ЭМЯ: Нийт 25 тохиолдол нэмэгдсэний нэг нь хүнс тээвэрлэлтийн жолооч байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул  Орхон аймгийн салбар лабораториудад  нийт 15202 хүнд шинжилгээ хийснээс 25 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Илэрсэн тохиолдлууд Улаанбаатарт бүртгэгдсэн. БЗД-ийн 8-р хорооны 120 хүнд шинжилгээ хийхэд  "X апартмент 1" байрны СӨХ-ны ажилтан 4 хүнээс илэрсэн. Батлагдсан тохиолдлын хавьталтай холбогдулан микс пиццаны газар ажилладаг хүмүүсээс шинжилгээ авахад 3 хүнээс илэрсэн. Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу хүнсний тээвэрлэлт хийсэн жолоочоос коронавирус илэрлээ. 23-нд шинжилгээ хийлгэж гараад 27-ний өдөр пост дээр хийсэн шинжилгээ эерэг гарч Дархан-Уул аймгийн лабораторид баталгаажуулсан байна.  Жолоочийг тусгаарлан Улаанбаатар хотод эмчилж байна. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд,  ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээ, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтаас хийсэн шинжилгээнээс илэрлээ. Улаанбаатарт ний халдварын тохиолдол 861 боллоо.

 Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 1187 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 8 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 1692 болж, 1244 хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  435 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 хүн эмчлэгдэж байна.

Завхан, Увс аймгийн постууд дээр шинжилгээ авахад  2 тохиолдол эерэг гарсныг баталгаажуулах шинжилгээний хариу гараагүй байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus