УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж, шинэ Засгийн газар бүрдсэн долоо хоног
Сүүлийн үед коронавируст халдварын тоо эрс нэмэгдэж, сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байна. Иймд иргэд дор бүртээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг анааруулж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР 5 ХОНОГ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАВ

Нэгдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авахын тулд  өлсгөлөн зарлах болсоноо мэдэгдсэн. Тэрбээр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэж мэдэгдсэн.  

Ингээд  2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр  Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар Сүхбаатарын талбай дээр очиж уулзан өмнөх нэхэмжлэлийг сэргээх болсон гэдгийг дуулгаж, Оюутолгой төслийг сайжруулах ажлын хэсэгт албан ёсоор орж ажиллахыг хүссэнээр  УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоосон юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИГ ТАВЬЛАА


Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.1.7, 57.1.8 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.2, 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.5, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг,  113 дугаар зүйлийн 113.2.1 дэх заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус хэсэгчлэн хориг тавилаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хориг тавих гол үндэслэл:

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар УИХ-аас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна.
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” этгээд ажиллах боломжийг тусгасан нь зүйд нийцэхгүй бөгөөд тус байгууллагуудад эрх зүйн байдлаараа адил биш, ялгамжтай бүрэлдэхүүн ажиллахаар болж байна.
  3. Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл гэж үзэж байна.
  4. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгил байгуулах, түүнийгээ удирдах хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай байна.
  5. Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж ангилж буй нь буруу бөгөөд орон тооны гишүүн тул ямар нэгэн ангилалгүйгээр хэрэг хуваарилах журмын дагуу маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үүднээс Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдсоноор тангараг өргөх эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна.


НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ БУЦАХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО


Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан.

Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусны  зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж эмнэлэгт тусгаарласан.

Гарсан нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдрийн 00:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.

МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО


Нэгдүгээр сарын 27-ний өдрийн УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. Улмаар гишүүдийн олонхи буюу 87.9 хувийн  саналаар  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН  ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО


Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  нэгдүгээр сарын 29-ний өдөр танхимын бүрэлдэхүүнээ  УИХ-д танилцуулсанаар шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд болж, шинэ сайд нар УИХ-д тангараг өргөлөө.

Шинэ Засгийн газар бүтцийн хувьд 14 яамтай, тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23 агентлагтай, танхимын бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах юм.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.