.    

Эрүүл байх нь бүтээмж,нийгмийн тогтвортой байдал,эдийн засгийн өсөлтийг бий болгож байдаг. 

 
Бусдад түгээх
  • gplus