
“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ны Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр (2021 оны 01-р сарын 28-ны өдрийн) Монголын Боксын Холбооны (МБХ) Удирдах зөвлөлийн хурлаар тус холбооны XIV дэхь Ерөнхийлөгчөөр сонгогдолоо. Т.Мөнхбаяр нь 2013-2016 оны хооронд Монголын Боксын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Шинэ Ерөнхийлөгч МБХ-ны тулгамдсан асуудал болох Ахлах дасаглжуулагчын сонгон шалгаруулалт, Хяналтын зөвлөл байгуулах, “ТОКИО-2020” Олимпийн наадмын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Бага хурал”-ийг зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдсэн анхны тушаалаа гаргалаа.
“ТОКИО-2020” Олимпийн наадам хүртэлхи энэ багахан хугацаанд яаж үр дүнтэй ажиллаж, амжилт гаргах талаар өөрийнхөө санаа бодлыг хуваалцлаа. Дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын үед тамирчидаа хэрхэн бэлдэх, Олон улсын уралдаан тэмцээн, Олимпийн эрх, Олимпийн наадамд амжилт гаргах талаар багтайгаа нягт хамтарч ажиллана гэдгээ хэллээ.
Тамирчид, дасгалжуулагч, клубүүдийн хувьд хамгийн их шаардлагатай Боксын сайн чанарын бэлтгэлийн иж бүрэн хувцас, хэрэглэл материал зэргээр нэн даруй хангах ажлыг эхлүүллээ.
МБХ-ны дэргэд Тусгай сан байгуулж түүгээрээ дамжуулан Ахмадууд, тамирчид, дасгалжуулагчид, шүүгч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж байх. Тамирчдын боловсрол, хүмүүжилд илүүтэй анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.
С.ЦОГ