ЭМЯ: СХД-т үүссэн шинэ голомтоос 9 хүн, уул уурхайн ажилтнаас нэг илэрч нийт 35 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон, Дорнод аймгийн салбар лабораториудад  нийт 5433  хүнд шинжилгээ хийснээс 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 35 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжилгээ, шинээр бүртгэгдсэн хавьтлуудын шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна. СХД-ийн 21-р хорооны худалдааны төвөөс нэг тохиолдол нэмэгдэж түүний ойрын хавьтлын хүмүүст шинжилгээ хийхэд найман хүнээс халдвар илэрсэн. Ингээд шинэ голомт үүсэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"-тай холбоотой, ББСБ-тай холбоотой, гутлын цехтэй холбоотой, "Микс" пиццатай холбоотой, "Монос" эмийн сантай холбоотой, асрамжийн газартай холбоотой голомтууд  идэвхитэй хэвээр байна. Улаанбаатарт нийт 980 тохиолдол боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу уул уурхайн компанид ажилтай хүмүүс ээлж солихоор очсон. Замын пост дээр түргэвчилсэн шинжилгээ авахад нэг хүний хариу эерэг гарч PCR шинжилгээгээр баталгаажсан тул тусгаарлаж Улаанбаатар луу буцаан татсан байна.

Дотоодын нийт тохиолдол 1306 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1814 болж, 1358 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  443 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1,  хүндэвтэр 67, хөнгөн 375 хүн эмчлэгдэж байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus