Ц.Элбэгдорж: Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байх ёстой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ сайд нар томилох болон УИХ-ын намрын чуулганы үеэр голлон анхаарах зарим асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай өчигдөр уулзаж чиглэл өглөө. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцсон юм.
 
“Давхар дээлгүй” сайд Засагт ажиллах ёстой гэв

Ерөнхийлөгч уулзалтын үеэр хоёр бүлэг зүйлийг онцолсон юм. Нэгдүгээрт, Засгийн газ­рын шинээр томилуулахаар оруулж ирэх сайд нар УИХ-ын ги­шүүн биш байх тухай байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэсэн чиглэл өгөв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа гэж бүлгийн дарга С.Бямбацогт сая хэллээ. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг харахад долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сай­дыг шинээр томилох тухай асуу­дал яригдах юм байна.

Хариуц­лагатай холбоотой асуудал, бие биедээ хяналт тавих боломжийг бид нар энэ цаг мөчөөс эхэлж бүр­дүүлэх хэрэгтэй. Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын ги­шүү­­нийг Засгийн газрын ги­шүүнээр давхар томилдог явд­лыг зогсоох хэрэгтэй. УИХ дээр яригдаж байгаа үндсэн чиг үүр­гийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэсэн асуудлыг би тийм байх шаардлагагүй гэж  үзэж байгаа. Миний оруулах хууль бол Засгийн газрын гишүүн болгон УИХ-ын гишүүн байх шаардлагагүй, энэ хоёр ажлыг хавсарч болохгүй гэсэн байр суурьтайгаар оруулна. Ганц­хан Ерөнхий сайд УИХ-ын ги­шүүн байна.

Би ч Ерөнхий сай­даар өмнө нь ажиллаж байх­даа УИХ-ын гишүүн биш бай­сан. Тэгж ажиллаж болдог. Ма­най зарим дарга нар хэвлэлд өг­сөн ярилцлагадаа “Байгаа хуу­лиараа явна. Түүгээрээ шийд­нэ” гэж хэлсэн байна. Бид одоо яг зарчмаа яриад энэ цаг мөчөөс эхэлж хэ­рэг­жүүлээд явъя. Ийм боломж бай­гаа. Энд бүрэн хаалттай юм уу, огт болохгүй хуулиар хо­риг­лосон зүйл байхгүй. Бүлэг дээр хуулиудтай холбоотой мэдээл­лээ хийгээд Засгийн газ­рын шинээр томилогдох ги­шүүн УИХ-ын гишүүн биш байх та­лаар бүлгүүд өнөөдрийн /өчигдөр/ дотор багтаж байр суу­риа илэрхийлээч гэсэн хүсэлтийг би тавьж бай­гаа юм.

Та бүхэн бүлгүүдээ ху­рал­дуулж энэ асуудлыг яриа­гүй нь яриад илэрхийлэх хэ­рэгтэй. Бүгдээрээ дахин да­хин ярилцаад шийдье. Нэмж хэ­лэхэд шинээр томилогдох сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай асуудлаар на­дад УИХ-ын дарга, Ерөнхий сайд­тай ч ярьсан зүйл бий. Тийм уч­раас “Энэ бол Ерөнхий сай­дын эрх мэдлийн асуудал. Орж ирэхээр нь ярья” гэсэн янз бүрийн өнгөлөн далдлалт хэрэггүй. Бүлгүүд үүн дээр албан ёсныхоо байр суурийг илэрхийлээрэй. Бүлгүүд байр сууриа илэрхийлээд, Ерөн­хийлөгч энэ талаар ярьсан бай­хад Ерөнхий сайд ч шинээр оруулж ирэх Засгийн газрын ги­шүүдээ уг бодлогод нийцүүлж оруулж ирэх чиглэлд ажиллах бо­ломжтой” гэлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч байгаа хуулийн төслүүд

Ерөнхийлөгчийн хөндсөн хоёр дахь бүлэг асуудал нь энэ нам­рын чуулганы ач холбогдол бо­лон Төрийн тэргүүний зү­гээс анхаарч буй хуулийн төс­лүүд­тэй холбоотой байв. Ерөн­хийлөгч “Энэ удаагийн намрын чуул­ган бол олон чухал асуудал ший­дэх маш их ач холбогдолтой чуул­ган. УИХ-ын үйл ажиллагаагаа та­лаасаа өнгөрч байна. Ерөн­хий­лөгчийн зүгээс анхаарч бай­гаа хуулиудаас та бүхэнд хэлье.

Өргөн барьсан хуулийн төс­лүүдийн хувьд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах ту­хай хуулийн төсөл гэж Ухаа­лаг төрийн тухай ярих үед гар­гасан төслийг өнгөрсөн нэг­дүгээр сард өргөн барьсан. Үүнийг хэлэлцэж баталж өгөх шаард­лагатай байна. Нийтийн сонс­голын тухай, Өрийн удирд­лагын тухай, Баялгийн сан­гийн тухай зэрэг хуулийн төс­лийг өргөн бариад байна. Энэ удаагийн чуулганаар Гэмт хэргийн тухай, Зөрчлийн ту­хай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту­хай зэрэг хуулийн төслүүдийг цаг гаргаж шийдвэрлэвэл зү­гээр. Өргөн барихад бэлэн бол­сон хуулиудын талаар бас мэдээлэл өгье.

Төрийн сонгогд­сон болон томилогдсон албан ту­шаалтны хариуцлагын ту­хай, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн зар мэдээний ту­хай, Төрийн буюу нийтийн ал­баны тухай зэрэг хуулийн төс­лийг өргөн барих гэж байна.  Өргөн барих гэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Иргэн харьяатын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Өмчийн эрхийн тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай, Бараа, үйлчилгээ худалдан авалтын тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулиудын төсөл эдгээрт багтаж байгаа.

Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл нь Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сангийн тухай гэсэн гурван багц хуулиас бүрдэж байгаа. Улстөржилт оруулахгүй тулд энэ багц хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан нь дээр байх. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг салгахтай холбоотой төсөл юм. Үүнийг УИХ батлаагүй. Тийм учраас үүнийг өргөн барихаар төлөвлөж байгаа” гэв.

Мөн гурван асуудлыг маш хурдан хэлэлцэж шийдэх хэрэг­тэй гэсэн юм. Нэгдүгээрт, өргөн бариад байгаа Сонгуулийн ту­хай хуулийн төсөл, Хөгжлийн бод­лого, зорилтын тухай хуу­лийн төсөл, үүнтэй уялдуулж Засгийн газрын бүтэц, бү­рэл­дэхүүний тухай хуулийн төс­лийг Ерөнхийлөгч, Засгийн газ­раас санал аваад өргөн ба­ривал зүгээр. Харин намрын чуул­ганаар ирэх жилийн улсын нэгд­сэн төсөв, Мөнгөний бод­логод хариуцлагатай хандаж ший­дэхийг хүслээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сэмбий 2014-10-09 04:32:01
    Өршөөлийн хууль яасан бэ Эбий
    146.185.31.213
    Мэдэгдсэн Хариулах