ЭМЯ: 37 хүнд коронавирусийн халдвар илэрсний нэг нь амаржсан эмэгтэй байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон, Дорнод аймгийн салбар лабораториудад  нийт 11202  хүнд шинжилгээ хийснээс 37 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Уг 37 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжилгээ, шинээр бүртгэгдсэн хавьтлуудын шинжилгээ болон цэгүүд дээр шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна. Улаанбаатарт нийт 945 тохиолдол боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1271 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1779 болж, 1333 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  433 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 65, хөнгөн 366 хүн эмчлэгдэж байна.

Коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж цар хүрээ тэлэх хандлагатай болж байна. Мөн иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвдсөн хүмүүс байж болзошгүй. 2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 13 том голомт байна. Тохижилт үйлчилгээний копанитай холбоотой нийт 20 тохиолдол, БЗД-ийн 8-р хорооны "Х апартмент"-тай холбоотой нийт 11 тохиолдол, ББСБ-тай холбоотой нийт 24 тохиолдол,  гутлын цехтэй холбоотой 10 тохиолдол, БЗД-ийн 26-р хороо, БГД-ийн 12-р хорооны 19-р байр, БЗД-ийн 5-р хорооны 6-р байрны голомтуудад 40 гаруй тохиолдол, Микс пиццатай холбоотой 15 тохиолдол, асрамжийн газартай холбоотой 3 багш, 2 хүүхэд өвдсөн,үлдсэн 6 хүүхэд нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлалтад байна.

Дорноговь аймагт зам барилгын ажлаар очсон 12 хүнийг орох постон дээр зогсоож түргэвчилсэн шинжилгээ хийхэд нэг хүнийх эерэг гарсан бөгөөд шинжилгээ нь баталгаажсан. Энэ хүнийг постон дээр илрүүлсэн тул УБ-т авчирч эмчилж байна. Хамт явсан болон хавьтал болсон 20 гаруй хүний шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарсан. Мөн өчигдөр нэгдүгээр төрөхөд жирэмсэн эмэгтэй хэвтсэн. Урд өдөр нь шинжилгээ өгч шинжилгээний хариу гарахаас өмнө өвдөж хэвтсэн байгаа. Хариу нь эерэг гарсан учир тухайн эмнэлэгт тусгаарласан. Мөн ойрын хавьтал болсон болон эмч ажилтнуудыг тусгаарласан байгаа. Гэр бүлийн хавьтал 3 хүнийг ажиглан тусгаарах байранд тусгаарласан." гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus