Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-8

Монгол Улсын Төрийн тахилгат 10 хайрханы нэг Алтан Хөхий  уул  Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан оршдог.  Нийт 90.735 га газрыг хамран сунаж тогтсон, үзэсгэлэнт байгальтай  бие даасан том нуруу юм. Далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000 метрт оршдог. Хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхийн уул нь 3350м өндөрт өргөгдсөн байдаг. Нутгийн иргэд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш тахиж ирсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэнээс үзвэл  хамгийн эртний тахилгат уулын нэг юм.  Социализмын он жилүүдэд сүсэг бишрэл, тахилга шүтээнийг болиулсан ч мянгадууд нууцаар  тахиж байсан мэдээлэл  байдаг. 1990 оноос монголчууд үзэл суртлаас ангижирч 2005 оны эхээр Ерөнхийлөгч Н.Багабандид хандсанаар Төрийн тэргүүн зарлиг гаргаж Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай  болгосон юм.  Эко системийн  хувьд тун өвөрмөц, Монголд  төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн амьтад,  идлэг  шонхор, ямаан сүүлт нугас, борцгор хотон, жороот тоодог шувуу, Азийн шар минж, хадны суусар, зэгсний гахай, Алтайн хойлог, гургууль, хулан жороо зэрэг ховордсон амьтдыг хамгаалах зорилготойгоор 2010 онд улсын  тусгай хамгаалалтад авсан. Ан амьтдаас гадна ургамлын ховор төрөл зүйлүүд, мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтан гагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Иймээс дээрх тусгай хамгаалалтад авсан газар дээр нэмж   Мянгад сумын газар нутгийн зарим хэсгийг   2020 онд өргөтгөлөөр тусгай хамгаалалтад оруулах асуудлыг УИХ шийдвэрлэсэн.  Хэдий ийм боловч  харамсалтай нь зарлиг, тогтоол хоёр алтны эрэлчид, ашигт малтмал олборлогч уул уурхайхны савраас хамгаалж чадсангүй. Мянгад сумын газар нутгийн 80 хувь нь лицензэд эзлэгдсэн. Тэр дотроо монголчуудын, Ховдын мянгад түмний шүтээн уул Алтан Хөхий, Баян харыг тойруулан   уул уурхайн 16 лиценз байсан бол өнөөдөр нэмэгдсэн үү гэхээс хасагдсангүй. Түүнчлэн  Халзан бүргэдэй хэмээх газрын  ховор элементийн орд бүхий ууланд ч уул уурхайнхан  2000 оноос  эхлэн эзэн суугаад удаж байна. Халзан бүргэдэй уул ч гэсэн нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн шүтээн уулын нэг. Ховор элементийн ордоос гадна түүхийн үнэт дурсгал олонтой. ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгээс тус газарт хүрэл зэвсгийн үед хамаарах 60 гаруй булш, эд өлгийн зүйл олдсоныг бүртгэсэн байдаг.  Гэтэл Халзан бүргэдэй уул тал талаасаа ухуулж төнхүүлсээр өдгөө  өрмийн 160 гаруй цооног бүхий   нүхэн уул  болсон. Иргэд шаардлага тавихаар “Ховор элементийн судалгаа хийж байна” гэж хэлдэг. Ачир дээрээ уул уурхайн үйл ажиллагаа явуулаад байдаг. Ховор элементээс гадна эд өлгийн зүйл, түүхийн ховор   дурсгал тоногдсон байж болзошгүй юм.  Хамгийн сүүлд тус газарт  “Монголиан нэйшнл рийр ийрт корп” гэх компани хайгуул явуулж,  түүний шууд буюу шууд бус удирдлагад  гурван  охин компани орсон, нийтдээ зургаан компани урт хуга­цаагаар зөвшөөрөл авсан асуудал яригдаж байв. 

Мянгад суманд лицензийн дарамтаас гадна  бэлчээрийн даац хэтэрсэн нь нэрмээс болж байгааг малчид хэлдэг. Иймд Монголын төр уул уурхайн зөвшөөрлүүдийг цуцлахгүй бол төрийн тахилга  хийлгэхүй гэж  нутгийн малчин иргэд 2010 онд шаардаж  байсан удаатай.  Улмаар  тухайн үед  УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэлд “Төр уул уурхайн  компаниудаа сонгох уу. Төрийн тахилгаа сонгох уу” гэдгийг харж, хүлээж байна гэдгээ уламжилж байсан гэдэг. 

Өдгөө Мянгад сумын нутагт ашигт малтмалын   хэчнээн зөвшөөрөл байгааг  аймаг, сумынх нь удирдлага мэддэггүй хэмээн ярьж байна. АМГТГ-аас өгчихдөг, нэг мэдэхэд уул уурхайн компанийн мэдэлд очсон байдаг гэнэ. Ховд аймгийн үе үеийн ИТХ-аас уул уурайн зөвшөөрлийг  хүчингүй болгох  санал илгээдэг ч тэр  нь ёс  төдий. Араас нь асууж сураглаж, асуудал болгож олон нийтийн анхааралд хүргэх талаас хичээдэггүй. Орон нутагт эрхээ хэрэгжүүлж байгаа холбогдох албан тушаалтнууд нь Мянгад суманд уул уурхайн хэчнээн  компани бүртгэлтэй талаар мэдэхгүй. Мэдэж байгаа нь хэлэхийг хүсэхгүй. Орон нутгийн удирдлагад байсан зарим албан тушаалтнууд өөрсдөө холбоотой  гэх мэдээлэл дуулдаж байгаагаас ийм дүгнэлт хийж болох юм. 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт хөл тавьсан алтны эрэлчдийн эхэнд  “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын нэр дурдагддаг. Тэрээр тус сумын  Баянбулаг багийн нутаг дахь Баян хар хэмээх газарт өөрийн эзэмшлийн “Их үүсгэл” компанийн  охин компани  болох  “Дорнын шим” компанийн нэрээр   хайгуул эхлүүлж,  иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч “Алтай бидний шүтээн” ТББ-аас хөдөлгөөн өрнүүлж  байв.  Өрөмдлөг хийсэн газрууд нь  Мянгад сумын Баянбулаг багийн  малчид олноороо  нутагладаг бэлчээрийн “нүд” газар, хэдэн үеэрээ  өвгөд  дээдсээ нутаглуулж ирсэн “хориг” бий.  Үүнээс гадна  түүх, соёлын дурсгалт зүйл олонтой  нутаг. “Дорнын шим”-ийнхэн хэзээ зөвшөөрөл авсан нь тодорхойгүй байсаар  нутгийн иргэдэд мэдэгдэлгүй гэнэт ирж хайгуул эхлүүлж өрөмдлөг явуулсан  байдаг. Ухсан газрын хөрсийг нөхөн сэргээлгүй орхисон нь өдгөө эдгэж амжаагүй. Нүх, жалга олонтой, малын бэлчээр их хэмжээгээр сүйджээ. 

Тухайн үед тус сумын удирдлагууд   ч хайхрамжгүй хандсан байдаг. Тухайлбал, нут­гийн малчид иргэдийг мэдээл­лээр хангах, компани болон  иргэдийн хооронд уулзалт  хэлэлцүүлэг  хийгээгүй. Иргэдийнхээ саналд тулгуурлаж  шийдвэр гаргах, хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах, шаардлага тавих эрхээ хэрэгжүүлээгүй. “Компани нэгэнт лиценз  авчихсан болохоор бид оролцох эрх байхгүй”  гээд гараа хумхиад сууцгааж байсан. Тэр бүү хэл сумын ой тэмдэглэх нэрээр уул уурхайн компаниудаас “мөнгө авч амаа үдүүлсэн”  гэх яриа гарч байв.  Тэгвэл өнөөдөр аймгийн холбогдох албан тушаалтнууд мөн л ийм үг хэлээд сууцгааж байгаа юм. Харин  Мянгад сумын ИТХ, Засаг дарга нар руу утас цохисон боловч холбогдсонгүй. Сумын Засаг дарга М.Баатар эргэж хариу өгье  гээд мэдээлэл өгсөнгүй.  Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч түр зогссон, ирээдүйд уул ууррхайн ажиллагаа явуулахаар зэхэж лицензээ авсан сунгуулсан  хэчнээн компани байгааг  заавал хариулаарай, М.Баатар дарга аа гэдэг үгийг  энхүү нийтлэлээрээ  дайя. Монгол төр уул уурхайгаа сонгох уу, Төрийн тахилгатай уулсаа хамгаалах уу гэдээ ялгаж салгах цаг нь болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ч.Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2021-02-03 16:01:09
    Лицёнзийг бүрмөсөн зогсоогооч,төсөвт хэдэн төгрөг оруулахаас илүү түүхийн ховор дурсгал, онгон байгаль сүйдэж дууслаа.Үрхойчдоо юуч үлдээж чадахгүй нь төр минь...
    66.181.189.198
    Мэдэгдсэн Хариулах
  •  2021-02-03 13:01:00
    уул уурхай ихсээд сайжирсан юм юу ч алга.
    192.82.72.128
    Мэдэгдсэн Хариулах
  • ali nam ni olgoson bol?.... 2021-02-03 09:04:20
    ene lezenchyydiig hen olgosniig ni todorhoi bolgyyl?.....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөнх 2021-02-03 10:08:30
      Хэн олгохыг хайлтгүй, улс болно гээд олгодог юм.
      202.126.90.53
      Мэдэгдсэн Хариулах
    • Мөнх 2021-02-03 10:06:58
      Мухар сүсэгтэн тахилга ч гэх шиг улс орон хөгжихийн тулд уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй , алтан дээр сандайлсан гуйлгачин шиг амьдрах юм уу. Гол нь хариуцлага.
      202.126.90.53
      Мэдэгдсэн Хариулах